Хуралдаа суудаггүй гишүүд, “хуруугаа уншуулдаг” ажилтан хоёрыг жишихүй
- Өндөр түвшиндээ үлгэрлэж баймаажин сахилга, дэг журам, хариуцлагаа тогтдог-
Өглөө ажилдаа ирээд түлхүүрээ хайн мунгинаж зогстол хажуу өрөөний залуучууд дэргэдүүр дайрчих шахан өнгөрч байна. Гаминд хөөгдсөн амьтан гэдэг шиг юундаа ингэтлээ яардаг юм хэмээн илүү үглэвэл “хуруугаа уншуулах” гээд гэж байна. Нэг ёсондоо цагаа бүртгүүлэхээ ийн хэлж байгаа хэрэг. Ажлаасаа хоцорвол минутаар тооцож цалингаа хасуулна. Тийм болохоор л тэд адгаж яарч, шат хонгилоор адуу шиг тачигналдана. Ер нь хувийн хэвшлийн аль ч байгууллагуудад ийм жишиг үйлчилдэг. Цаг бол цаг, ажил бол ажил.
Харин улсын байгууллагынханд арай өөр. Ажлаасаа тав арван минут хоцрох, аль эсвэл ийм тийм шалтаг тоочоод ганц нэг өдрийн ажлыг аргалах бол юу ч биш, байдаг л зүйл. Ихэнхдээ л ийм байдаг байх.
Гэхдээ төрийн албан хаагчид хэрхэн ажилладаг болохыг илтгэн харуулах бэлээхэн жишиг бидэнд бий. Тэр бол Улсын Их Хурал. Төрийн эрх барих хамгийн дээд байгууллага шүү дээ.
Өчигдөр /2018.01.25/ УИХ-ын нэгдсэн хуралдаантай байв. Үдээс хойшхи хуралдаан эхлэхэд УИХ-ын дарга М.Энхболд 15.00 цагт чуулганы танхимд орж ирсэн ч гишүүд цуглахыг хүлээж, 15 минут сууна билээ.
Хууль тогтоогчдоосоо бид хариуцлага сахилга, улстөрийн соёлыг мэдэрч чаддаг билүү. Монгол Улс парламентын засаглалд шилжээд 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд засаглалынхаа шинэ хэлбэрт хэр суралцаж, төлөвшиж чадаж байна уу гэсэн асуултад хариулах хэрэгтэй болж байна.
Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэлсэн ч дэмжигдсэнгүй. Учир нь гишүүдийн ирц хангалтгүй байсан тул үзэл баримтлалыг дэмжсэн гишүүдийн санал олонхи болж чадсангүй.
УИХ-ын гишүүний үндсэн үүрэг бол хуралдаа сууж, орж ирсэн хуулийн төслийг хэлэлцэж ус шүүсийг нь шахах явдал. Сонгогч олон өөрийн шилдэг гэсэн хүнээ сонгож тийш нь илгээдэг болохоор Монгол төрийн нүүр царай, үлгэр жишээ, хариуцлага дэг журам гэдгийг иргэд тэндээс эрэлхийлдэг. Мянган жилээр тооцогдох төрт ёсны уламжлалтай ард түмэн гэдэг өөр л дөө. Төр төмбөгөр байхын жинхэнэ жишигийг хууль тогтоогчдоосоо хайхаас өөр яах билээ.
Тэгээд ч парламентын засаглалтай улс оронд төрийн хамгийн сайн жишиг, үлгэрлэвэл зохих дууриалыг хууль тогтоогчид л харуулж байх учиртай. Энэ хэрээр төрд хариуцлага сахилга шат шатандаа хэвшиж, засаглал хомсдох зай завсарыг шахаж байдаг. Улс орон ингэж өндөр түвшиндээ үлгэрлэж баймаажин сахилга, дэг журам, хариуцлагаа тогтоож чаддаг юм байх. Яг л манайхны ярьдаг “Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гэдэг шиг. Тэгэхээр үлгэрлэл дээрээсээ эхэлдэг гэсэн үг. “Дээд хүн суудлаа олохгүй бол доод хүн гүйдлээ олохгүй” гээд дэмий нэг хэлчихээгүй юм байна. Мөн чанар, агуулга гэвэл ийм аж.
Харин хууль тогтоогчдоосоо бид ийм хариуцлага сахилга, улстөрийн соёлыг мэдэрч чаддаг билүү. Монгол Улс парламентын засаглалд шилжээд 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд засаглалынхаа шинэ хэлбэрт хэр суралцаж, төлөвшиж чадаж байна уу гэсэн асуултад хариулах хэрэгтэй болж байна.
З.Энхболдын тэргүүлсэн парламентын үед хуралдах гэж хэцүү ажил байлаа. Хуулиа хэлэлцмээр байдаг, хурлын танхим нь хүнгүй шахам. Алдсан малын эрэл гэдэг шиг хуралдаа ирдэггүй гишүүдийг урин дуудах гэж хамаг цагаа авдаг. Өглөө товлосон хурал өдөр эхэлнэ. Бүр хэдэн хоногоор ч гацна. Ирц бол аль ч парламентын үеийн асуудал байсаар ирсэн, хүний өөрийнх гэлгүй нийтлэг болчихсон “жишиг”. Энэ бол манай парламентын хоолойд тээглэсэн яс. Хуралдаа суухгүй хэд хоногоор шилрээд явчхдаг гишүүд ч бий. Гэхдээ үүнээс өөр асуудал бас байна аа. Бусдын кнопыг дардаг, согтуу хөлчүү үедээ төрийн хэргийг хэлэлцдэг, эсвэл эхнэр нөхөр шиг хэрэлдэж чи би-дээ тулахыг алийг тэр гэхэв. Нэг гишүүн таван кноп дарсан тохиол ч бий. Ямартай ч энэ бүхэн төрийн ёс зүй биш.
УИХ-ын гишүүн хүн хуралдаа суугаагүй бол ажлаа тасалсан, цагаасаа хожимдсон бол ажлаасаа хоцорсон гэсэн үг. Хэрэв бусдын кнопыг дарсан бол хүний эрхэд халдаж байгаагаас өөрцгүй. Ийм байдал даамжирч давраад эхэлсэн учир өмнөх парламентын үед буюу 2015 оны гуравдугаар сард УИХ-ын гишүүн Ж.Батзандан гишүүдийг хариуцлагатай болгохын тулд хуралдаа суудаггүй тасалдаг, мөн бусдын кнопыг дарсан гишүүнийг эргүүлэн татахаар хуулийн төсөл боловсруулж байсан удаатай. Тэрбээр УИХ-ын гишүүн бусдын кнопыг дарсан, согтуугаар хуралд суусан, аль эсвэл хурлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр олон цагаар тасалсан бол сонгогчдоо доромжилсон гэж үзнэ. Сонгогчоо доромжилсон, тэдний эрхэнд халдсан бол ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулиар тусад нь бүлэг болгож зохицуулах хэрэгтэй гэсэн саналтай байсан юм даг. Харамсалтай нь түүний санаачилсан энэ хуулийн төслийг ангийнхан нь дэмжээгүй юм.
Хэрэв та бүхэн санаж байгаа бол 2016 оны эцсээр Хууль зүйн байнгын хороо Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл хэлэлцэх гээд ирц хүрэлцэхгүй 14 хоногийн турш хуралдаж чадаагүй.
2017 оны 11 дүгээр сарын сүүлчээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан бас л цагасаа хоцорч эхэлсэн учир УИХ-ын дарга М.Энхболд “УИХ-ын гишүүдийн ирцийн асуудлыг анхаарах шаардлагатай байна. Гишүүд хурал эхэлсэн цагт картаа уншуулж, холбогдох байнгын хороо, дэд хороо дүгнэлт хийж, мэдээлэл танилцуулах шаардлагатай”-г сануулж байсан.
Тэр үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү “УИХ-ын гишүүд чуулганы хуралдаан эхлэх цагаас 40 минут хоцорч ирлээ. УИХ-д ямар бодлогогүй, хариуцлагагүй хүмүүс сууж байна вэ. Цэцэрлэгийн хүүхдүүд 15 минут хоцроход хүлээж авдаггүй байхад УИХ-ын гишүүд нь 40 минут өнгөрчихөөд байхад хуралдаандаа орж ирэхгүй байна. Ийм байдлаар явж болохгүй” гэсэн нь оносон харьцуулалт байсан юм.
Жирийн нэг албан хаагч ажлаасаа хоцорч ирсэн хугацаагаараа цалин хангамжаасаа хасуулдаг. Харин ажилдаа ирдэггүй, хоцордог, үлгэргүй байдал гаргадаг гишүүдэд тооцох хариуцлага гэж байна уу. Тэр гишүүн хурал тасалсан учир тэгж хариуцлага тооцлоо гэж сонсоогүй. Сонсох ч үгүй. Яагаад гэвэл тийм хариуцлагын механизм одоогоор үгүй байна.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Манайх шиг ийм ирцтэйгээр чуулганаа хуралдуулдаг газар гэж байдаггүй юм байна. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-ын гишүүдийн ирцийг бүрдүүлэх, гадны орнуудын жишгийг оруулж ирэх асуудлыг ярилцаж байгаа” гэсэн тайлбар өгч байсан. Тэгэхээр тэр жишиг хурдхан орж ирээсэй. Сонгогдсон гишүүд нь бүгдээрээ сууж байгаад хууль номоо хэлэлцдэг болчихвол наанадаж хариуцлагын сайн үлгэр дууриал болохоос гадна гарч байгаа хуулийн чанар ч гэсэн сайжирна шүү дээ.
Эх сурвалж: Zaluu.mn
|