ТРАМПЫН тал засалт ба МОНГОЛЫН хатуурхал
...“Би Ерөнхийлөгчийн хувьд АНУ-ыг үргэлж нэгдүгээрт тавина. Гэхдээ энэ нь АНУ ганцаараа хөгжинө гэсэн үг биш. Бид татварын таатай орчин бүрдүүлж, бизнест тушаа болсон 22 заалтыг арилгасан. Та бүхнийг хөрөнгө оруулалт, бизнесийн хамгийн таатай орчинтой Америк улс хүлээж байна”… Ирэх эсэх нь, ирлээ гэхэд юу ярих нь хүртэл сүүлийн хэдэн өдрийн дэлхий нийтийн асуулт болж байсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Давосын эдийн засгийн чуулганы индрээс ийн мэдэгдлээ. Дэлхийн хамгийн хүчирхэг улсын төрийн тэргүүн хөрөнгө оруулагчдад ийн тал засаж, урин залж байна. Цагаан ордны тэргүүн болсных нь нэг жилийн ой хэдхэн хоногийн өмнө тохиосон Дональд Трамп өнгөрсөн хугацаанд аж ахуйн нэгжүүдийн татварыг бууруулж, бизнес, хөрөнгө оруулалтын орчноо нээлттэй, ээлтэй болгосон.
Түүний ялалтаас хойш АНУ эдийн засагтаа долоон их наяд ам.долларын шинэ баялаг бүтээснийг Давосын чуулганы хаалтын үгэндээ хачирлав. Дипломат дэг жаягийг хэнэг ч үгүй хөлдөө гишгэдэг “дэггүй” Трамп Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр хэрхэн аашлах нь зарим хүнд айдас дагуулж байсан ч байж мэднэ. Гэвч хэзээний ажил хэрэгч, аж ахуйч зангаараа тэрбээр хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн өмнө хошуу дэвсэж, тал засан аргадлаа. Ер нь хүчирхэг, пээдгэр Америкаас эхлээд дэлхийн улсууд татвараар тал засаж, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг өөртөө татахаар өрсөлдөж байгаа. Хөрөнгө оруулагчид ч хаана өндөр татвар, таагүй орчин байна, тэндээс дүрвэж, үргэсээр, татварын диваажинг зорьж байна. Тэгвэл хөрөнгө оруулалтын төлөөх өрсөлдөөн ид эрчээ авсан энэ үед Монгол Улс татварын бодлогоор хэрхэн өрсөлдөж байна вэ.
Хөрөнгө оруулагчид татварын диваажинг л зорьдог
Сүүлийн нэг жилийн хугацаан дахь Засгийн газрын бизнесийн салбарын шийдвэрүүд энгийн иргэнээс эхлээд хувийн хэвшил, хилийн чанадын хөрөнгө оруулагчдын халаас, хэтэвчийг цоолж, тэвчээрийг барсан гэхэд хилсдэхгүй. Эрх баригчид долоон төрлийн татвар нэмнэ хэмээн мэдэгдсэн ч үнэндээ есөн төрлийн татварт гар хүрсэн. Энэ дунд нь хувийн хэвшил, энгийн иргэдийн тамирыг шавхсан өөрчлөлтүүдээс гадна хөрөнгө оруулагчдын хэтэвчийг хөндсөн шинэ татвар үйлчлээд эхэлснийг тэр бүр анзаарсангүй.
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Монгол Улс лицензийн наймаанаас татвар авч эхэллээ. Одоогоор тун нам гүмхэн хэрэгжиж буй энэ татвар алсдаа манай уул уурхай, ялангуяа хайгуулын салбарт сөрөг үр дагавар дагуулж болзошгүйг салбарынхан мэдэгдэж байна. Хуулийн өөрчлөлтөд зааснаар уул уурхайн ашиглалтын лиценз зарвал лицензийн үнэлгээний 30 хувьтай тэнцэх хэмжээний татварыг улсад төлөхөөр болж байгаа юм. Ийнхүү лицензийн үнэлгээгээр татвар тогтоож эхлэхээр компаниуд ордын нөөцөө үнэн бодитой тогтоож, тайлагнахгүй гэдэг нь ойлгомжтой.
- Татварын “эцэг” хуулийг дагаад түүнээс салаалсан бусад хуулийг өөрчилнө.
- Татвар төлөгч бүр хамаатай ААНОАТ болон ХХОАТ-ын хуулийн шинэчлэлийг ОУВС болон Монгол Улсын Засгийн газар хийнэ.
- Татварын ерөнхий хуулийн төслийг энэ оны дөрөвдүгээр сар гэхэд УИХ-д өргөн барихаар “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т тусгасан.
Аль болох л нөөцийн хэмжээгээ бууруулж, ийм өндөр босготой татвараас зайлсхийхээр оролдоно. Урд нь буюу 2007 онд ийм төрлийн татвар ногдуулж байсан ч лиценз, газрын наймаа эрхлэгчид татвараас бултах нь нэмэгдсэн. Төр лицензийн үнэлгээний гуравны нэгтэй тэнцэх хэмжээний татвар авна, ингээд зогсохгүй дураа хүрвэл стратегийн орд болгож, 34 хувийг нь үнэгүй авна гээд дайрчихна.
Ингэхээр Монголд хайгуул хийх, шинэ орд нээх сонирхолтой хайгуулын салбарын хөрөнгө оруулагч хэр олон байх бол. Үнэнийг хэлэхэд, энэ алхам хөрөнгө оруулагчдын санааг хэдийнэ чилээж эхэлжээ. Өнгөрсөн мягмар гарагт болсон Монгол дахь Америкийн худалдааны танхимын (АмЧам Монгол) сар тутмын уулзалтын үеэр лицензийн татварыг хөрөнгө оруулагчид олонтоо хөндөж байв. Ер нь сүүлийн саруудад хөрөнгө оруулагчид Монголыг тун анхааралтай ажиглаж буйг гадаадын хэвлэлүүд мэдээлэх болсон. Учир нь хүний хувийн өмчийг булаасан төрөөс гадаадын хөрөнгө оруулагчид ч эмээж буйг ч анхааруулж байгаа.
Хувь хүний өмчлөх эрхийг эрээ цээргүй уландаа гишгэсэн төрийн шийдвэр зарим хөрөнгө оруулагчид том цохилт болж, Монголд санхүүжилт хийх, эсэхээ харзнахад хүргэсэн гэх мэдээлэл бий. Ийм увайгүй дээрээс нь халтай, халаас цоолсон татварын бодлого хэрэгжүүлээд эхлэхээр хөрөнгө оруулагчид Монгол руу хошуурахгүй нь лавтай. Ингээд зогсохгүй дахин татварын хуульд гар хүрэхээр хэлэлцэж байна. Өнгөрсөн пүрэв гарагаас ОУВС-гийн Ажлын хэсэг Монгол Улсын Засгийн газрын төлөөлөлтэй хэлэлцээрийн ширээний ард сууж эхэллээ. Хоёр долоо хоног үргэлжлэх Хамтарсан Ажлын хэсгийн хэлэлцээрээр “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн улирал тутмын үнэлгээ хийхээс гадна ирэх оноос хэрэгжүүлэхээр төлөвлөж буй татварын шинэчлэлийг хэлэлцэнэ гэж Сангийн яамнаас мэдээлэв. Монгол Улс татварын малгай хуулиа өөрчлөхөөр төлөвлөж буй бөгөөд ОУВС-гийн заавар зөвлөмжийн дагуу шинэчлэх аж.
Засгийн газар, ОУВС татварын ерөнхий хуульд гар хүрэхээр зэхэж байна
Өөрөөр хэлбэл, Засгийн газар, ОУВС хамтран өнгөрсөн онд хэд хэдэн төрлийн татвар нэмсэн бол энэ удаад Монгол Улсын татварын ерөнхий хуульд гар хүрэхээр зэхэж байна. Татварын ерөнхий хуулийн төслийг энэ оны дөрөвдүгээр сар гэхэд УИХ- д өргөн барихаар “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”- т тусгасан. 2019 оны нэгдүгээр сарын 1 гэхэд манай татварын тогтолцоонд шинэ дүрэм үйлчилж эхлэх аж. Сангийн яамны төсөөлж буйгаар энэ шинэчлэлийн хүрээнд ААНОАТ болон ХХОАТ-ын хуульд өөрчлөлт оруулах төлөвтэй.
Гэхдээ өөрчлөхөөс өмнө татвар төлөгчид болон хөрөнгө оруулагчдаас цахим хэлэлцүүлэг хийхээс гадна үе шаттай уулзалт, зөвлөгөөн хийнэ гэж Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн орлогын хэлтсийн дарга Э.Алтанзул мэдээлж байна. Татварын “эцэг” хуулийг дагаад түүнээс салаалсан бусад хуулийг өөрчлөх нь. Ялангуяа, татвар төлөгч бүрт хамаатай ААНОАТ болон ХХОАТ-ын хуулийн шинэчлэлийг ОУВС болон Монгол Улсын Засгийн газар гардан зохион байгуулна. Тэгвэл энэ хоёрын хамтарч хийсэн хуулийн өөрчлөлтүүд өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монголын ард түмнийг туйлдуулж, уур бухимдлыг нь оволзуулахаас хэтрээгүй.
ХХОАТ-ын шинэчлэл гэхэд орлогоо буруу тооцоолсон, онцгой албан татварын өөрчлөлт гэхэд бизнесийн эрх ашигт халдсан гээд буруу тооцоотой шийдвэрүүд Монголын нийгэмд тогтворгүй байдал өдөөгөөд амжлаа. Тэр бүү хэл, Засгийг унагаах ч дөхөв. Нэг нь зааварлаж, нөгөө заалгасан хэмээн тайлбарлаж буй хоёр талын зарим шийдэл бүр Монголын ард түмэнд, бизнес эрхлэгчдийн эрх ашигт ч халтай, алдаатай шийдвэр болох нь тодорхой болсон. Тиймээс ч өнгөрсөн долоо хоногт Засгийн газар буруугаа хүлээж, сүүлийн өдрүүдэд гэмшиж буйгаа илэрхийлэв. Хэрэв өнгөрсөн жилийнх шиг хөнгөн хуумгай, хуурай тооцоотой татварын өөрчлөлт хийвэл хямралын хөлд чирэгдсэн ард түмний бухимдлыг улам сэдрээхээс хэтрэхгүй.
Цаашлаад ОУВС-гийн хөтөлбөр бүрийн ард нуугддаг бараан сүүдэр болох нийгмийн тогтворгүй байдлыг даллан дуудахыг үгүйсгэх аргагүй. Нийгэм нэгэнт оволзоод эхэлбэл одоогийнх шиг эргэж буцаж, алдаа эндэгдлээ засах боломж гарахгүй нь лавтай. Иймд энэ удаагийн татварын шинэчлэлийг тун болгоомжтой, иргэд, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг дээдэлсэн байдлаар шийдэх нь чухал байна. Эс бөгөөс татварын шинэчлэл нь Монголын эдийн засгийг гэрэлтүүлж, гийгүүлэхээс илүү баялаг бүтээгч, татвар төлөгчдийг хямралын хавцал рүү түлхэж болзошгүй. Их Америк хүртэл баялаг бүтээгч, хөрөнгө оруулагчдад тал засаж, тав тухыг нь хангах гэж аль байдгаараа хичээж байхад хэдхэн төрлийн түүхий эд борлуулж, эдийн засгаа тэжээдэг ядуу Монгол хуулиар хавчиж, хатуурхах нь харалган бодлоготойнх гэлтэй.
Г.Байгал