ХАВРЫН нэртэй өвлийн морин УРАЛДААН ирэх сард болно
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Өвөл, хаврын хурдан морины уралдааныг хориглох талаар Засгийн газрын хуралдаанд асуудал оруулж шийдүүлнэ” хэмээн саяхан л яриад явж байсан бол тун удалгүй УИХ болон ММСУХ-ны тэргүүн М.Энхболдын ятгалаганд орж “Өвөл хаврын морин уралдааныг шууд хориглох боломжгүй юм байна. Учир нь Монголын морин спорт, уяачдын холбооноос бүс, аймаг, сумдад хурдан морины уралдаан явуулахдаа тодорхой зохион байгууллалттай ажил хийж, бэлтгэл ажлыг сайн хангадаг юм байна. Тэдгээр нь хяналтаас гараад явчих магадлалтай гэж үзсэн учраас цаг агаарын байдлыг харж байгаад дулаахан өдрүүдэд хурдан морины уралдаан зохион байгуулахыг нь зөвшөөрсөн” гэсэн тайлбар хэлээд явж байгаа.
Саяхан л өвөл, хаврын хурдан морины уралдааныг эрс хориглоно хэмээж явсан Шадар сайдын энэхүү гэнэтийн эргэлтийг “УИХ-ын дарга М.Энхболд болон уяачдын ятгалганд автсан” хэмээн хүмүүс тайлбарлаж байгаа юм. Нөгөөтэйгүүр Шадар сайд Ө.Энхтүвшин УИХ-ын дарга М.Энхболдын фракцийн гишүүн тул даргынхаа татгалзах аргагүй саналыг хүлээн авсан нь ойлгомжтой юм. Үүний ч үр дүнд Засгийн газрын хуралдаанаар “Өвлийн уралдааныг хориглож, хаврын уралдаан явуулахыг зөвшөөрлөө” гэсэн хачирхалтай тогтоол гарсан нь ёстой л “Нүглийн нүдийг гурилаар хаасан” явдал болсон билээ. Засгийн газрын тэрхүү хачирхалтай тогтоолд “Хаврын хурдан морины уралдаанд 12-оос дээш насны хүүхдүүдээр морь унуулна” хэмээсэн тунхаглалын шинжтэй заалт орсон. Ингээд Засгийн газрын хуралдаанаас НҮБ болон Хүний эрхийн Үндэсний комиссын удаа дараагийн зөвлөмж, сануулгыг үл тоон “Хаврын нэртэй өвлийн уралдаан”-ыг явуулах шийдвэр гарсны дагуу “Дүнжингаравын хурд-2018” уралдааныг ирэх гуравдугаар сарын 11-нд Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд явуулахаар тогтоод байгаа юм. Мэдээж энэ уралдааныг явуулахаар Монгол Улсын Тод манлай уяачид ихээхэн лоббидож байгаа бөгөөд тэдгээрийн толгойд УИХ-ын дарга, ММСУХ-ны тэргүүн М.Энхболд зогсож байгаа нь тодорхой юм. Ийнхүү жилийн жилд бяцхан үрсийнхээ эрүүл мэнд, амь насаар дэнчин тавьдаг зэрлэг цэнгэл энэ удаа ч давтагдах нь тодорхой болов.
Эх сурвалж: 24tsag.mn
|