Хоёр хөршөөсөө аяга цайны урилга аваагүй ЕРӨНХИЙЛӨГЧ МИНЬ
Хаврын улс төр ирэх сарын 1-нээс эхэлнэ. АН үндэсний хэмжээний жагсаал зохион байгуулахаа мэдэгдэж, бэлтгэл ажлаа хангахаа зарласан. Тэгвэл энэхүү бэлтгэл ажлыг хангах үүргийг Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авсан бололтой. АН Засаглаж байх үеэс иргэдийн амьжиргаа муудаж, өсөлттэй байсан эдийн засаг уруудаж, эмнэлгийн орон дээр хүргэгдэж, Монгол модоо барихад хүрснийг эдийн засагчид хүлээн зөвшөөрч байгаа. Тиймдээ ч иргэд Ардын намыг сонгож, АН-д дүнг нь тавьсан гэхэд болно. Гэвч амьдрал дээрдсэнгүй, татвар нэмэгдэв. Тэр бүү хэл нефть импортлогчид төрийг шантаажлаж, шатахууны үнээ нэмж, зохиомол хомсдол үүсгэв. Чухамдаа нефть импортлогчдын цөөнгүй нь цэнхэр батлахтай. Улаан үнэмлэхтэй зарим нь хөх талынхантай бизнесийн хамтрагчид байх нь энүүхэнд. Тиймдээ ч ойрын өдрүүдийн үйл явц, АН-ынхны зүгээс шидсэн чулуу байж болох талтай. Үр дүнд нь иргэд тун ч ууртай, бухимдалтай явна.
Ерөнхийлөгч Х.Баттулгын иргэдийнхээ үгийг сонсож байгаа энэ үйл явдал ядарсан ардад хонгилын үзүүрт сүүмэлзэх гэрэл мэт мэдрэгдэвч үнэн хэрэгтээ бохир улс төрийн золиос болж байгаагаа ойлгосонгүй. Өнгөрсөн намрын багш нарын ажил хаялтын жагсаалыг өнөөгийн сөрөг хүчин бүхий л талаар л дэмжиж, тэр бүү хэл, уриа лоозонг нь хэвлэж тараасан гэх мэдээлэл бий. Үнэндээ цалингаа 1.6 саяд хүргэнэ хэмээн бухимдаж байгаа багш нарын цалинг нэмнэ гэвэл улсын төсвөөс багадаа 450-500 тэрбум төгрөг гаргах шаардлагатай. Энэ бүхний эцэст эрх баригчид 300 мянган төгрөг тараан нурманд оруулсан. Өдгөө сар шинийн баяр дөхөж, мөнгөний гачлан үүссэн энэ цаг үед учир утгагүй медаль үйлдвэрлэж, таарсан зүгт тарааж байснаас иргэдээ сонсох нь хамаагүй мэргэн санаа нь мэдээж.
Төрийн тэргүүн уулзалт бүр дээрээ хэлдэг уламжлалт үг нь “Би уулзалтуудаа утаа ихтэй үед хийж байгаа. Цагаан сар дөхөөд утаа мартагддаг, дараа нь 3,4 сар болж наадам дөхнө. Ингэж явсаар өвөлтэй золгож дахиад утаагаа ярина. Ийм байдалтай олон жил явж байгаа учраас утаатай холбоотой асуудлаар уулзалтууд хийж байгаа. Утаанаас салахгүй бол улсаа хөгжүүлнэ гэж байхгүй. Тиймээс би утааг арилгахдаа ажилгүйдэл, ядууралтай нь хамт арилгая гэж байгаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжээд, том бүтээн байгуулалт зарлаад иргэдээ ажилтай болгох бодлого барьж байгаа. Ингэсний дараа иргэд орон сууцны зээлд хамрагдах хэмжээний бага орлоготой байгаа үед иргэд өндөр хүү төлөөд орон сууцанд орж чадахгүй”.
Ийнхүү С.Эрдэнэ дарга нь орон нутагт суугаа намынхнаа командлаж, иргэдийн уухайн эхлэл бэлтгэл ажлаа хангаж байгаа бол Төрийн тэргүүн олны бухимдлыг өдөөн, тэртэй тэргүй уугиж эхлээд буй галд цучил нэмэх ажиллагааг гардан зохион байгуулж явна. Энэ цуглаанаар С.Эрдэнэ, Х.Баттулга нарын хэн нь хүчтэйгээ үзэх боломжийг ч олгоно.
Зүй нь С.Эрдэнийг намын дарга болоход нь МОАХ-ны хүч их. Харин Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн суудалд суулгахад “Шонхор”-уудын нөлөө чамлахааргүй. Мэдээж хэлэлцэж тохирсон ёсоор хэн хэндээ тусалсан. Үр дүн нь гарсан. Тохиролцооны хамгийн бодит жишээ нь З.Энхболд. “Шонхор” шошго нь хусч зүлгээд ч арилахааргүй нөхрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаараа томилсон. Сүүлийн үед Төрийн тэргүүний улс төрийн тоглолтуудыг ч мань хүн найруулж, тавьсан гэдгийг масс ойлгоод байгаа. Ядахад сүүгээ өргөж үдсэн нам нь, дарга нь ч нүүр өгдөггүй. Үнэндээ Х.Баттулга АН-ын дарга шиг аяглаж, зарим үед гал тогоонд нь хормогч зүүчихсэн зогсож байгаа нь С.Эрдэнэ ванд яахин таалагдах билээ. Нөгөөтэйгүүр нам доторх хүч нэг тийшээ хэлбийх болсон нь ч өнөөгийн намын даргын бухимдалд нөлөөлдөг биз. Ямартаа Төрийн ордонд бус намын байрандаа өдрийн ихэнх цагийг өнгөрөөж суух вэ дээ.
Эх сурвалж: Нийгмийн шуудан