Ерөнхийлөгч өө, би маргааш ч ЦЭРЭГТ явахад бэлэн
Хоёр сая төгрөгийн цалинг сар бүр өгвөл залуус албадуулах шаардлагагүйгээр сайн дураараа цэрэгт явах л болно. Хамгийн гол нь бүтээн байгуулалтаа түргэхэн эхлүүлмээр байна.
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдтэй хийсэн уулзалтынхаа үеэр цэргийн албыг гурван жил болгох, эрэгтэй, эмэгтэйгүй цэрэгт татах, тэднийг улс орны томоохон бүтээн байгуулалтад дайчлах боломжийн талаар ярьсан нь нэг хэсэгтээ л цахим ертөнцийн ярианы гол сэдэв боллоо. Дэмжиж байгаа хэсэг байхад бүтэхгүй санаа гэж шүүмжлэх нэгэн ч байна. Гэхдээ анзаараад байхад эсэргүүцэх хүн хавьгүй олон байгаа бололтой.
Ер нь энэ бол сая л яригдаж байгаа цоо шинэ санаачилга биш л дээ. Цэргүүдийг бүтээн байгуулалтад оролцуулах тухай өмнө нь яригдаж л байсан. Бүр өмнөх парламентын үед төмөр замын бүтээн байгуулалтад 10 мянган цэрэг дайчлах тухай хуулийн төслийг одоогийн Ерөнхийлөгч, тухайн үеийн УИХ-ын гишүүн Х.Баттулга санаачилж байв. Улмаар Налайхын МСҮТ-д цэргүүдийг сургаж эхэлсэн санагдаж байна. Улсын төсөвт ч багагүй мөнгө суулгасан байх. Харин энэ удаагийнх цэргийн алба хаах хугацааг сунгах болон эмэгтэйчүүдийг ч татах тухай хөндсөн нь асуудлыг анхаарлын төвд аваад ирэв .
Цэргүүдийг бүтээн байгуулалтад дайчлах нь зөв өө. Угаас социализмын үед манай улс цэрэг эрсийн хүчээр асар том ажлын ард гарсан байдаг. Цэрэг бүтээн байгуулалтад оролцохын давуу тал цөөнгүй. Юуны өмнө хатуу зохион байгуулалттай, сахилга баттай ажиллана. Ажлаа хугацаандаа хийж гүйцэтгэнэ. Жирийн иргэд шиг архи дарс уугаад, ажлаа таслаад алга болно гэж санаа зоволтгүй. Мөн хамгийн хүнд нөхцөлд ч ажлаа хийсээр байх болно. Ингэснээр ажлын бүтээмж, үр дүн сайжирна гээд давуу тал их. Гэхдээ үүнийг хийхийн тулд заавал гурван жилээр бөөнд нь цуглуулж, албадлагын шинжтэй арга хэмжээ авах хэрэг байна уу. Хэрэв цалин мөнгийг нь амласан ёсоороо өгвөл ажилгүй байгаа залуус бөөнөөрөө хуйлраад л хүрээд ирэх болно.
Одоо манай залуус яагаад бөөнөөрөө харь орныг зориод байгаа юм. Энд хийх ажилгүй, ажил олдсон ч авдаг цалин нь хаанаа ч хүрдэггүй болохоор л гаднын улсад боолын хөдөлмөр хийхээр дугаарлаж байна. Энд боломж нь байсан бол гэр бүлээсээ холдон байж гадагш гарахгүй шүү дээ.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харвал өдгөө Монголд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 35 мянгад хүрээд байна. Гэхдээ ажилгүй хэрнээ дүүргийн хөдөлмөрийн албанд бүртгүүлээгүй хүн өчнөөн бий гэдэг нь тодорхой. Ойролцоогоор 120 мянган хүн ажилгүй гэсэн багцаа тоо байдаг нь үнэнд дөхөж очих байх. Тэдний ихэнх нь улирлын чанартай ажил хийдэг болохоор урин дулаан цаг ирж, зам засвар, уул уурхайн ажил эхлэхийг хүлээж байгаа. Мөн багагүй хэсэг нь хувийн машинаараа таксинд явж, өдөр хоногийг өнгөрөөнө.
Хэрэв ерөнхийлөгчийн хэлсэн шиг хоёр сая төгрөгийн цалинг сар бүр өгвөл залуус албадуулах шаардлагагүйгээр сайн дураараа цэрэгт явах л болно. Цэргийн алба хаангаа эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, мэргэжил эзэмшиж, басхүү сарын хоёр сая төгрөгийн цалин авахыг хэн ч бодно шүү дээ. Үүнийг хүн бүр л хүсэж байгаа. Хамгийн гол нь бүтээн байгуулалтаа түргэхэн эхлүүлмээр байгаа юм. Хэрэв улс орон дэмжээд ажлаа эхлүүлбэл эдийн засаг амьд эргэлтэд орно. Залуус орлоготой болно. Байрны урьдчилгаа төлөх бядтай болно. Зарагдахгүй байгаа байрнууд нь эзнээ олно. Энэ гинжин хэлхээг л ажиллагаатай болгочихвол бүх зүйл зөв гольдрилдоо ормоор санагдах юм. Өвлийн адаг сар юу юугүй дуусах гэж байна. Урин дулаан цаг ирэхтэй зэрэгцээд бүтээн байгуулалтын нөр их ажил ундардаг нь нэгэнт тогтсон хэвшил. Гэхдээ цэргүүдийг бөөнөөр нь дайчлах хэмжээний тийм их ажил хийх нь үү, манай төр. Энэ жилийн тухайд газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил гараанаас гарч магадгүй гэсэн хүлээлт бий. Гэхдээ тийм ч их найдаад хэрэггүй байх.
- Үе үеийн Засгийн газар мега төслүүдээс зугтсаар ирсэн нь үнэн.
- Цэргүүдийг бөөнөөр нь дайчлах хэмжээний тийм их ажил хийх нь үү, манай төр.
- Хоёр сая төгрөгийн цалинг сар бүр өгвөл залуус албадуулах шаардлагагүйгээр сайн дураараа цэрэгт явах л болно.
Мөн нийслэлд хийгдэхээр төлөвлөсөн зарим нэг ажлыг эс тооцвол өөр том бүтээн байгуулалтын бараа сураг ч алга. Тиймээс юуны өмнө бүтээн байгуулалтаа эхлүүлчих. Тэр цагт ажиллах залуус хар мянгаараа байна гэж дахин дахин хэлээд байгаа хэрэг.
Бид төмөр зам, дулааны цахилгаан станц, нефть боловсруулах үйлдвэр барина гэж хэчнээн ч жил ярив. Гэвч үе үеийн Засгийн газар мега төслүүдээс зугтсаар ирсэн нь үнэн. Лав л Эгийн голын усан цахилгаан станцын төсөл гэж ярьж эхлээд 30 шахам жил болж байна. Тавдугаар цахилгаан станцыг бол аль 2011 онд барьж эхлүүлнэ гэж ярьж байсан ч сураггүй болсон. Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор байгуулна гэж нэг хэсэг шуугисан ч одоо нам жим. Бүр цуцласан шийдвэрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар саяхан гаргачихлаа. Нефть боловсруулах үйлдвэрийн төсөл бол бүр ч эртнийх.
Хэрэв бид ярьсан ч, төлөвлөсөн болгоноо хэрэгжүүлсэн бол, талцаж хэрэлдэж цаг алдаагүй бол Монгол улс өдийд ингэж элгээрээ мөлхөхгүй байв. Гэвч ажил овоо ахих нь гэж харж байтал ямар нэг саад гарч ирээд л зогсчихно. Үүнээс болж олон ч сайхан боломж, хайран цаг хугацааг алдсан даа, бид. Харин одоо томоохон төслүүдийг зориглон эхлүүлсэн хүн түүхэнд тодоор бичигдэж үлдэнэ дээ. Өөрийн намын Засгийн газрыг унагаан байж бүх эрх мэдлийг гартаа авсан У.Хүрэлсүхээс олон нийт чухам үүнийг л хүлээж байгаа. Үнэхээр бүтээн байгуулалтаа эхлүүлж чадвал 2020 онд ард түмэн тэднийг дэмжих л болно. Аль нам, аль улс төрийн хүчин байх нь ямар хамаа байна аа. Гол нь олон жил улиг болтлоо яригдсан хөгжмийн алхмуудаа л түрүүлж хиймээр байгаа юм. Тэр цагт цэргүүдийг дайчилна гэж яривал үнэнд арай ойр сонсогдох байх.
Түүнээс бүтээн байгуулалтаа эхлүүлээгүй байж залуусыг бөөнөөр нь гурван жилийн цэрэгт татвал үүн шиг утгагүй юм алга. Ядаж л төсөв зардлыг нь дийлэхгүй. Тиймээс бодитой ажил эхлүүлчихээд үүндээ гар бие оролцооч ээ гэж залуусыг уриалан дуудвал ямар олон хүн дэмжихийг төсөөл дөө. Угаас залуусын их эрч хүчийг үүнд л ашиглах ёстой шүү дээ. Хэрэв төр засаг үндэсний хэмжээний бүтээн байгуулалтаа эхлүүлчихвэл би маргааш ч гэсэн цэрэгт явахад бэлэн байна.
Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ сонин