Хэвлэлийг хүчирхийлнэ гэвэл санасны гарз

2018 оны 2 сарын 09

Санхүүгийн хөшүүргээр саад тавьж, хэвлэлийн эрх чөлөөнд халдав Мөнгөтэй компани, мэдэлтэй шүүх хүч хавсран, хэвлэлийн эрх чөлөөнд халдлаа. Хээл хахууль, хэтэвчээр далайлгасан алтны тонуулчид ардчиллын үнэт зүйл болсон хэвлэлийн эрх чөлөөг хаан боогдуулж, иргэдийн мэдэх онцгой эрхэнд ноцтой аюул учруулж эхэллээ. Төв аймгийн Заамар сумын нутагт алтны олборлолт хийх тусгай зөвшөөрөлтэй “Уулс Заамар” компани Монголын орчин цагийн чөлөөт хэвлэлийн томоохон төлөөлөл, өдөр тутмын “Өнөөдөр” сонины үйл ажиллагаанд санхүүгийн хөшүүргээр саад тавьж, хэвлэлийн эрх чөлөөг нухчин дарахаар оролдож байна.

Манай улсын үржил шимийн өлгий Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Уулс Заамар” компани шүүхийн байгууллагатай хамтран “Өнөөдөр” сонины санхүүгийн эрх чөлөөнд хөндлөнгөөс халдаж, нэрийн дансыг нь хаажээ. Тэд Монголын хэвлэлийн эрх чөлөөнд халдаж, хэвлэл мэдээллийн салбарын хэвлэн нийтлэх, Монголын сая, сая уншигчийн мэдэх эрхийн өмнө бараан хөшиг татахыг хичээж байна. “Өнөөдөр” сонины 2017 оны аравдугаар сарын 27-ны дугаарт “Хайлааст багийнхан уух ус, гишгэх газаргүй болоход ойрхон байна” гэсэн гарчигтай нийтлэл хэвлэгдсэн юм.

Уг нийтлэлд нэгэн цагт эрдэс баялаг, байгалийн үзэмжээрээ гайхагдаж байсан Төв аймгийн Заамар сум өдгөө алтанд шунагч, олз хайгчдын хөлд сүйдэж, танигдахын аргагүй болтлоо доройтсоныг газар дээрээс нь сурвалжилга бэлтгэн, асуудлыг хөндөж, нийгэмд дэлгэсэн. Уг нийтлэлд дурдсанаар Заамар суманд ухаж, сэндийчээгүй хоёрхон газар л үлдсэн байна. Сумын иргэд Түмэнгийн дөрөлж, Өвөр наймган хэмээх газарт малаа бэлчээх болж. Яагаад гэвэл энэ бүсэд нэмж тусгай зөвшөөрөл олгосноор малчдын бэлчээрийг мөнгөтэй компаниуд булааж эхэлжээ. Алтны “Уулс Заамар” компанийн ашиглалтын зөвшөөрөлтэй талбай иргэдийн суурьшлын бүстэй давхцаж болзошгүйгээс уурхайнхан болон орон нутгийн иргэдийн дунд зөрчилдөөн үүссэн. Ингээд Заамарын иргэд гишгэх газар, уух усгүй болоход ойртож, нутаг заагдан хөөгдөхөд хүрсэн байна.

Хайлааст багийн нутаг, Туулын гүүр орчимд амьдардаг айлуудын суурьшлын бүс рүү уурхайн компанийнхан хүч түрэмгийлэн халдаж, эсэргүүцсэн өрх бүрт 500-900 мянган төгрөг өгөхөөр амласан болохыг ч нутгийн иргэд ярьж буй. Уул уурхай нь зөвхөн байгаль орчинд бус, иргэдийн эрүүл мэнд, амьдрах орчинд хэрхэн уршиг тарьдгийн тод жишээ Тоосон Заамарт нүүрлээд байгааг “Өнөөдөр” сонин хөндсөн юм. Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасгийн эмч нар тус сумын III багийн 520 иргэнийг үзлэг, оношлогоонд хамруулахад 400 гаруй нь тоосжилтоос үүдэлтэй амьсгалын замын өвчтэй болох нь тогтоогдсон гэх ноцтой мэдээлэл ч байна. Уул уурхайн балгаар Заамарын иргэдэд аюул занал учирлаа.

Мөнгө, эрх мэдэл иргэдийн мэдэх онцгой эрхэнд ноцтой аюул учруулав

Гэвч аймаг, сумын удирдлага иргэдийн эрүүл, аюулгүй орчинд санаа тавих нь бүү хэл, ганц ч үг ган хийлгүй, нүдэн балай, чихэн дүлий хэвээр өдөр хоногийг өнгөрүүлж буй нь харамсалтай. Харин тэдний өмнөөс байгаль эх, энгийн иргэдэд учирсан энэ эмгэнэлийг хөндсөнийхөө төлөө хэвлэл мэдээллийн байгууллага эдийн засгийн шахалтад ороод байгаа нь энэ. “Уулс Заамар”- ынхан эх дэлхий, энгийн иргэдээ өмөөрсөн “Өнөөдөр” сонины нийтлэлийн эсрэг зарга үүсгэсэн. Тэд 2017 оны арваннэгдүгээр сарын 16-нд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, тус сониноос 100 сая төгрөг нэхэмжилсэн юм.

“Өнөөдөр” сонин нь “Хайлааст багийнхан уух ус, гишгэх газаргүй болоход ойрхон байна” нийтлэлээ үнэн зөв гэдэгт эргэлзээгүй бөгөөд хуулийг хүндэтгэж, шүүх хурлын товыг хүлээж байжээ. Гэтэл нэхэмжлэгч тал шүүхтэй хамтран тус сонины санхүүгийн дансыг хаажээ. “Манай сонин хуулийг хүндэтгэж, заасан хугацаанд нь тайлбар, тодруулга өгсөн” хэмээн тус сонины Нэгдүгээр орлогч эрхлэгч Б.Номинтүшиг хэлж байна. Гэтэл шүүх хурал нь товлогдоогүй, зөв, буруу нь тогтоогдоогүй байхад түрүүлж шийдвэр гарган, аж ахуйн нэгжийн санхүүгийн эрхэнд нь халдаж болох уу. Тэгээд бүр манай шүүх уул уурхайн компанийн хэргийг хурдан шийддэг шигээ жирийн иргэдэд ингэж ханддаг бил үү.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд үндэслэн гаргадаг энэ шийдвэрийг хэрэгжүүлэхдээ “... арга хэмжээг авахдаа үйлдвэр, үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, орлого олох эх үүсвэрийг хаах үр дагаварт хүргэж болохгүй” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, санхүүгийн хөшүүргээр компанийн хэвийн үйл ажиллагааг хаан боогдуулахыг хориглосон байдаг. “Уулс Заамар” компанийн энэ үйлдэл нь хэвлэн нийтлэх эрхийг эдийн засгийн аргаар боох гэсэн оролдлогын маш тод жишээ гэж хэвлэл мэдээллийнхэн үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасан мэдээлэл хайх, олж авах, түгээх, олон нийт мэдээлэл хүлээн авах эрхийг ноцтой зөрчиж байгаа энэ мэт үйлдлийг даруй таслан зогсоох учиртай.

Эрүүл сэтгүүлзүйн хөрсийг мөнгө, эрх мэдлээр далайлгасан ухан сэндийчиж болохгүй. Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшил, ардчиллын үнэт зүйл болсон хэвлэлийн эрх чөлөө нь хэн дуртай тонуулчны халдаж, хэтэвчээрээ далайлган сүрдүүлж болдог хэврэг эд биш.

  • Уул уурхайн уршгийн тод жишээ Заамар суманд нүүрлээд байгааг “Өнөөдөр” сонин хөндсөн.
  • “Өнөөдөр” сонин нь нийтлэлээ үнэн зөв гэдэгт эргэлзээгүй бөгөөд хуулийг хүндэтгэж, шүүх хурлын товыг хүлээж байжээ.
  • Гэтэл шүүх хурал нь товлогдоогүй, зөв, буруу нь тогтоогдоогүй байхад шүүх түрүүлж шийдвэр гарган, аж ахуйн нэгжийн санхүүгийн эрхэнд нь халджээ.

Гэтэл мөнгөтэй том компаниуд шүүхтэй хүч хавсран хэвлэл мэдээллийнхний амыг барих гэсэн энэ мэт оролдлого сүүлийн үед даамжирч, улам эрээ цээргүй болж эхэллээ. Үүний цаана уншигч, үзэгч, сонсогч танд үнэн мэдээллийг хүргэхгүй гэсэн увайгүй ашиг сонирхол нуугдаж буй нь гарцаагүй. Хэвлэлийг боомилсон, хэн нэгнийг эрхшээлд оруулж, дохио зангаагаар удирдах гэсэн, сэтгүүлчдийг бичсэн нийтлэлийнх нь төлөө ямар нэгэн байдлаар эрүүгийн хэрэгт татах улмаар ялтан болгох гэсэн, хэвлэлийн газрын лицензийг төр хураах гэсэн оролдлогууд олон удаа давтагдах боллоо. Бүр цагаандаа гарч хаа хамаагүй хуульд ч хэвлэл мэдээллийг сүйрүүлэх, эдийн засгаар нь нухчин дарах гэсэн хатуу заалтуудыг оруулдаг болсон.

Эрх чөлөөг эрхзүйн хүрээнд тунхагласан Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөг хэн дуртай нэгэн хүчирхийлээд байдаггүй юм гэдгийг сэтгүүлчид “Уулс Заамар” мэтийн увайгүй этгээдүүдэд хатуугаар сануулж байна. Олон улсын “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагын 2017 онд танилцуулсан дүнгээр манай улсын хэвлэлийн эрх чөлөөний индекс есөн байраар хойшилсон. Энэ бол бидний хэвлэн нийтлэх эрх чөлөө хумигдаж буйн бас нэгэн ноцтой баримт. Өнгө, мөнгө, эрх мэдэлтэйдээ дулдуйдсан хэн боловч хэвлэлийн эрх чөлөөнд халдан нухчин дарах гэж оролдохыг бид хэрхэвч тэвчихгүй ээ. Хэвлэл мэдээллийг хүчирхийлнэ гэвэл санасны гарз.

Энэ нь зөвхөн сэтгүүлчдэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хамаатай асуудал биш. Уншигч таны мэдэх эрхэнд ч эрээ цээргүй халдаж байгааг мартаж боломгүй. Иймд хэвлэл мэдээллийн байгууллагууд төдийгүй иргэд ч мөнгө, эрх мэдэл, хуулийн аль нэг заалтаар сүрдүүлсэн үйлдлийг таслан зогсооход анхаарал хандуулан хамтран тэмцэх цаг болжээ.

Г.Байгал

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53632
0 эможи
keyboard_arrow_up