Унаач хүүхдийн асуудал НҮБ-ын чихэнд хүрчээ
Монгол Улс Европын холбооны хар жагсаалтад орж олон улсын өмнө нэр нүүрээ барсан нь саяхан. Хар жагсаалтаас гарахын тулд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд томилж, Сангийн яам болон ХЗДХЯ-ны төлөөллийг багтаасан Ажлын хэсэг байгуулж ажиллуулсан.
Мөн Европын Холбооны Дээд төлөөлөгч болон гишүүн 28 улсын Гадаад хэргийн сайд нарт албан захидал илгээж, Европын Холбооны гишүүн улсын Элчин сайд нартай уулзаж манай улсын байр суурийг тайлбарлах гээд мөн ч их ажил боллоо. Гагцхүү энэ хооронд цагтай уралдаж ажилладаг бизнесийнхэн ямар дарамт, алдагдал хүлээснийг хэлж мэдэхгүй.
Тэгвэл Монгол Улс муугийн жишээгээр олон улсад дуудагдах бас нэг хар тамгыг эрх баригчид өнгөрсөн долоо хоногт дарчихлаа. Монгол Улсын Засгийн газар хэдэн уяач баячуудын эрхэнд орж, өвлийн морин уралдааныг хориглож чадаагүй шийдвэр НҮБ-ын хоригтой тулчхаад байгаа юм. Ингэснээр Европын холбооны хар жагсаалттай адил улсын эдийн засгийн аль нэг хөшүүрэгт хориг тавих нөхцөл бүрдэнэ гэдгийг хүний эрхийн байгууллага хэлж байна.
Монгол Улсын Засгийн газар хурдан морины уралдааныг зохион байгуулах шийдвэр гаргахдаа өвлийн гэдэг үгийг авч хаяж иргэдийг дөнгөсөн ч олон улсыг мэхэлж чадсангүй. Тодорхой хэлбэл, өвлийн хүйтэнд морь уралддагаараа уралдана, хүүхэд унадгаараа унана.
Засгийн газар иргэдийг тайвшруулах гэж унаач хүүхдийг 12 нас гэж зааглаж өгсөн ч 18 нас хүрээгүй хүнийг хүүхэд гэнэ гэж Үндсэн хуульд заасныг бүгд мэднэ. Зүйрлэвэл, Монголын төр засаг энэ байдлаараа 12-оос дээш насны хүүхэд хүчирхийлэлд өртвөл, хүчиндүүлбэл тооцохгүй гэдэгтэй утга нэг юм.
Хүүхдийн эрхийн асуудалд маш том хаалт болж, уяачдад зугаа цэнгэлийн үүдийг нээсэн өвлийн морин уралдааныг хориглосноор хэн хохирох вэ, хэн хожих вэ гэж. Цаашлаад эдийн засгийн хувьд ямар алдагдал хүлээх вэ гэдэг чухал. Өвлийн морин уралдааныг хориглочихвол хэн ч хохирохгүй. Хэдэн уяач баячууд л зугаагаа гаргаж чадахгүй болно биз. Энэ цэнгэлийг дэмжихдээ Шадар сайд Ө.Энхтүвшин “Өвөл, хаврын морин уралдааныг шууд хорих боломжгүй.
Учир нь Монголын морин спорт, уяачдын холбооноос бүс, аймаг, сумдад хурдан морины уралдаан явуулахдаа тодорхой зохион байгуулалтай ажил хийдэг юм байна. Тэр нь хяналтаас гараад явчих магадлалтай гэж үзсэн учраас цаг агаар харж байгаад дулаан өдрүүдэд хурдан морины уралдаанаа зохион байгуулахыг нь зөвшөөрсөн. Эхний ээлжинд хүйтний улиралд бага насны хүүхэд бус 12-оос дээш насны хүүхэд морь унах шийдвэр гаргалаа” гэсэн.
Мөн Шадар сайдын уулзалтад оролцсон хүний эрхийг хамгаалагчдад “Та нар 40 мянган уяачийн бүтэн жилийн хөдөлмөр 500 хүн цалинжуулж байгааг үгүй хийх гэж байна” гэсэн гэх. Ингэж уяачдыг хамгаалан байж хүүхдүүдийг бэртээж, амь насанд нь хүртэл аюул учруулж, олон улсад нэр хүндээ шившигтэй хутгах эрх ашиг хэнд байна вэ. Өнгөрсөн жил Дүнжингарав уралдааныг нууцаар шахуу зохион байгуулсан. Өвлийн уралдааны үеэр бэртсэн, гэмтсэн хүүхдүүдийн зовлон шаналал одоо ч дуусаагүй байна.
Насаараа тахир дутуу болчхоод харамсаж халаглаж суугаа хүүхдүүд цөөнгүй бий. Тэд баячуудын зугаа цэнгэлээс болоод хэдэн төгрөгийн төлөөсөнд амьдралаа бүхэлд нь өгчхөөд байгаа юм.
НҮБ Монгол Улсын Засгийн газраас унаач хүүхдүүдийн амь насны хариуцлагыг нэхсэн зөвлөмжийг өнгөрсөн оны зургаадугаар сард ирүүлсэн. Гэвч хагас жил гаруй Ерөнхий сайд эсвэл ЗГХЭГ-ын дарга, аль нэг албан тушаалтны шүүгээнд хав дарагдсаар өнөөг хүрч байна. Үр дүн нь унаач хүүхдийн насыг 12 болгосон гэх ганц өгүүлбэрээр хаацайлсан өвлийн морин уралдааныг зөвшөөрсөн шийдвэр.
НҮБ-ын зөвлөмжийн талаар Хүүхдийг ивээх сангийн төлөөлөгч Э.Цолмон “Хүүхдийн эрхийн хорооны зөвлөмж хүүхдийн эрхийг хангах чиглэлээр Засгийн газрын ирэх таван жилд хийх ажлын хүрээг томьёолж өгсөн байдаг. Боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээлийн асуудлаар ямар зүйл хэрэгжүүлэхийг тусгадаг.
Насанд хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулж байгаа нь олон улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөр эрхлэх насны доод хязгаар, Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах гэрээ конвенцийг зөрчсөн. Мөн НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос хүүхдийн амь нас хохироосон этгээдтэй хариуцлага тооцохыг НҮБ-аас зөвлөсөн. Төрд ажиллаж байгаа хүмүүс хувийн ашиг сонирхлын зөрчилтэй байна. Тухайлбал, УИХ болон Засгийн газар ажиллаж байгаа хүмүүс хурдан Морины сургагч, уяач түүнчлэн эмийн үйлдвэр, архи дарсны үйлдвэр эрхэлдэг хүмүүс хүүхдийн эрхийг хангахад ашиг сонирхлын зөрчил саад болж байна гэдгийг хатуу тэмдэглэсэн” гэлээ.
Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний сүлжээний зохицуулагч Ц.Баттуяа “Засгийн газар хүүхдийн эрх, хамгааллын асуудалд хандахдаа хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигт нийцсэн магадгүй авлига, хээл хахуулийн холбоотой асуудлыг анхаараач ээ. Үүний цаана хүүхдийн эрх зөрчигдөх, хохирох зүйл байсаар байна” гэв.
ХЭҮК-оос энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Засгийн газарт зөвлөмж хүргүүлж байсан. Мөн Хүний эрхийн төлөөх байгууллагууд хурдан морь унаач хүүхдийн эрхийн асуудлаар Засгийн газрын шийдвэртэй холбоотой шаардлагыг өчигдөр ХЭҮК-т өгсөн байна. Мөн “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг УИХ-ын хууль зүйн байнгын хороо маргааш хэлэлцэж, тогтоолыг нь батлах юм байна.
Төсөлд хүүхдийн эрхийн хэрэгжилттэй холбоотой олон заалтууд бий. Өвлийн морин уралдааны талаарх Засгийн газрын шийдвэр ийнхүү НҮБ-ын хоригтой туллаа. Харин хоригоос гарахын тулд шат дараатай ямар алхам шаардахыг хэлж мэдэхгүй.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|