“АЛГАН БООВ”

2018 оны 2 сарын 07

...“Хууль байхгүй, хуруугаа өгөхгүй гээд хөндлөнгийн нэгэн маасайтал инээв. Худлаа ярьж байгаа юм хэмээн хажуугаас нэг нь хатгахад, нөгөөх нь Үнээн, үнэн үнэн гэж ноцтой царайлан шивнэв. Харин бусад нь чихээ бөглөж, нүдээ таглажээ. Үнэн, худлын дэнс хаашаа хазайх нь үнэндээ тэдэнд падгүй юмсанж. Монголын сэтгүүлчдээр овоглосон нэгдсэн эвлэл хэдхэн хоногийн дараа өрхийн тэргүүнээрээ өөрийг сонгох ээлжит их хурлаа зарласан. Тэргүүн солигдох сургаар энэ айлын үүд хаалга, ширээ сандлын өнгө өөрчлөгдөн алаглаж, өмнөх амьдралын хэв маяг нь орвонгоороо эргэн хөлбөрч байна.

Arslan.mn

Зочны өрөө гаднын хүнээр дүүрчээ. Нутаг ус, жалга дов, хот айлаараа хуваагдсан таних, танихгүй царай хойморт тухалсан харагдана. Гал тогоо бүр дэлбэрчихэж. Бэлтгэгч, аягалагч, зөөгч төдийгөөр хэмжигдэх туслахууд хөл толгойгүй хөлхөнө. Ахлах тогооч, гэрийн эзэгтэйн хяналт энд үгүйлэгдэж байна. Томчуудын яриаг сонирхон шохоорхох хүүхдүүд булангийн өрөөнөөс байсхийн булталзаж, байж ядан тэлчилнэ. Амттан өрсөн ширээ рүү нүд унаган, гар сунган загнуулна.

Эмх цэгц, ёс дүрэм, зах замбараа аль ч өрөөнд харагдсангүй. Тэнд өрх гэрийн хууль утгаа хэдийнэ алджээ. Зөвхөн дуу чанга, гар томтой нь л ихийг ярьж, илүүг зооглож байна. Бас хажуугаар нь бусдад чимх, үмхээр хишиг хүртээхээ мартсангүй. Үүдээр булталзах хүүхдүүдийг чихрээр угжиж саймширна. Үгэнд орно шүү хэмээн толгойг нь илж тал засна. Заримыг нь алган боов-оор мялааж үзэгдлээ. Угтаа энэ бүх үйл явц таны, миний, бидний, манай гал тогоонд, орон гэрт минь өрнөөд буй хэрэг.

Ингэхэд гэрийн эзэд хаачив? Хүний хүмүүс хойморт залран таахалзаж, атга чихэр, алган боов-оор ам таглахыг хичээж байгаа нь ердийн үзэгдэл мэт болох нь. Яагаад? Бидний хүч дорой, бүл ядмаг болохоор тэр. Ах дүү, анд нөхөд нь хэдийнэ эвдрэлдэн хагаралдсан. Доройтон хүчгүйдсэн энэ өрхийг эвлэлдэн зөвлөлдөж, нийлж нэгдэн өөд татах хүч байгаа ч хүсэл тэмүүлэл нь унтарчээ. Хамгийн гол нь, зарим маань ихийг ярьж, илүүг зооглодог танихгүй гийчдийн аманд орж, атганд багтсанд учир бий. Энэ бүхнийг харсаар суугаад, хаалгаа саваад хаяад гарчихаж болно гэж үү.

Цэгцээ алдсан гэрийнхээ төрхийг өөрчлөх боломж байгаа, бидэнд. Зуун жилийн түүхийг өгүүлэх энэ их айлын ноён нуруу, нэр хүнд, зангараг гэж бий. Тиймдээ ч, өнөөдрийг хүртэл хоосон хэдий ч тогоогоо, түлшгүй хэдий ч тулгын гурван чулуугаа арай л хагалуулж, тараалгуулчихаагүй байна. Гэхдээ яг өнөөгийн төрх, одоогийн өнгөөр бол манай авдар айлд очиход тун ойртжээ. Чухам энэ утгаараа дуугүй суух эрх бидэнд алга. Ёс зүйтэй, бие даасан, хараат бус, чөлөөт сэтгүүлзүйн цаашдын чиг, хэтийн хандлага зөвхөн энэ тогоонд хошуу дүрэх эрхтэй сэтгүүлч биднээс шалтгаалж байна.

БАЛДОРЖ шагналт сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53513
0 эможи
keyboard_arrow_up