Монголын андгар за буй гэдэг чинь Түвшээ юм шүү дээ

2018 оны 2 сарын 05

Хүмүн төрөлхтний дээд сэтгэлгээний охь шим болох туульсын хаадуутай эн зэрэгцсэн   “Монголын нууц товчоо”-нд маань “Монголын андгар за буй” хэмээн өгүүлнэ. Тэмүжин Жамух хоёрын нөхөрлөл, анд бололцох ёсыг гурвантаа ёслосон Чингис хаан, Гүр хааны эх газрын өндөрлөгт ноёрхохын төлөөнөөх догшин хар сүлдээ өргөсөн тэмцэлдээн дундах бие биенээ хайрласан оньсого мэт өдрүүд.. Дэлхийн түүхчид үүнийг хачирхан янз бүрээр тайлахыг оролдон тэмүүлнэ. Үүний зүрхэн тарни нь дээрх  “Монголын андгар за буй” хэмээх хаднаа сийлсэн мэт үлдсэн оршин тогтнохуйн дээж,  хүмүн харилцааны хайлан юм.

Монголчууд мөсөнд сийлсэн дүрс адил эрх ашигт дулдуйдан хэврэгээр нөхөрлөхийг урвалт хэмээн үзэж эртнээс хатуугаар цээрлүүлсээр ирсэн. Андын ёсон тууштай, цэгц шулуун атлаа аугаа их тэсрэлт болоод чимээгүйн дундах навчсын намилзах лугаа адил бүхнийг тэнцэтгэсэн эрчүүдийн дөрөө харшуулалт билээ л. Би олон андтай мэт алс уулын оройг ихэмсгээр ширтэн явсан өдрүүд цөөнгүй чиг “За андгартан” нь тоолбоос ховор ажээ. Үүнийг эрхшээн өдгөөгийн өндөрлөгийг цугтаа тэмтэрцгээсэн анд минь Түвшээ билээ. Сэтгүүл зүйн ертөнцөд баттайяа ор суурийг эзэлж, уншигч олны оюун сэтгэлд лавшран танигдсан сэтгүүлч, нийтлэлч Батсуурийн Түвшинтөгсийгээ хэлж байна. Хөхүй хааны дияанч, зураач, яруу найрагч Б.Пүрэвсүрэн, Төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж ах тэргүүтний сэтгэлийн зараал, урилгаар хотод хөл тавьсан Хан Хөхүйн бичээч би вээр өдөр тутмын сонины босгоор алхан ороод л Түвшээ хийгээд Содоо (Б.Содонбаатар) нарын шадар нөхөдтэйгөө цулбуур зэрэгцэв. 2002 оны өвөл л дөө. Дээрх хоёрыгоо онцолсны учир гэвээс бид гурав “Зууны мэдээ” сонины сэтгүүлч, сурвалжлагч гэдэг эрхэм цолыг нэг өдөр “хүртэцгээж” жинхэлсэн билээ. Тэр үед эдүгээгийн мөр тохой зэрэгцсэн өдөр тутмын олон сонин байсангүй. Босго үнэхээр хатуу. Арав гаруй “бацаан” туршилтаар явахад ганц, хоёр нь л тунаж үлддэг жамтай. Үнэндээ “Гараг” студийн захирал, МҮОНТ-ийн “Аяллын цаг” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Г.Бадамсамбуу ах маань садан төрлийн гэхээсээ илүүтэйгүүр мэргэжлийн сэтгүүлч болгох гэж л намайг тухайн үеийн МҮОНРТ-ийн дарга, хэвлэлийн магнат Б.Ганболд эрхлэгч дээр хөтөлж орон, “Зууны мэдээ” рүү илгээсэн юм. Дээрээ татаастай гэхшүү юм бодон очсон маань өдөр шөнө шиг зөрүүтэй болж орхив. Ц.Цэцэгчулуун эрхлэгч гэдэг “төмөр хатагтай”-тай эхэлж нүүр тулав. Өдөр тутмын сонинд сэтгүүлчээр ажиллана гэдэг шүлэг бичихээс чинь өөр шүү гэдгийг хатуухан анхаарууллаа. Дээр нь орлогч эрхлэгч Б.Ерэнтэй хэмээх ёжлол, егөөдөл нь ертөнцөд багтахгүй болчихсон “хатуу самар”-т муурч унатлаа үгээр гөвшүүлэх маань өөр зам мөрийг хөөе гэх эргэлзээнд хэд хэдэн удаа оруулсан даа. Миний адил Түвшээ, Содоо хоёр маань түгшиж байснаа хожмоо дурсан инээлдэцгээдэг сэн. Еэ ах маань намайг чи хөдөөнөөс хотод орж ирээд сонины дулаан байранд амь хоргодох гэж ирсэн бол эндүүрэл шүү, долоо хоноод дорвитойг үзүүлэхгүй бол шүлэг мүлгээ бичээд өөрийн ертөнцөөрөө явбал ямар вэ хэмээн “зөвлөж” байна. Ер нь бол хөөх гээд байгаа бололтой. Энэ зовлонгоо хуваалцах нэгэн маань Түвшээ байсан юм. Харин Содоо арваад хүнээс нэг хоёр нь л үлдэнэ шүү гэсэн анхааруулга дээр тун мэрийж байна аа. Ер нь барагтайд дуугарахгүй, хажуугаар алхаад л байна. Хариуцлагатай нарийн бичгийн дарга болох Отгоо эгч (Д.Отгонбаяр) ч гэсэн хатуу шүүлтүүртэй. Өдөржин хотоор шогшиж, яам, агентлаг, байгууллагын үүдийг савчуулан байж олж ирсэн мэдээнүүдээс нэг төдий нь л орвол өдрийн од шүүрэхтэй адил. Манай сонины редакцийн удирдлагуудын “хатуурхал” л биднийг сэтгүүлч болохын дөртэй болгосон хэрэг. Эдүгээгийнх шиг хэвлэлийн хурал шил дараалан болно гэж үгүй. Болсон ч хурал руу нь бидний өмнөх үеийн атаманууд л явна шүү дээ. Нэгэнтээ олж ирсэн хэдэн мэдээ маань уначихаад, сэтгэл ч бас уначихаад сууж байтал Түвшээ маань хажууд ирээд эелдгээр нутаг ус, төгссөн сургууль асууж байна. Туранхай бор залуу байж билээ. Шар хөдлөөд “зовлон”-гоо тоочлоо. Харин тийм ээ, гэхдээ нугарахгүй шүү найз аа гээд дал мөрийг нөхөрсгөөр алгадаад явж одов. Магадгүй, тэр үед Түвшээ маань урам зориг өгөөгүй бол омголон шүлэгч миний бие сонины хаалгыг ууртайхан саваад гараад явчихсан ч байж болох билээ. Үүнээс хойш дөрвөн жилийн дараа би МСНЭ-ээс шалгаруулдаг Монголын сонины шилдэг сэтгүүлч болж (Г.Бадамсамбуу ах телевизийн шилдгээр) эдүгээгийн өндөрлөгт хүрсэн юм. Нэгэндээ бэлэглэх халуун дулаан ганц үг л хувь заяаны хүчирхэг эргүүлэг болдгийг Түвшээгээсээ мэдэрсэн хэрэг. Хэрвээ Еэ ах, Цэцгээ эрхлэгч, Отгоо эгч (“Зууны мэдээ” сонины эрхлэгч), Билгээ ах (Б.Батбилэг), Отгоо ах (Г.Отгонбаяр) нар ташуурдаагүй бол, Л.Тунгалаг эгч, Ц.Цолмон, Н.Энхбаяр, Б.Нямдорж, Б.Баттүшиг (орчуулагч), Түмээ, (Г.Түмэнжаргал), Ууский (У.Сарангэрэл), Вээский (В.Сарантуяа), Лхагваа (Д.Лхагва-Очир), Б.Төмөртогоо, Н.Мөнхтүв-шин, П.Баттулга, Надиа ах (Д.Цэ-рэннадмид) нар маань дэмжээгүй, мөр зэрэгцээгүй бол Содоо, Түвшээ хоёр минь цугтаа дөрөө харшуулаагүй бол би Б.Ганболд эрхлэгчийн егөөдөн хэлдгээр “Тува-гаас адуу хөөн” явах байсан биз.

Бидний өмнөх үеийнхэнд л жинхэнэ зангараг байсан юм. Хожмоо бүтээл  туурвил тал руугаа намайг хэлбийхэд мань эр хэнгэрэгтэй сэтгүүлч, зангарагтай удирдагч болон төлөвшсөн хэрэг. Хожмын өдрүүд үүнийг тод харуулсаар байнам. Шинэ мянганы эхний жилүүдэд нам төвтэй засаглалын тогтолцоо хэт дарангуйлах болсон үед “Зууны мэдээ” сонин иргэдийн дуу хоолойг хурцаар илэрхийлэх болж, өдөр тутмын сонинуудаас эн тэргүүнд аль ч намыг үл дэмжин, олигархи засаглал Монголыг бүрхэх нь гэж анхааруулан нийтлэлийнхээ бодлогыг чиглүүлэх болов. МҮОНРТ-ийн даргын албанаас “Зууны мэдээ” сониноо толгойлохоор ирсэн Б.Ганболд эрхлэгчийг хоёр том нам хийгээд улстөрчид алмайран эгдүүцэж байсан бол, эрүүл сэтгүүл зүйг дэмжигчид талархан алга ташиж байв. “Төрөөс төрсөн тэмбумтан”, “Цадиггүй улс төр”, “Яаж чадаж байна аа”, “Миний хэлэх үг” булангуудаа шинээр бий болгож Отгоо ах, Билгээ ах, Түвшээ бид хэд үзэг, зүрх сэтгэлээ зэрэг хурцлан үнэний хоолой болох адармаатай замд шуудран орсон билээ. Байдал өөрөөр эргэв. “Зууны мэдээ” сониныг тухайн үеийн Ерөнхийлөгч мэдэлдээ авснаас улбаалан бидний босгосон үнэний хана хэрэм хазайж эхлэв. Б.Ганболд эрхлэгч маань үзэг, сэтгэл нэгт сэтгүүлчдээ уриалан өдөр тутмын шинэ сонин байгуулахаар хамтдаа зүтгэцгээсэн юм. Үүний эн тэргүүнд Түвшээ маань л зогсч байсныг онцлон дуугарах ёстой. Эртний “За” хэмээх андгараас эдүгээгийн “за гэвэл “ёо”-гүйг хүртэлх монгол хүний тууштай, урваж шарвадаггүй бөгөөд шинэ зууны сэхээтний төрх, манлайлагч, үзэл бодолдоо цэгц байхыг хослуулсан анд минь шууд л “Зууны мэдээ” сонины эрхлэгчээр томилогдон ирсэн Д.Болдхуягт (түүнтэй бид уг нь сэтгүүл зүйн гал тогоонд дотно сайхан харилцаатай байв) халагдах өргөдлөө шууд өгөөд гарч одов. Дараа нь би өргөдлөө өглөө. Д.Лхагва-Очир маань ч шуударлаа. Хөдөө амарч явсан Содоо руугаа ч утас цохилоо.

В.Сарантуяа, У.Сарангэрэл, С.Ононтуул, Л.Оюунгэрэл, Г.Отгонжаргал, Д.Мөнхжаргал, З.Дамдиндорж, Б.Буянбат, шатрын Мөнхөө гээд л бүгд эрхлэгчийнхээ шинэ сонин байгуулах амаргүй үйлсэд нэгдэцгээв. Булганы Могод суманд амралт сувиллын газрын үйл ажиллагаа эрхэлж байсан Цэцэгээ эрхлэгч маань ирсэн нь хүч нэмлээ. “Зууны шуудан” сониныхоо эхний дугаарын нэгдүгээр нүүрт Б.Ганболд эрхлэгчийн уншигч олноо хандсан зурвасын хамт Отгоо ахын “Хайчин гал дундах МАХН” нийтлэл, миний гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн гуайг “Миний хэлэх үг” буландаа урьсан “Сайд нар Ерөнхийлөгчөөс чиг үүрэг аваад байгааг ойлгохгүй юм” ярилцлага, Түвшээгийн маань “Хоёр дахь Оюутолгойн сураг”, У.Сарангэрэл эгчийн “УИХ-ын зарим гишүүний эрхийг түдгэлзүүлэх бололтой” өгүүлэл гарч, бусдын маань даацтай өгүүлэл, сурвалжлага, ярилцлага дараах нүүрүүдийг чимэн нийтлэгдэж шинэ сониноо эх барин авцгаасан юм. Шинэхэн үнэртэй шинэ сониноо анх гараар холих үед чөлөөт хэвлэлийн “Алаг хорвоо” мэдээллийн сүлжээний эзэн, сэтгүүлч, яруу найрагч Я.Мөнхжаргал нарын Нийслэлийн сонины холбооныхон ирж баяр хүргэн үүр цайлгаж байсан тэр шөнө яг л өчигдөрхөн мэт халуухнаар санагдаж байна.

Төд удалгүй бид нар сэтгүүл зүйн бусад салбарт зүтгэж байсан “Хорь буриадын нутаг”-ийн Г.Сонинбаяр нарын нөхдөө ч уриалан эгнээгээ өргөтгөсөөр “Үндэсний шуудан” хэмээх үндэсний хэмжээний том сонин маань эрүүл сэтгүүлзүйг тунхаглан гарч ирсэн билээ. Сайхаан, сайхан хэмээн нэрт зохиолч Ч.Лодойдамбын гэргий ардын жүжигчин Ч.Долгорсүрэн гуайн өгүүлдэг үгийг Түвшээ бид нар амандаа давтан өгүүлэлдэж байсан сан. Энэ мэт сэтгүүлзүйн салбарт хамтдаа алхсан түшээ дулаан өдрүүд Түвшээ бид нарт олонтаа байсныг гүйцээн өгүүлэх гэвээс үзэг цаас үл хүрэлцэх. Нэрт нийтлэлч Ж.Гангаа ах, Түвшээ бид гурав өөрсдийгөө “Гурвын холбоо” хэмээн догирхон өргөцгөөж, түүндээ сэтгэл халгицгаана. “Ардын эрх”-ийн хуучин байранд “Үндэсний шуудан” сониноо үүсгэн байгуулж байхдаа би эрэн сурвалжлах, Түвшээ улс төрийн албаны даргаар ажиллаж байв. Гангаа ах утас цохиод “дугаартай юу” гэнэ. Дугааргүй гэвэл уушийн газарт харайгаад ир гэнэ. Бид хоёр дугаар эрхлэх үедээ мөн л эрхэм ахыг “дугаартай юу” гэнэ. Дугаартай үедээ ах маань дугаар дуустал хүлээсүгэй, журмын дүү нар минь гэх. Шар айраг шимэнгээ Шар бичээчийн удамт ахтайгаа, Түвшээ,  “Өдрийн сонин”-ы Л.Батцэнгэл, П.Хашчулуун бид хэд ханаа дугуйлан нөхөрлөж явсан минь саяхан мэт. Энэ тухайгаа би “Тарнитай бичээч” хөрөгтөө дурсч Хүүлээ ханы өвөрт нойрсч буй ахдаа сэтгэлийн сацал өргөсөн билээ. “Ярилцлагын хатан хаан” гэгддэг  Ганаа эгч ч (эдүгээгийн МОНЦАМЭ агентлагийн захирал Б.Ганчимэг)  бид хоёртой их амиадна. Оонын хоёр эвэр шиг салдаггүй онц дотнын хоёр дүү минь шүү гэж өхөөрдөх. Бид хоёрын хуурай ах Ж.Гангаа агсны хэлсэнчлэн “Тэнгэрийн хүү” жүжиг маань тэнгэрээс гэнэт буун ирж Драмын театрынхны бужигнуулж байх үед мань эрийн  улс төрийн даацтай нийтлэлүүд “Үндэсний  шуудан”-гийн дугаар бүрт гялалзаж, парламентын сэтгүүлчдийнхээ түүчээ болсоор буйг телевиз, сонин, радио, сайтын үзэг нэгт нөхөд нь ч өгүүлж, би ч анхааралтай ажигласаар байлаа. Гэтэл мань эр нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албаны даргаар томилогдлоо гэдэг мэдээ чих дэлсэв. Би ч гайхсангүй. Мэргэжлийн сэтгүүлчийн эрийн цээнд хүрсэн түүнийг энэ дайны алба хашихад би яахин гайхах билээ. Харин нэг өдөр утас цохиж, анд маань надад хамтран ажиллах санал тавьсан юм. Бас л гайхсангүй. Шударга бөгөөд олонтой эвсэг анд маань намайг цохон дуудаж, нийслэлчүүдийнхээ маргаашийн төлөөх үйлсэд мөр зэрэгцэе гэсэн нь нэр төрийн хэрэг байсан юм. Нийслэлийн хэвлэл мэдээлэл, ОНХХ-т мэргэжилтнээр ажиллаж байхдаа түүний эхлүүлсэн олон үйлсийг анзааран, даргынхаа өмнө хүлээсэн цэргийн үүргээ давалгаалуулахыг л хүсэн ажилласан даа. Энэ хугацаанд Түвшээгийнхээ төгс дүүрэн анхачилсан зарим үйлсээс товч дурдмаар санагдана.

Хотын бүх даргын гадаад томилолтын зардлыг анх удаа нээлттэй тайлагнадаг болсон нь түүний санаачлага байсан. Олон түмэн талархан хүлээн авсан билээ. Нийслэлийн Засаг даргын бүх захирамж нээлттэй болсон нь анхандаа итгэхэд бэрх ч Түвшээгийн хийсэн бодитой үйл ажиллагааны үр дүн л дээ. Тухайлбал, шилэн дансны тухай хууль сураг ч үгүй байхад хотын бүх тендерийн зар нээлттэй болж, хаалттай хурал ч үгүй болоодохлоо. Дэргэд нь байсны хувьд энэ бүхнийг халуунаар дэмжиж байхдаа би нийслэлийн иргэдийн сэтгэл, сэтгэлгээнд ямархуу өөдрөг дүр зураг бий болж буйг давхар мэдэрч байлаа Өөлье гэвэл бурхан хүртэл алдаа гаргадаг гэдэг. Түүнд нэг сул гэмээр ч тал бий. Бусдад их итгэнэ. Тэр итгэл нь талаар болбол мань эрийн хэт шударга зан нь дүрсхийх нь бий. Гэхдээ л бүгдийг уучилчихсан, бусдыг “өвгөөн” гээд л алхаж явна.Монголчууд бие биедээ үл итгэх болсон цөвүүн энэ цагт ховор чанар л даа. Түүнд бас нэг “сул” тал бий. Тэр гэнэт нэгэн өдөр даргын албаа өгөөд өөрийн сайн дураар гарахаар боллоо гэдгээ палхийтэл надад хэлдэг байна. Тухайн үеийн нийслэлийн зарим удирдлагуудтай итгэл үнэмшлээ дээдэлдэг анд минь халз үзэлцсэн хэрэг. Яг л “Зууны мэдээ” сонин улс төрийн золиосоор бусдын гарт ороход өргөдлөө өгөөд гардаг шигээх намтраа давтав. Засаг даргаар ажиллаж байсан улсын баатар Э.Бат-Үүл ч энэ албаа цааш үргэлжүүл хэмээн ятгаад ч тусыг эс олов. Үнэний төлөө өргөсөн дээр ч суудаг, үнэтэй хэвнэгийг ч үл нөмрөн чулууддаг ийм л зантай хүн. Яагаад гэвэл тэр “Монголын андгар за буй” гэдэгт мадаггүйеэ итгэдэг билээ. Энэ зарчим биежсэн нь Б.Түвшинтөгс анд маань өөрөө юм шүү дээ.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53436
1 эможи
keyboard_arrow_up