Х.БАДЕЛХАН: ИПОТЕКИЙН урьдчилгааг БУУРУУЛАХ санал боловсруулж байна
Барилга, хот байгуулалтын сайд Х.Бадельхантай энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын талаар ярилцлаа.
- Ипотекийн зээлийн ажил ямар шатанд байна вэ?
Ипотекийн зээлийг үргэлжлүүлэхэд улсын төсвөөс 120 тэрбум, Монголбанкнаас зээлийн эргэн төлөлтийн 200 гаруй тэрбум төгрөгийг энэ онд зарцуулахаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, сард 16-18 тэрбум төгрөг төвлөрнө гэсэн үг. Хэдийгээр хөрөнгийн эх үүсвэр бэлэн байгаа ч хэмжээг нь нэмэгдүүлэх шаардлагатай байна. Тиймээс ипотекийн зээлийн схемийг сайжруулах, хүртээмжийг нь нэмэгдүүлэхээр Сангийн сайдын тушаалаар Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг нийслэлд төвлөрөл үүсэхээс сэргийлэх зорилгоор орон нутаг болон гэх хорооллын дахин төлөвлөлтөд орсон газрыг орон сууцжуулахад анхаарч, зээлийн хүүг бууруулах боломжийг судлах юм. Мөн зээлийн урьдчилгааг бууруулах гарц шийдлийг эрэлхийлж байна.
- Барилгын компаниудыг хэрхэн дэмжих вэ?
Зах зээлд 30 гаруй мянган орон сууц бэлэн байна. Эдгээр орон сууцыг барилгын компани зээл аваад босгочихсон. Нөгөө талаар иргэд зээл авч орон сууцанд орохыг хүсэж байна. Тэгэхээр энэ нь эргээд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх тухай л шийдэл юм. УИХ-ын тогтоолоор төр, арилжааны банкууд, барилгын компаниудтай хамтраад бэлэн орон сууцыг борлуулах боломжийг судлахаар ажиллаж байна. Хамгийн гол нь хоёр жилийн хугацаанд ОУВС-гийн гэрээний дагуу Засгийн газрын бодлого явагдах ёстой. Гэрээ дууссаны дараа өөрсдөө бие дааж шийдэж болно. Тиймээс 1-2 жилийн хугацаанд төр, хувийн хэвшил, арилжааны банкууд тохирч шаардлагатай тохиолдол харилцан буулт хийх замаар 30 мянган орон сууцыг борлуулах эсэхийг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлэнэ.
- 2018 онд цэцэрлэг, сургуулийн хэдэн шинэ барилга ашиглалтад орох вэ?
Энэ оныг бүтээн байгуулалтын жил болгон зарласан. Энэ хүрээнд гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг хоёр ээлжтэй болгохоор ажиллаж байна. Цэцэрлэгийн 90 гаруй, сургуулийн 60 гаруй барилга босгох зардал 2018 оны улсын төсөвт тусгагдсан. Үүнээс гадна орон нутгийн саналаар оруулсан олон барилга бий.
- Гадаадын төсөл хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих ямар бүтээн байгуулалт байгаа вэ?
Барилгын салбарын бүтээн байгуулалт нэлээд өргөн хүрээтэй. Хятадын зээл тусламжаар 300 сая ам.долларын өртөгтэй цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг эхлүүлнэ. Мөн тус улсаас буцалтгүй тусламжаар олгож байгаа 350 сая юанийн хөрөнгөөр Ногоон нуур орчимд 1800 айлын орон сууц барьж байгуулна. Тэрчлэн нийслэл хотын инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажлыг хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжаар хийнэ. Энэ мэт томоохон бүтээн байгуулалтыг улсын төсөв болон гадаадын зээл тусламжаар өрнүүлэх тул барилгын салбар бүхэлдээ завгүй, ажлын байр ч ихээр бий болно. Орон нутгийн төвүүдийг мөн цэвэрлэх байгууламжтай болгохоор нэлээд хэдэн аймагт АХБ, Францын Засгийн газрын тусламжтай цэвэрлэх байгууламж барина. Тухайлбал, Орхон аймагт цэвэрлэх байгууламж ашиглалтад орсон, Дархан-Уулынх эхэлж байна, нисэхийнхийг энэ хавар ашиглалтад оруулна.
- Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх төлөвлөгөө хэрхэн өрнөх вэ?
Энэ чиглэлд хийгдэх гол ажил нь Хятадаас ирэх хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжаар бүтээн байгуулах гэж буй гэх хорооллыг төвийн дэд бүтцэд холбох ажил юм. Гэр хорооллын 200-250 айлын дунд инженерийн нэг шугам сүлжээ барьж, цэвэр ба бохир ус, халаалтыг нь нэгдсэн журмаар шийдэх болно. Нэг ёсондоо бичил дэд бүтцүүд бий болгоно. Эхний ээлжинд нийслэл болон БХБЯ-ны санхүүжилтээр тус бүр нэг дэд бүтэц байгуулж, үлдсэнийг нь буцалтгүй тусламжаар байгуулна.
Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|