“Кореа эйр”, “МИАТ” хоёрын шулаанаас салах зам
Монголчуудын хамгийн түгээмэл зорчдог улсын нэг бол БНСУ юм. Тус улс руу агаараар зорчиход Солонгосын “Кореа эйр”, үндэсний “МИАТ” компаниуд үйлчилж байгаа билээ. Эдгээр компанийн нислэгийн тийз хоёр талдаа 1.2-1.4 сая төгрөгийн үнэтэй байдаг. Тасалбараа захиалах хугацаанаас хамаарч дээрх үнийн дүн хэлбэлздгийг аялагчид сайн мэднэ. Өчигдрийн байдлаар Улаанбаатар-Сөүл чиглэлийн нисэх онгоцны тийз гуравдугаар сарын 12-ныг хүртэл билетийн кассуудаар зарагдаад дууссан байв. Нислэгийн тоо цөөхөн, зорчих хүний тоо их байдаг болохоор авиа компаниуд аманд орсон тоогоо тулгасаар олон жил өнгөрлөө. Тэгвэл Монголоос гарангуут онгоцны билетийн үнэ маш хямд байдаг. Манайхны хошуураад байдаг Солонгос руу очих олон зам бий. Хойд хөршийн нутаг дэвсгэрээр дамжиж, Сөүлийн Инчоны нисэх онгоцны буудал хүрэх чиглэлийг энэ удаа сонирхуулъя.
ОХУ руу бид дөрвөн жилийн өмнөөс визгүй зорчдог болсон. Гадаад паспортынхоо хугацааг нягтлаад аялалдаа гарахад “Кореа эйр” болон “МИАТ-ын онгоцоор ниссэнээр хамаагүй хямд төсвөөр Инчонд буух юм байна. Тодруулбал, Улаан-Үүд, Эрхүүгээр дамжиж Сөүл хүрэх юм. Улаанбаатараас ОХУ-ын эдгээр хот руу автобус болон хурдны галт тэргээр зорчих хоёр зам байгаа. Эхлээд галт тэргээр зорчиход хэдэн төгрөг зарцуулахыг тооцоолж үзье.
Улаанбаатар-Улаан-Үүдийн чиглэлд хүүхэд 47 мянган төгрөгөөр, том хүн 77 мянган төгрөгөөр зорчдог байна. Энэ бол Монголын төмөр зам компанийн үнэ. Харин Оросын галт тэрэг үүнээс хоёр мянган төгрөгөөр илүү байдаг. Ингээд Улаа-Үүдээсээ Инчон хүртэл онгоцоор нисэхэд билетийн үнэ хоёр талдаа 15587 рубель. Өнөөдрийн ханшаар нэг рубель 42 төгрөгтэй тэнцэж байгаа. Ингээд бодохоор 650 мянган төгрөг болно. Энэ бол шууд тийз захиалах үнэ. Харин урьдчилж захиалбал нэг талдаа 4896 рубель буюу 205 мянган төгрөгөөс эхэлдэг байна. Улаан-Үүдээр дамжаад Сөүл ороод ирэхэд галт тэгрэгний хоёр талын зардал том хүн 154 мянган төгрөг. Үүн дээр тасалбарын 650 мянган төгрөгийг нэмбэл 804 мянган төгрөгөөр Солонгос руу явчихаад ирэх боломж байна. “Кореа эйр”, “МИАТ”-ын нислэгээс бүхэл бүтэн 600 мянган төгрөг хэмнэх юм.
Улаанбаатараас вагоноор Эрхүү хүрээд тэндээсээ Инчоны нисэх онгоцны буудалд буух бас нэг зам бий. Энэ маршрут нь Улаан-Үүдийг бодвол арай илүү үнэтэй, хугацаа их орно. Хурдны галт тэргээр Эрхүү рүү 24 цаг аялахад том хүн 118 мянган төгрөгийн үнэтэй. Эндээс Сөүл орох нислэг 3.40 цаг үргэлжлэх бөгөөд хоёр талын тийз 17592 рубель. Монгол мөнгөөр 740-өөд мянган төгрөг болно. Нийтдээ 970 гаруй мянган төгрөгөөр Эрхүүгээр дамжаад Сөүл ороод буцаад энэ замаараа Монголдоо ирчих нь байна. “Кореа эйр, “МИАТ”-ынхны хатуу тогтоосон тэнгэрийн үнэ Монголоос гарангуут хэд дахин хямд байдгийг эндээс харж болно.
Эх сурвалж: Өдрийн сонин