Монголыг МОНГОЛЧУУДААС илүү мэддэг ГАДНЫНХАН гэж байдаггүй

2018 оны 3 сарын 09

Гадаад хүн л хэлж байгаа бол тэдний зөв гэсэн хандлага түгээмэл болжээ

Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд “Силвер” нэртэй утаагүй зуух тараасан нь 2011 он. Бүх айл ийм зуух тавьчихвал хот тэр чигээрээ утаагүй болно гээд л мөн ч сайхан зүйл ярьж байлаа, тэр үед. Гэвч өнөөх төсөл ажил хэрэг болж чадалгүй тэгсгээд замхарсан. Шалтгаан нь өнөөх зуух гэр дулаацуулахын зэрэгцээ дээр нь хоол хийж болдоггүй байсан тул гэр хорооллынхон ойшоож үзээгүй хэрэг. Уг нь тухайн үед дарга нар зуух тарааж буй ажилтай газар дээр нь танилцаад явах үед иргэд үүнийг сануулан хэлж байв. Гэтэл төслийн менежер гэх гадаад эмэгтэй “Манай зуух ийм давуу талтай, утааг ингэж бууруулна” гэх ганц үгээ тоть мэт давтсаар байгаад өнгөрснийг сайн санаж байна. Үнэндээ тэр харь хүнд ил гал буюу зуухан дээрээ хоол хийж идэх монгол ахуйг ойлгуулна гэдэг амаргүй даалгавар байв. Өөрөө ч ойлгохыг хүсээгүй байх.

Гэсэн ч манай эрхэм дарга нар Монголын онцлогийг мэддэггүй гаднынхны заавраар зуух тарааж утаанаасаа сална гэж үзээд бүтэлгүйтсэн. Үр дүнд нь нэлээн хэдэн тэрбум төгрөг улсын төсвөөс дэмий урссан байх. Өөр нэг жишээ. Олон улсын валютын сангийн төлөөлөгчид Монголд ирж, заавар зөвлөгөө өгөөд буцсан нь саяхны явдал. Энэ үед сангийн нэгэн төлөөлөгч “Хүүхдүүдэд 20 мянган төгрөг өгөх хэрэг үнэхээр байна уу. Иймхэн мөнгө бодитой дэмжлэг болж чадах уу” хэмээн ярьж байсныг манай сэтгүүлч сонсчихоод гайхан толгой сэгсэрч байв. Үнэндээ тэдний хувьд арав хүрэхгүй ам.доллар хүүхдүүдэд сар бүр тараах нь утгагүй санагдах байх. Тиймдээ ч хүүхдийн мөнгө хасах санаачилгыг зоригтой гаргасан болов уу.

Гэтэл үнэндээ энэ мөнгө энгийн иргэдийн амьдралд ямар их дэмтэй байдаг билээ. Маш олон айлын амьжиргаанд хүүхдийн 20 мянган төгрөг асар их дэм болдог. Энэ бүхнийг дурдахын учир нь бид бодлогын чанартай томоохон ажил бүрээ гадныхнаар заалгах хэрэг байна уу гэсэн санаа илэрхийлэх гэснийх. Социализмын үед бид Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг бурхан мэт тахин шүтдэг байсан уламжлал өнөө ч өвлөгдсөн хэвээрээ байна. Гаднын мэргэжилтэн, олон улсын байгууллага гэвэл, ер нь гаднын гэсэн хаягтай л бол авралын элч мэт ойлгоно, хүлээж авна. Тэдний хийж байгаа үйлдэл хамгийн зөв, тэднээс гарч буй санаа хамгийн шилдэг нь. Бид ингэж л боддог. Гадаад хүн л хэлж байгаа бол гүйцээ. Тэдний зөв байж таарна гэсэн хандлага түгээмэл болжээ. Гэхдээ энэ дотор Монголд хэрэгтэй зүйл үнэхээр байна уу, заасан зөвлөсөн болгон нь Монголд нийцэж байна уу гээд ядаж эргэцүүлээд бодох хэрэггүй байдаг юм гэж үү, манайханд. Олон улсын валютын сангийн зөвлөх мэтийн яриаг сонсохоор үүнд эргэлзэх юм. Уг нь бид оюуны мундаг чадамжтай, сэтгэлгээний бядтай ард түмэн. Тэгсэн хэрнээ мундаг сайн мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсдоггүй. Өөрт долигонож, сайн бялдуучилсан нөхдийг л бодлого боловсруулж, шийдвэр гаргах түвшний ажилд томилно. Харин гаднын хүн л зөвлөж байвал сохроор дагах хэмжээнд хүрчихжээ. Одоо Монголд боловсрол, эрүүл мэндийн салбар хамгийн дампуу нь болчихсон гэвэл олон хүн санал нийлэх байх. Харин боловсролын салбарыг дампууруулсан хүчин зүйлийн нэг нь гаднын оролцоо гэдэг юм билээ. Манайхан нэг хэсэг Кембрижийн хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлнэ гээд баахан шуугив. Өчнөөн мөнгө зарцуулсан нь ч тодорхой. Тэгснээ дараа Монголд тохирохгүй юм байна гээд буцааж орхив. Үүнээс хэн хожив. Төсөл хэрэгжүүлсэн хэдэн нөхөд л байх. ЖАЙКА, КОЙКА байгууллагын шугамаар гээд өчнөөн төсөл хэрэгжсэн.

 

  • Социализмын үед бид Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг бурхан мэт тахин шүтдэг байсан уламжлал өнөө ч өвлөгдсөн хэвээрээ байна.
  • Гаднын байгууллагуудын хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр бүхэн үр дүнгээ өгдөг бол Монголын боловсролын салбар өдийд тэнгэр өөд цойлчихсон байхсан.
  • Заримдаа айлаас эрэхээс авдраа ухаж үздэг баймаар санагддаг.

Одоо алсын зайн сургалт гээд явж л байна. Хэрэв гаднын байгууллагуудын хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр бүхэн үр дүнгээ өгдөг бол Монголын боловсролын салбар өдийд тэнгэр өөд цойлчихсон байхсан. Харамсалтай нь үгүй юм даа. Үр дүнд нь Монголын бүхэл бүтэн үеийнхэн эрэмдэг боловсролтой болоод шувтарлаа. Мэдээж бид мэдэхгүй зүйлээ гаднынхнаас асуулгүй яахав. Шийдвэр гаргахдаа гаднын сайн мэргэжилтнүүдийн заавар зөвлөгөө, арга туршлагаас ч хуваалцах нь зөв. Гэхдээ тун, хэмжээг нь л тааруулмаар байгаа юм. Яагаад гэвэл бидний хооронд амьдралын хэв маягаас улбаатай сэтгэлгээний асар том зөрүү бий. Зуухан дээр хоол хийдэг тухай тайлбарлаад ойлгодоггүй эмэгтэй шиг. Хэдэн жилийн өмнө зуданд нэрвэгдсэн малчдад гаднаас баахан тусламж ирж билээ. Гэтэл дотор нь гоо сайхны бараа, ариутгалын бодис гээд элдэв төрлийн юм байв.

Энэ нь малчдад хэрэгтэй бодит тусламж мөн үү. Ариутгалын бодисоор малчид яах ч билээ. Уг нь ариутгалын бодисны оронд хэдэн дулаан нэмнээ хийгээд явуулсан бол жинхэнэ тусламж болох байлаа.

Гэхдээ тусламж явуулсан хүмүүсийг буруутгах аргагүй. Учир нь тэд Монголын нөхцөлийг мэдэхгүй шүү дээ. Монголын онцлогийг монголчууд бид өөрсдөө л ойлгоно. Харамсалтай нь бид гаднынхныг тахин шүтэж, улсын том бодлогоо хүртэл тэднээр заалгадаг боллоо. Олон улсын валютын сангаас ингэж зөвлөсөн гээд хэчнээн ч шийдвэр гаргав. Хүүхдийн мөнгө хасах, татвар нэмэх, тэтгэврийн нас нэмэх гээд явж өгсөн. Эцэстээ иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад аргагүйн эрхэнд заримаас нь буцаж байна. Харин зөвлөж байгаа нөхдүүд нь дээр дурдсан хэд шиг байна гэдгийг ойлгодоггүй л юм байх даа. Үнэндээ тэд Монголд хайртай дуртай, биднийг өрөвдсөндөө гар сунгаагүй. Өөрсдөд нь ямар нэг ач холбогдолтой, ашигтай тохиолдолд л гар сунгана уу гэхээс сайхан санасандаа тэгээгүй нь тодорхой. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай нэгэн ярилцлагадаа Монголын эдийн засаг маш цомхон сэргэх, муужрах нь амархан гэдгийг онцолсон байдаг. Бусад оронд санхүү эдийн засгийн хямрал урт хугацаанд үргэлжилж, хор уршиг нь маш их дарамттай тусч, том цохилт үзүүлдэг бол манайд өөр. Монголд дэлхийн хэмжээнд гарч байгаа шиг тийм айхтар хор хохирол учирдаггүй. Сэргэхдээ маш хурдан гэсэн үг. Харин бид жижигхэн эдийн засгаа өөд нь татаж чадахгүй, гаднын нөхдөөр улсаа удирдуулж яваа нь дэндүү харамсалтай. Яг үнэндээ Монголыг монголчуудаас илүү мэддэг гаднынхан хэзээ ч байдаггүй юм. Ядаж заримдаа айлаас эрэхээс авдраа ухаж үзэх шаардлага баймаар санагддаг.

 

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54694
0 эможи
keyboard_arrow_up