Сагсчдын ЦАЛИН хаашаа урсдаг вэ?
Өнгөрсөн сарын 31-нд БСШУСЯ-ны гадаа талбайд сагсан бөмбөгийн спортод амжилт гаргасан, залуу тамирчид жагсаж, спортын салбарт бугшсан асуудлуудыг олон нийтэд илчлэн гаргав. Тэд сагсан бөмбөгийн тамирчдыг Ц.Шаравжамц Спортын ордонд оруулж бэлтгэл хийлгэхгүй байгаа төдийгүй улсаас өгдөг цалинг нь өөр хүмүүст олгож байгааг эсэргүүцэв. Мөн тэд олон улсын тэмцээн уралдаанд оролцоход нэг ч төгрөгийн зардал өгдөггүй, амжилт гаргаад ирэхэд шагнал урамшуулал байхгүй, дээгүүрээ иддэг байдлыг зогсоох хэрэгтэй хэмээн шаардах бичгийг БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа шаардах бичиг хүргүүлсэн байна.
Энэ үеэр тамирчид чухам юу өгүүлснийг сийрүүлье. Монголын сагсан бөмбөгийн түүхэн дэх олон улсын амжилтын буухиаг эхлүүлсэн гэгддэг Ө.Дөлгөөн “Миний хувьд Азийн 3:3-ийн аварга болж байсан. 2017 онд олон улсын 6-7 тэмцээнд оролцсон. Гэхдээ би үүнд зориулж улсаас нэг ч удаа мөнгө авч байгаагүй. Цалин хөлс ч мөн улсаас авч байсангүй. Харин сая Спортын төв ордонд Сагсан бөмбөгийн шигшээ багийнхны цалинг өөр хүмүүс авдаг гэж сонслоо. Бид эх орноо төлөөлж маш олон тэмцээн уралдаанд явж байхад үүнд огт оролцоогүй хүүхдүүдэд шигшээ багийнхны цалинг өгч байна. Энэ ямар учиртай вэ гэдгийг холбогдох албаныхнаас асуумаар байна. Манайхны хувьд ДАШТ-д орох эрхээ авсан. Тиймээс одоо Спортын Төв ордонд бэлтгэлээ хиймээр байна. Учир нь бид улсаа төлөөлж ДАШТ-д оролцоно. Өнгөрсөн зун бид Хурд-ын гадаа талбайд өөрсдөөсөө гаргасан мөнгөөр төлбөр, хийж, бэлтгэлээ базаасан. Иймд энэ байдлыг анзаарч үзээсэй гэсэндээ энд ирлээ” гэсэн юм.
Харин ДАШТ-ын алтан медальт Б.Батзолбоо “Бид 2017 оны есдүгээр сард Хятадад болсон оюутны ДАШТ-ий аварга болсон. Энэ бол Монголын сагсан бөмбөгийн түүхэн дэх оюутны ДАШТ-ийн анхны алтан медаль. Гэтэл биднийг эх орондоо ирэхэд Биеийн тамир, спортын хороо ч хүлээж аваагүй. Одоо бол биднийг дахиад том тэмцээн уралдаанууд хүлээж байгаа. Тиймээс одоо бид нэг баг, хамт олон болж Спортын төв ордондоо бэлтгэлээ хийхийг хүсэж байна” гэлээ.
Сагсчдын шаардлага ердөө л энэ. Өөрөөр хэлбэл, тэд сагсан бөмбөгийн спортоор эх орныхоо нэрийг дэлхийд гаргасныхаа төлөө өндөр шагнал, их мөнгө нэхсэнгүй. Харин хуулийн хүрээнд авах цалингаа тогтмол авч, бэлтгэл сургуулилтаа Спортын төв ордонд , хөөлгөж туулгахгүйхэн шиг, хийхийг хүсчээ. Гэвч өнөөг хүртэл БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц нар ямар нэгэн хариу өгөөгүй байна. Сагчдын хэлж буйгаар, дээрх хоёр албан тушаалтанд тус бүр гурван удаа албан бичиг хүргүүлсэн аж. Дарга нар нь харин энэ асуудлыг үл ойшоов уу, эсвэл өөр шалтгаан байсан уу. Ганц ч үг ганхийсэнгүй. Харин сагсчдын ДАШТ-д орох хугацаа ойртсоор.
Хамгийн гол нь, Ц.Шаравжамц “дарга” чухам юуны учраас тамирчдыг Спортын төв ордны хаалгаар ч шагайлгахгүй байгаа нь хачирхалтай. Уг нь энэ ордны хувийн өмч биш, одоохондоо төрийн өмчинд хамааралтай байгаа.
Харин биеийн тамир, спортын газрын дарга нь ДАШТ-д оролцох тамирчдад заалны эрх өгөхгүй гэсэн байх юм. Тэр ч байтугай мань эр хэвлэлд ярилцлага өгөхдөө “Заал мундсан биш дээ. Монголоор дүүрэн заал байна. Зөвхөн бэлтгэл хийх төдийд аль ч бэлтгэлийн зааланд очоод хийсэн нээлттэй байгаа шүү дээ. Аль ч спортынхон хувийн зааланд мөнгөө төлөөд л бэлтгэлээ хийж байна. Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн шагнал нь одоо яг шийдэгдэх гээд яаман дээр байгаа. Харин цалингийн хувьд, багийн спортыг дэмжих хүрээнд Залуучуудын шигшээ багийг барья гэсэн. Уг нь 12 тамирчинтай байх ёстой байсан. Гэхдээ санхүүгийн хомсдолоос болж таван тамирчин нэг дасгалжуулагчтай баг барьж байгаа юм. Тэднийг цалинжуулж байна. Үүний нэрсийг Монголын сагсан бөмбөгийн холбоо гаргадаг. Нэг үгээр хэлбэл ирээдүйтэй гэсэн бага насны залуучуудыг бэлтгэл хийлгэж байна” гэжээ.
Нэгэн цагт энэ спортод хүчин зүтгэж байсан тамирчин дарга болсныхоо дараа хэлсэн үг нь энэ. Маш ойлгомжгүй. Одоо амжилт гаргаж байгаа, бүр яг ид насны тамирчдыг улсын шигшээд хамааруулахгүй. Харин нэлээд хэдэн жилийн дараа гарч ирэх хүүхдүүдийг багтааж, цалин өгч байгаа гэнэ ээ. Ухаандаа одоо ажиллаж байгаа эмч нарт цалин өгөхгүй, харин ирээдүйд сайн мэс засалч болоорой гээд одоо АШУИС-ийн нэгдүгээр курст сурч байгаа оюутнуудад эмчийн хөлсийг бодож өгч байгаа хэрэг бололтой. Ингэж л ойлгогдож байна.
Гэхдээ энд яах аргагүй өөр учир шалтгаан байгаа гэх хар төрөх аж. Учир нь шигшээ багийн тамирчдын сарын цалин 400 мянган төгрөгт ч хүрэхгүй гэдгийг бүгд мэднэ. Олимп, ДАШТ-д амжилт үзүүлж байж багахан нэмэгдэл авдаг. Харин үүнийг 12 хүнээр бодвол сард таван сая төгрөгт ч хүрэхгүй хэмжээний мөнгө гарна. Гэтэл тамирчдын үзүүлдэг амжилт үүнээс хэд дахин илүү гэдгийг холбогдох яам, агентлагийн удирдлагууд анхаараасай.
Гол нь сагсан бөмбөгт онцгой амжилт үзүүлээд байгаа 12 хүнийг цалинжуулах хэмжээний мөнгийг төр гаргаж дийлэхгүй байна гэвэл түүн шиг худлаа зүйл үгүй. Бүр төрөөс онцгойлон спортыг дэмждэг. Тэгэхээр тамирчдын цалин хаашаа орсон бэ гэдгийг БСШУСЯ, Биеийн тамир, спортын газар зайлшгүй тайлбарлаж, тооцоо судалгаатай мэдээллийг олон нийтэд хүргэх ёстой. Бүр үүнийг олон нийт шаардах ч эрхтэй.
Яагаад гэвэл, аль ч улсад спорт, урлагийн салбар тэр чигээрээ олон нийтэд хамаардаг. Соён гэгээрүүлэх, зөв дадлыг хэвшүүлэх үүргийнхээ талаас энэ хоёр салбар онцгой учраас ингэж үздэг.
Эх сурвалж: НИЙГМИЙН ШУУДАН сонин