Уншихгүй, сэтгэхгүй, сэхээрэхгүй иргэдийг “БҮТЭЭХ НЬ“
Эх хэл цэвэр ариун байх нь монгол үндэстний дархлаа, монголчууд оршихын баталгаа.
Утга яруу гайхамшгийг эх хэлээрээ уншиж, мэдэрч, түүгээр дамжуулан дэлхий ертөнцийг өөртөө нээхгүй л юм бол монгол хүн байгаад яах билээ. Ер нь хүн болж төрсний хэрэг ч гарахгүй биз. Аялгуу сайхан монгол хэлээрээ ярьж, бичиж чадахгүй хүнийг монгол хүн гэж хэн хэлэх, итгэх билээ. Ийн хэлсний учир нь өдгөөгийн хүүхэд багачууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, ирээдүйн улс орныг удирдагч, бүтээгчид маань эх хэлний ядууралд нэрвэгдэж, унших хийгээд сэтгэх, мэдрэхийн үгүйрэлд автаж эхэлжээ.
Үүний хамгийн наад захын нотолгоо бол жилээс жилд үзүүлэлт нь муудаж буй монгол хэл, бичгийн элсэлтийн ерөнхий шалгалтын дүн. Их сургуульд элссэн ч зөв бичгийн дүрэм, хэл найруулгын алдаагаа “засаж” чадахгүй явсаар ажлын талбарт гарч буй намтар, ажилд орох өргөдлөө тоолох боломжгүй дүрмийн алдаатай, уншихын аргагүй маруухан найруулгатай юм биччихээд хээв нэг зогсож буй хэдэн мянган залуус.
Үүнд нөлөөлж буй хамгийн том шалтгаан бол дунд сургуулийн сургалтын хөтөлбөрөөс уран зохиолын хичээлийг хассан явдал юм. Монгол Улс Боловсрол шинжлэх ухааны бие даасан яамтай, хэл шинжлэлийн ухааны олон зуун эрдэмтэн, мэргэдтэй мөртөө өдгөө эх хэл минь эзэнгүй мэт байгаа нь хэнтэй, юутай холбоотой вэ. Эх хэл бол үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдалтай нягт холбоотой чанд сахин хамгаалах үнэт зүйлсийн нэг билээ.
УНШДАГГҮЙ СУРАГЧ “ҮЙЛДВЭРЛЭСЭЭР” Л БАЙГ УУ
1990-ээд оны сүүлч, 2000 оны эхээр Боловсролын дидактикийн шинэчлэлд “нэгдмэл хичээл”, “хичээл хоорондын холбоо" интеграц нэрийн дор бага ангид урд өмнө үздэг байсан “Унших бичиг" хичээлийг монгол хэлтэй нэгтгэсэн юм. Энэ бол 1990-ээд оноос хойш ерөнхий боловсролын сургуулийн сургалтын арга барилд туршиж буй олон арван туршилтын ердөө нэг хэсэг.
Тухайн үеэс “Унших бичиг" хичээлийг үзээгүй хүүхдүүдийн зарим нь өдгөө ерөнхий боловсролын сургуулиа төгссөн ч үр дүнд нь “уншдаггүй" иргэн олширсон гэсэн үг. Багаас нь ном унших, номонд хайртай байх, үлгэрт дурлах, үйл явдлыг нь төсөөлөн мөрөөдөж, өөрөө үргэлжлүүлэн сэтгэх дадалд суралцаагүй өдөө-гийн 20 настнууд бичиг үсгийн боловсролгүй байхаас ч яах билээ.
Боловсролын үнэлгээний төвөөс сүүлийн гурван жилд монгол хэл, бичгийн хичээлээр ерөнхий элсэлтийн шалгалт өгөх төгсөгчийн тоо мянга мянгаар нэмэгдсэн ч, энэ хичээлд муу дүн авагсдын тоо 10 дахин нэмэгдсэн гэсэн тоо мэдээлэл гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, ерөнхий боловсролын сургууль төгсөгчид монгол хэлний хал найруулга, зөв бичих дүрмийн мэдлэг маш нимгэн, наад захын зохион бичлэг, эсээ бичих чадваргүй, бичгийн хэв, соёлгүй байна гэсэн үг.
Энэ байдал нь зөвхөн тэдэнтэй хамаатай асуудал биш юм. Учир нь монгол хүүхэд бүр, дунд болон их, дээд сургууль төгсөгч бүр Монголын ирээдүйг бүтээгч, бүтээн байгуулагч, төр болон хувийн байгууллагын ачааг үүрэлцэх боловсон хүчнүүд. Гэвч тэд уншихгүй, сэтгэхгүй, алдаа мадаггүй бичиж, найруулж чадахгүйн хэрээр мэдлэг нимгэн байх нь эмгэнэл биш гэж үү.
Эх хэлэндээ монголчууд хэрхэн анхаарч, хүүхдийн насны онцлогт тохируулан юуг заавал зүйтэй вэ гэдгийг өмнө нь хэрхэн боловсруулж ирсний ганцхан жишээ дурдъя. Академич Ц.Дамдинсүрэн “Оюун түлхүүр болбоос Монголын дотор маш түгээмэл дэлгэрсэн зохиолын нэг болмуй. Гэрээр бичиг сурах багачууд цагаан толгой заасны дараа “Оюун түлхүүр”-ийг уншуулдаг байлаа.
Энэ ном болбоос урьдын цагт зан суртахууны сурах бичгийн чанартай хэрэглэгдэж байсан бүлгээ” (Ц.Дамдинсүрэн, Монгол уран зохиолын дээж зуун билиг оршвой, Улаанбаатар, 1959, 58-р тал) гэсэн бол эрдэмтэн Ш.Чоймаа “Нэгийг үйлдэхдээ нөгөөг давхар боддог, холыг харж, гүнийг сэтгэдэг өвөг дээдэс маань үр хүүхдэдээ үсэг бичиг заах, заалгахдаа зүгээр нэг аманд орсон үг, гарт тааралдсан ном зэргээс бичүүлдэггүй байжээ. “Хуучин цагт, гэрээр монгол бичиг заалгах үед, цагаан толгой үзэнгүүт, “Эртний богд Чингисийн зохиосон шастирыг өчүүхэн сануулахын учир” гэж эхлээд “Чингис Богдын зохиосон сургаал, үүгээр шашин төр хоёр энх амгалан тогтох болтугай” гэж төгсөх “Оюун түлхүүр” сургаалыг уншуулдаг бичигдээгүй хууль мэт журамтай байсан нь олон давхар утга учиртай байсан ажээ.
Багачууд хүүхдүүдийг үсэг нүдлэнгүүт нь эзэн богд Чингисийн билгээс сурвалжтай сургаалыг цээжлүүлдэг байсны ач буянаар монголчуудын олон үеийнхэн эзэн Чингисийн үеийн Их Монгол Улсын тухай эртний түүхийг хүүрнэн ярилцаж, уг язгуураа үл умартан ирсэн буй заа” (Оюун түлхүүр нэрт шастир, Улаанбаатар, 2006, 4-р тал (Эхийг харьцуулж, кирил үсэгт хөрвүүлж, тайлбар хийсэн Ш.Чоймаа) гэсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, аль насны хэнд юу зааж, уншуулж, сургахыгаа, тэр тусмаа ямар зохиол бүтээл уншуулах нь зүйтэй вэ гэдгийг өмнөх үеийн эрдэмтэн мэргэд нарийн шүүн тунгааж, шилж, сонгодог байжээ. Гэтэл ардчилсан нийгэмтэй өнөөгийн эрдэмтэн, судлаачид унших ном санал болгох нь битгий хал заах цагийг нь хасчихаад сууж байна.
МОНГОЛ ХЭЛНИЙ ЭРДЭМТЭД ХАМТАРЧ, ЭХ ХЭЛЭЭ АВРАХ ЦАГ БОЛЖЭЭ
Монголын хэл, уран зохиолын эрдэмтэн, судлаачид уран зохиолын хичээлийг монгол хэлтэй нэгтгэн, хичээллэх цагийг багасгасан явдлыг зөв, буруу хэмээн хоёр талцсаар удлаа. Дунд сургуулийнханд буюу өсвөр насныханд уран зохиол уншуулахгүй, онцын шаардлагатай гэж үзвэл бие дааж судал хэмээх хөтөлбөрийг санаачлан батлахад гар бие оролцсон эрдэмтэн судлаач, багш нар өөрсдийн ажлаа урт настай байлгахын тулд үүнийг эсэргүүцэгчдийг үгүйсгэсээр байгаа билээ.
Өөрөөр хэлбэл, тусгаар Монгол Улсын эх хэл, соёлын асуудлыг хэдхэн багш мэдэж, талцаж хуваагдахыг, өөр өөрсдийнхөөрөө зүтгэхийг Монголын төр, хэл шинжлэлийн эрдэмтэд үг дуугүй харсаар ирсэн гэсэн үг. Багш, эрдэмтэд нь ч хамтраад шийдэлд хүрч чаддаггүй, улс үндэстний язгуур эрх ашиг бус өөрсдийнхөө өнөө маргаашийн эрх ямбаны төлөө талцаад удаж байгааг хэлэх хүн олон байна. Унших бичиг, уран зохиолын хичээлийн ач холбогдлын талаар орон нутгийн болоод нийслэлийн зарим ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын цөөн багш, эрдэмтдийн саналыг хүргэе.
Хэлбичгийн ухааны доктор (Ph.D) Я.ГАНБААТАР
“Эх хэлний бодлого үндэстэн оршихын баталгаа өгүүлэлдээ “...Бид уран зохиолын хичээл үзэж байсныхаа хүчинд “Миний нутаг", “Буурал ээж минь”, “Бэр цэцэг", “Би Монгол хүн”, “Би хаана төрөө вэ?”, “Ерэн баатрын дууль” зэрэг гайхамшигт яруу найргуудыг цээжлэн уран уншиж, “Цуутын цагаагч гүү”, “Боролдой өвгөн”, “Унага чоно хоёр” үлгэрүүдэд сэтгэл хөдлөн автаж, “Монголын нууц товчоо", “Хөх судар”, ‘Тунгалаг Тамир”, “Ану хатан”, “Хулан, Цамба хоёр" алдарт роман, тууж, өгүүллэгүүдийг бахдан шимтэн уншдаг билээ.
Энэ бол үндэсний уран зохиол. Үүнээс бид үндэс угсаагаа улам илүү танин мэдэж, бидний өвөг дээдэс ийм хүмүүс байсан юм байна, ингэж аж төрж, ийм түүх намтар үлдээжээ гэдгийг мэдэж авдаг. Тэгвэл цаана нь бас Гадаадын уран зохиолын хичээлээр дэлхий дахинтай танилц-даг. Дэлхийтэй танилцаж, дэлхийн тухай мэдлэгтэй болж, өөрийн үеийнхнээсээ хоцролгүй зэрэгцэн явж ирсэн юм. Ингээд бодохоор уран зохиолын хичээл хэчнээн чухал болох нь ойлгогдож байгаа биз ээ.
"Нэг их сүр дуулиан болгоод байх хэрэггүй. Бусад хичээлд цаг өгөх үүднээс ингэж байгаа юм” хэмээн Боловсролын яамны эрх мэдэлтнүүд ярьж байгаагаас үзвэл эдгээр хичээлийн цаг их байгаа нь Монгол Улсын хөгжилд чөдөр тушаа болоод байгаа мэтээр ойлгогдож байна.
Уран зохиолын хичээлээр л сурагчид эх хэлнийхээ яруу тансгийг ойлгон мэдэрч, үндэснийхээ уран зохиолын баялаг өв сангаас суралцан, зөв цэгцтэй ярьж илтгэж, зөв сайхан бичиж найруулж сурдаг бөгөөд уран яруу үг хэллэг, эрхэм тансаг найруулгад суралцдаг. Тэртэй тэргүй сурах ачаалал нь дэлхий дахины үе тэнгийнхнээс нь хавьгүй бага, сул чөлөөтэй байдаг манай хүүхэд залуучууд ном уншихаа байсан энэ харанхуй цаг үед хичээл сургалтаар хэлүүлэн шахуулан байж уншихгүй л юм бол одоо бүр, нэг нүдээрээ ч харахгүй биз дээ” гэжээ.
Орчуулагч Д.ОЮУНЧИМЭГ
“Ирээдүй үеийнхээ, улсын маргаашийг авч явах хүмүүсийн оюун санааг юугаар цэнэглэх вэ гэдэг нь төрийн бодлого байх ёстой. Эх хал, уран зохиолын хичээлийг нэгтгэсэн улс АНУ-аар тогтохгүй. Улсын болон хүний хөгжлөөрөө дэлхийд дээгүүрт орох Франц ч тэдний нэг. Гэхдээ тус улсын сурагчдад 1-3 дугаар ангидаа 96, 4-5 ангид 182 ном уншихыг санал болгодог. Тэнд хүүхэд бүр бүх номыг унших бус, өөрийн сонголтоор уншаад, ойлгосноо бусдад ярьж өгөх ёстой.
Суурь боловсрол эзэмших эхний таван жилийн хугацаанд нийт 278 ном уншихыг ирээдүйн иргэддээ санал болгодог Францын боловсролын систем хэл, уран зохиолын хичээлдээ долоо хоногт 10 цаг зарцуулдаг. Уран зохиолыг эх хэлтэйгээ нэгтгэсэн ч гол хичээл болгож, олон цагаар орохоос гадна хүүхдүүдээ ном уншуулахад ихээхэн анхаардаг нь харагдаж байгаа биз.
Францад үе тэнгийнхэн нь ийнхүү номоор дамжуулан ертөнцтэй танилцаж, унших дадалтай болон төлөвшиж байхад манай 1-5 дугаар ангийнхан долоо хоногт хоёрхон цаг л эх хэлний хичээл үзэж, сурах бичгээсээ илүү гарахгүй сууцгааж байгаа. Тэднийг илүү гаргахгүй суулгаж байна гэвэл тохиромжтой ч юм уу. Манай дунд сургуулийн сургалтын хөтөлбөр судалгаа муутай, хүүхдийн сурч, боловсрох шаардлага хангадаггүй талаар эцэг, эхчүүд бишгүй ярьдаг. Тэр нь уран зохиолын хичээл дээр илүү тодорхой харагдаж байна” гэв.
Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.ГАЛСАН
Тэрбээр нэгэн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Манай ерөнхий боловсролын сургуулиудад үтий үг зүй, утгазүйг буюу хэрэглээний үгний тухай үздэггүй. Хэлний дээд зэргийн мэргэжилтнүүдийн мэдвэл зохих хал шинжлэлийн нарийн хичээлийг үзэх юм. Энэ нь хурга хариулах ёстой хүүхдийг сансарт нисгэсэнтэй адилхан. Өгүүлбэрийн өгүүлэхүүнийг далий зурна, шулуун зурна гээд монгол хэлний хичээлийг зургийн хичээл болгочихсон. Үүний оронд үгийн утгыг сэнхрүүлэх ёстой.
Шинэ сайд энэ тухай анхаарах байх гэж найдаж байна. Өмнөх сайдын үед Уран зохиолын хичээлийг хөтөлбөрөөс хасчихсан. Энэ хичээл чинь эх хэлний уран чадварын өсөн эрдэнийн цогцолбор шүү дээ. Заагаад сурахгүй байгаа хүүхдүүд яаж бие дааж сурах вэ. Энэ нь гадаад хэлний хичээлийн цагийг уртасгах бодлоготой холбоотой гэж би харж байна. Мөн элсэлтийн шалгалтад монгол хэлээр шалгалт авна. Гэхдээ оноо өгөхгүй гэжээ. Энэ нь эх хэлээ муухайгаар доромжилсон явдал.
Ширээ атны үнэтэй үнэлгээг шалзандаа бариулчихсан ишигний үнэлгээгүй болгож байна. Тэгэхээр хүүхдүүдэд монгол хэлний хичээлээр яах вэ гэсэн бодол төрнө. Харин 2018 оноос үүнийг залруулна. Элсэлтийн шалгалтын хамгийн өндөр оноотой нь эх хэлний шалгалт болгоё. Монгол хэлний шалгалтаа давсан хүүхэд дараагийн шалгалт өгөх эрхтэй болно гэж ярьж байсан. Үүнийг л хэрэгжүүлэх хэрэгтэй” гэсэн нь бий.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Улсын тэргүүний ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш А.ТУНГАЛАГ
“Хүүхдийг бие хүн төлөвших хийгээд сэтгэн бодох, уян зөөлөн болох, ертөнцийг танин мэдэх үүд хаалгыг ардын үлгэр домог, зүйр үгс хийгээд сайхан зохиолууд нээж өгдөг. Унших бичгийн хичээлийг монгол хэлний хичээлтэй нэгтгэсэн нь сургалтын программд тодорхой ач холбогдолтой байж болох ч сурагчдад хохиролтой юм. Бага ангидаа уншаад, бусдадаа ярьж, түүнээс ч илүүг сэтгэх боломжтой зохиол, бүтээлүүдийг уншиж чадахгүй байна гэдэг тухайн сурагчид асар их алдагдал, хоцролт мөн.
Хамгийн чухал нь үлгэр хийгээд насны онцлогт нь тохирсон зохиол бүтээлдээ дурлах, үлгэр жишээ авах насан дээрээ уншиж чадахгүй, унших дадал эзэмшилгүй дунд ангид элссэн сурагч ном унших сонирхолгүй болж байгаа нь анзаарагдаж байна. Монгол уламжлал, ёс заншлаас гадна монгол хүний сэтгэхүйн онцлог бол зогсолтгүй олгох дадал гэж хувьдаа боддог. Ном унших ийм дадлыг нь үгүй хийчихээр ээжийнхээ тухай сайхан зохион бичлэг бичих, уран яруу үг, найруулга ч үгүй хүүхэд олон болж байна” гэсэн юм.
Нийслэлийн тэргүүний 21 дүгээр дунд сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш О.ЭРДЭНЭЧИМЭГ
“Ном уншдаггүй хүүхдээс яруу тансаг хал найруулга, дүрмийн алдаагүй, цэвэр сайхан бичгийн хэвийг шаардах ч боломжгүй. Багш нар сурагчдад Монголын хийгээд дэлхийн сонгодог, сайхан бүтээлүүдийг унших даалгавар өгсөн ч түүнийг нь задлан ярилцах, уншсан бүтээлийнх нь утга найруулгыг ойлгуулан хэлэлцэх цаг байхгүйн улмаас даалгавар өгсөн, авсан нэртэй л явж байна. Өнөө үе бол монгол хэл, шинжлэлийн уналтын он жилүүд.
Үүнийг Элсэлтийн ерөнхий шалгалтын монгол хэлний хичээл төдийгүй нийт хичээлээс харж болно. Зөв бичгийн дүрэм, ядмаг найруулгатай, ядаж цэвэр бичгийн соёл хэрхэн доройтсоныг мэдэж болно. Уран зохиолын хичээлийг дунд сургуулийн сурагчид олон цагаар үзэх зайлшгүй шаардлагатай. Ингэж байж Монголын хийгээд дэлхийн оюун санааны зүг чиг рүү нэг алхам урагшилна. Мөн өөр нэг чухал зүйл нь монгол хэл, уран зохиолын сурах бичгийн агуулгыг сайжруулах, сод бүтээлүүдийг дунд сургуулийнханд зориулан сурах бичигт оруулах хэрэгтэй” гэлээ.
ХЭЛ ҮГҮЙ БОЛБОЛ УЛС МӨХНӨ
Нэгэн түүх сонирхуулъя. Манай тооллын IV зууны үед өмнө зүгт нүүдэллэн одоогийн Өвөр Монголын нутагт төр засаг байгуулан суусан Сяньбичууд харийн соёл иргэншилд автан мөхсөн түүхтэй. Сяньбичуудын байгуулсан Да Вэй хэмээх хятад нэртэй улсын хаан нь эх хэл бичгээ хэрэглэхийг зогсоож, гагцхүү хятад хэл бичиг хэрэглэхийг хүн арддаа зарлигдсан аж.
Гэвч энэ нь ард олны дунд амар бүтэхгүйг ойлгоод эхлээд хааны ордонд (төр засаг, төр улсын албанд гэсэн үг) эх хэл бичгээ хэрэглэхийг хориглож, гэтэл бас өвгөн настай түшмэд ноёд нь аанай л энэ зарлиг тушаалд “гох тээг болсон тул ордны доторх 30-аас доош насны түшмэд албатууд төрийн ажил үйлийг гүйцэтгэхдээ зөвхөн хятад хэл бичиг хэрэглэх заавар гарган мөрдүүлсэн гэдэг.
Монголчуудын өвөг дээдэс гэгддэг Сяньбичууд тийнхүү харьд очоод “Өвөлгүй хавар, зунгүй намраараа байдаг, бурхны сайхан оронд” торго дурдан, оо энгэсэг, амттан шимттэн, архи сархданд умбан хөлбөрөн явсаар, эх хэл соёлоо хориглон орхиж, ноёд дээдсээсээ эхлэн уусаж харьд шингэн үгүй болсон эмгэнэлт түүхийг бид мартах ёсгүй.
Монгол хүүхдүүдийг эх болсон хэлээрээ хүүхэд балчир наснаасаа уран зохиолд шимтэх, юу ойлгож, мэдэрснээ бусадтайгаа хуваалцахыг нь далд хэлбэрээр хориглосон энэхүү “нэгдмэл хичээл” хэмээх бодлого нь уншихгүй, сэхээрэхгүй, мэдрэхгүй, сэтгэхгүй даган дуурайгчдыг бүтээх харийн ажиллагаа юм биш биз.
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН
|