Ченжийг халъя гэвэл хоршоогоо хөгжүүл

2018 оны 1 сарын 25

“Мал маллахаа марксизмаар заалгахгүй” хэмээн омгорхдог монголчууд хөдөө аж ахуйн уламжлалт ухаанаа нэгэнт гээсэн бололтой. Ард иргэдийн өргөн хэрэглээний хүнсийг хангадаг энэ салбарын зүрхний цохилтыг үлгэн салган тэтгэж байгаа нь гадаад улс орон, олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрүүд болж хувирчээ. Гэхдээ үлдсэн багахан тамираа тарамдуулснаас болж амь тариа ч олигтой үйлчлэхгүй байна. Зах зээлд шилжиж, малаа хувьд шилжүүлсний дараа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах өмчийн гол хэлбэр нь хоршоо болж хувирав. 

Малчид, тариаланчид, фермерүүд хоорондоо эвлэлдэн нэгдэж хөдөлмөрийн үр шимээ хүртэж, бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлэх боломжтой болсон. Харамсалтай нь, өнгөрсөн 20 гаруй жилийн турш эдийн засгийн тулгуур салбараас Made in Mongolia- г дэлхийд таниулсан брэнд бий болгож чадсангүй. Харин ч эсрэгээрээ, хурга, ишгээ бойжуулах аргыг гаднынхнаар заалгаж, нутаг нэгтнүүд нь ТББ нэрээр төслийн мөнгөөр амь зуудаг болчихжээ. Мягмар гарагт салбарын яаман дээр хоршооны эрх зүйн орчныг сайжруулах хэлэлцүүлэг болж өнгөрөв.

Дов тойрсон бүтцээс тулгуур салбарын хөгжлийг эрээд хэрэггүй 

Чухал асуудалдаа санаа тавьж эхэлснийг нь сайшаамаар байгаа ч хэлэлцүүлэгт бодлого боловсруулагч, салбарын мэргэжилтнүүдийн төлөөлөл бараг л алга. Харин НҮБ, Швейцарын хөгжлийн агентлаг, “Глобал коммунитис”, “Инвест коор Монгол” “Адра” зэрэг 10 гаруй гаднын байгууллага манай малчин, тариаланчдын амьжиргааг сайжруулах гарц шийдэл, туршилтын загваруудыг танилцуулж байх юм.

Бүгд л малчин, ногоочин, тариаланч, фермерүүдийг чадавхжуулах, хоршооны аж ахуйгаа хөтлөхөд зориулсан сургалт явуулж, бүтээгдэхүүний брэндинг, сав баглаа боодлоо сайжруулах тухай нэг бүрчлэн тусалж, дэмжиж буйгаа тайлагнав. Хар багаасаа мал адгуустай ноцолдож өссөн хүнээс өнөөдөр менежер бол гэж шаардаж байгаа нь бүтэхгүй хэрэг. Ер нь дэлхийн хаана ч байхгүй жишиг гэдгийг зарим мэргэжилтэн хэлж байна. Малчин хүн малаа маллаж, ногоочин хүн ногоогоо л сайн тарих чадвартай болохоос биш түгээх, борлуулах, менежмент хийх нь өөр нэг бүтцийн, тодруулбал, хоршооны хийх ажил. 

Тухайлбал, Германд “Райффайзен” хэмээх 100 гаруй жилийн түүхтэй, 1.4 сая гишүүнтэй хоршоо бий. Тус хоршоо нь гишүүддээ үйлчилдэг тусдаа банктай, ургамал хамгааллын бодис, бордоо, хөдөө аж ахуйн техник зэргийг нийлүүлж, агуулах саваар хангаж, борлуулалтын дэмжлэг үзүүлэх гэх мэт гишүүдийнхээ бүх хэрэгцээг хангадаг тухай хөдөө аж ахуйн хараат бус зөвлөх, доктор Б.Эрдэнэболор сонирхууллаа. Ийм нэгдсэн зохион байгуулалттай ажилласныхаа ачаар Герман улс өнөөдөр дэлхийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлогч гурван том орны нэг болжээ.

Мөн Энэтхэгийн “Гужарат” сүү үйлдвэрлэгчдийн хоршоо гэхэд 2.8 сая саалийн фермерийг нэгтгэсэн. Гишүүдийнхээ фермерийн тэжээлийн хангамж, борлуулалтыг нь шийдэж, мэдлэг мэдээллээр хангах, хоорондоо хамтарч ажиллах санаачилгыг дэмжиж, мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг байна. Фермерүүд малаа өсгөх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндсэн ажлаа л хийнэ. Арын бүх ажлыг нь хоршоо зохицуулж, зөвхөн өөрсдийнх нь төлөө ажилладаг бүтэц болж чаддаг тул фермерүүд ч урамтай ажилладаг байна. Гэтэл манай улсад арван хэдэн мянган хоршоо байгаагийн тэн хагас нь хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг.

Томоохон сүлжээ гэхээсээ жалга дов тойрсон, хамтын засаглал бус ганц эзний удирдлага ноёлдог, бүтээгдэхүүнээ түгээдэггүй атлаа татаас авахын төлөө улайрдаг бүлэг төдий бүтцүүд бий. Бүтээгдэхүүний тээвэрлэлт, борлуулалтын нэгдсэн сүлжээгүйн улмаас мах, сүү нь 3-4 ченжийн гар дамжин хот суурингийн хэрэглэгчдэд өндөр үнээр хүрч, түүхий эд нь үйлдвэрлэгчдийн шаардлага хангадаггүй. “Монгол ногоо” төслийн хийсэн судалгаагаар ногооны 12 хоршооны 73 хувь нь ченжээр дамжуулан ургацаа зах зээлд борлуулдаг байна. Нөхцөл байдал ингэтлээ дордсон шалтгааныг мэргэжилтнүүд анхнаасаа хоршооны тухай ойлголт буруу тогтсонтой холбон тайлбарлах юм.

Монгол шиг том газар нутагтай, жижигхэн эдийн засагтай улсад нэгдсэн нэг том бүтэц байх нь үр дүнтэй болохоос бус олон тусдаа байх нь хүчээ тарамдуулах шалтгаан болжээ. Гэхдээ хоршоог нэг удирдлагад базсан сайн туршлага бий. “2005 онд Канадын туршлагаас авч нутагшуулсан Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь үр тариан аж ахуй эрхэлдэг 1000 гаруй аж ахуйн нэгжийг нэгтгэсэн юм. Гишүүдээ үр бордоогоор хангаж, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж зуучилж, борлуулалтыг нь нэгдсэн байдлаар шийдэж нэг бүрчлэн хүрч ажиллаж чадаж байна. Сангаас зээл авсан тариаланчид намар нь хураасан ургацаасаа эргүүлээд зээлээ төлж, бүх бодлого, үйл ажиллагаа нь уялдаатай болсон.

Хоршоо нэгдсэн том бүтэцтэй байх нь үр дүнтэй 

Хоршоо гэдэг чинь олон хүнийг хамарсан бүтэц байх тусмаа урагшилж, үйл ажиллагаа нь уялдаатай байдаг гэдгийг олон улсын туршлага харуулдаг” хэмээн доктор Б.Эрдэнэболор ярилаа. Ний нуугүй хэлэхэд нарийн боов, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл сайн байгаа нь дээрх зохион байгуулалтын нэг үр дүн. Харин хоршоод зээл авах, татварын хөнгөлөлтөд хамрагдах эрх зүйн орчин байхгүй байгаа нь энэ чиглэлийн үйл ажиллагаа ахихгүй байгаа шалтгаан гэдгийг Монголын нэгдсэн мал эмнэлгүүдийн дундын хоршооны үүсгэн байгуулагч Г.Бат-Ирээдүй онцоллоо. Тэрбээр “Бид үйл ажиллагааныхаа зардлыг санхүүжүүлэхээр зээл авах гэж яг үнэндээ таван жил хөөцөлдөж байна” хэмээв.

Хоршоо нь гишүүдийн нийлүүлсэн дундын хөрөнгөтэй тул банкны зээлийн шалгуурт тэнцдэггүй аж. Тиймээс энэ чиглэлд эрх зүйн шинэчлэл хийх шаардлагатай байгааг тэрбээр анхаарууллаа. Хамгийн гол нь гишүүддээ мэргэжлийн үйлчилгээ үзүүлж, зах зээлээ хамтаар хамгаалж, бизнесийн үйл ажиллагаа явуулах нь хоршооны мөн чанар. Тиймээс ч эдийн засгийн тулгуур салбарын хөгжлийг үүнээс ангид харах боломжгүй болчихоод байна.

ЗГМ ТОДРУУЛГА

Б.Баасансүх: Төрөөс татаас авахын тулд л хоршоо байгуулж байна ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн захирал, доктор Б.Баасансүхээс дараах тайлбарыг авлаа.

-Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулахад хоршоо ямар үүрэг гүйцэтгэдэг вэ. Үүргээ гүйцэтгэж чадаж байна уу? 
-Ер нь хоршооны эрх зүйн орчин төгс төгөлдөр болоогүй байна. Уг нь тодорхой байвал хоршоо идэвхтэй байх боломжтой. Гэтэл өнөөдөр хоршоодын хөгжил янз бүр байна. Сүүлийн үед ийм аж ахуйн тоо нэмэгдэх болсон. Шалтгаан нь ноосны болон улаан буудайн урамшуулал гэх мэт төрөөс татаас авах зорилгоор байгуулах сонирхол их болсон. Үнэндээ өнөөгийн хоршооны дүр төрх татаас авах л зорилготой байна.

-Монголын хөдөө аж ахуйд хоршооны ямар загвар зохих бол? 
-Мал аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлтэй холбох ажлыг хоршоо гүйцэтгэх учиртай. Малчид зах зээлтэйгээ холбогдож чадахгүй байгаа учраас мах, сүү өндөр үнээр иргэдийн гарт хүрдэг. Тиймээс дундын хоршоодыг байгуулах замаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжтой.

-Дундын хоршооны эрхзүйн орчин байна уу? 
-Тодорхой хэмжээгээр байгаа ч үйл ажиллагааг нь дэмжсэн тогтолцоо алга. Ер нь хоршооны үйл ажиллагааг бодитой дэмжих бодлого алга, миний харж байгаагаар. Мөн хоршоог чадавхжуулах үйл ажиллагаа явуулдаг байгууллага байхгүй тул энэ үүргийг ТББ-ууд гүйцэтгэж байгаа юм. Хоршоогоо дэмжих бодлого, боловсон хүчнийг ажил хэрэг болговол 4-5 жилийн дараа мал аж ахуйн бүтээгдэхүүн экспортод гарах бүрэн боломжтой болно.

-Хоршоо бол социализмын үед байсан нэгдэлтэй бараг ижил хэмжээний статустай байх нь бидэнд ашигтай гэж ярьж байна. Бүтцийн хувьд ямар байх нь оновчтой вэ? 
-Төр засгийн зүгээс хүчээр нэгтгэж, зохион байгуулснаас илүүтэй зах зээлийн горимоороо явах ёстой. Хоршоо нь хувьцаат компанийн хэлбэртэй байсан нь дээр болов уу гэж боддог. Мэдээж өнөөдөр хоршоог хувьцаат компанийн статустай болголоо гээд ченжийн тогтолцоог маргааш халчихгүй. Гадаад зах зээлтэй холбогдсон, ноос угаах жижиг үйлдвэрлэл эрхэлж байгаа ченжүүд бий. Тэгэхээр хувьцаат компаниар дамжуулж ченжүүдийг зохицуулалтад оруулах шаардлагатай. Төрийн дэмжлэг үүнд хэрэгтэй. Гэхдээ 100 биш 20-30 хувьд нь л төрийн дэмжлэг байхад хангалттай. Үлдсэнд нь ченж, түүхий эд бэлтгэгч, худалдан авагчдыг нийлүүлсэн хувьцаат компани байхад болохгүй гэх зүйлгүй

-Өнгөрсөн жилүүдэд хоршоо хөгжөөгүй шалтгаан нь юу юм бол? 
-Хоршооны үйл ажиллагаа итгэлцэл дээр явагдах ёстой. Бид нэгэндээ итгэхээ больсон учраас хоршооны хөгжил давжаарчихсан болов уу. Нөгөөтэйгүүр дундын, хувь нийлүүлсэн биш ерөнхийдөө эзний хоршоо давамгайлснаар засаглалын хувьд цааш явахгүй, үнэнийг хэлэхэд жалга довын үзлээсээ салж чадахгүй байна.

З.Цэлмэг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52907
0 эможи
keyboard_arrow_up