“ЭРДЭНЭТ”-ийн ХУВЬЦАА иргэдэд хэр өгөөжтэй вэ
“Эрдэнэт үйлдвэр”-ийг тойрсон маргаан цахилгаан цахиж, бороо орсны дараа тэнгэр цэлмэх шиг нам жим болов. ОХУ-аас тус үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдан авсан “Монголын зэс корпораци”-ийн өмчийг төр мэдэлдээ авахаар хүч түрснээс энэ маргаан дэгдсэнийг монголчууд мэднэ. Засгийн газар өмнө нь “Монголын зэс корпораци”-д ямар ч төлбөр төлөхгүйгээр хувьцааг нь төрийн мэдэлд авсан. Ингээд гурван шатны шүүх Засгийн газар хууль зөрчсөнийг нь тогтоож, өнгөрсөн оны эцэст “Монголын зэс корпораци”-д хувьцааг нь эргүүлэн олгосон билээ. Хувийн хэвшлийнхэн хувьцаагаа эргүүлэн аваад тав ч хоноогүй байхад Засгийн газар урдаас төлөвлөсөн хөзрөө дэлгэв. Төр энэ удаад тус компанитай нэгдмэл сонирхолтой этгээд гэж үзэж буй Худалдаа хөгжлийн банкинд Монгол банк, Хөгжлийн банк-наас зээлсэн мөнгийг суутгах замаар 49 хувийг нь мэдэлдээ авах хувилбар боловсруулжээ. Засгийн газар угсруулаад “Эрдэнэт үйлдвэр”-ийн 10 хувийг давуу эрхийн хувьцаа хэлбэрээр бүх иргэнд эзэмшүүлэх тогтоол баталлаа. Үүнийгээ Ашигт малтмалын тухай хуулийн стратегийн орд газрын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааны 10 хувийг хөрөнгийн зах зээлд арилжина гэсэн агуулгатай заалтыг хэрэгжүүлж байна гэж тайлбарлав.
Тэгвэл “Монголын зэс корпораци”-ийнхан Засгийн газрын хувьцааг зээлийн төлбөрийн суутгах замаар худалдан авах шийдвэрийг “ Хуулийг уландаа гишгэсэн ээлжит дээрэм” гэж үзэж буй. Хувьцааных нь 10 хувийг иргэдэд эзэмшүүлнэ хэмээн Засгийн газар яаран мэдэгдсэн нь олон нийтийн дэмжлэгийг авах гэсэн улс төрийн алхам гэж таамаглах үндэслэл бий. Гэхдээ Засгийн газар арбитрын шүүхэд ялсан ч, ялагдсан ч иргэн бүртээ “ Эрдэнэт үйлдвэр”-ийн давуу эрхийн хувьцааг тараах боломжтой. Учир нь тус үйлдвэрийн хувьцааны 51 хувь нь төрийн мэдлийнх юм.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцааг эзэмших нь иргэдэд ямар өгөөжтэйг баримжаалахыг оролдъё. Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ийг хэдэн ширхэг хувьцаатай компани болгох, хэдийг нь иргэдэд эзэмшүүлэх, үнэт цаасны нэрлэсэн ханш нь ямар байх талаар огт ам нээгээгүй байна. Хувьцааных нь тоо ширхгийг тогтооход компанийн үнэлгээ хамгийн гол хүчин зүйл болдог. “Монголын зэс корпораци” тус үйлдвэрийн 49 хувийг 400 сая ам.доллароор худалдан авсан. Тэгэхээр хувьцааных нь 49 хувь 400 сая ам.доллар юм бол 51 хувь нь 420 орчим сая “ногоон” болох нь. Нийтдээ “Эрдэнэт үйлдвэр” 820 сая ам.долларын үнэлгээтэй компани гэсэн үг. Үүнийг өнөөгийн дундаж ханшаар төгрөг рүү хөрвүүлье. Ингэвэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн үнэлгээ хоёр их наяд төгрөг болно. Хоёр их наядын 10 хувь нь 200 тэрбум төгрөг. Тэгэхээр үүнийг иргэддээ тарааж өгнө гэсэн үг.
200 тэрбум төгрөгийг 3.1 сая иргэнд хуваавал нэг хүнд 65 орчим мянган төгрөгийн хөрөнгө ногдож байна. Нэгж хувьцааных нь нэрлэсэн үнийг 1000 төгрөг гээд тогтоочихвол нэг хүнд 65, 100 гэвэл 650 ширхэг хувьцаа ногдох нь. Энэ бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцааг худалдсан өнөөгийн ханшинд тулгуурлан хийсэн тойм тооцоо.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн давуу эрхийн хувьцааг иргэдэд өгнө гэж Засгийн газар тогтоол баталсан. Давуу эрхийн хувьцаа ямар онцлогтой вэ. Давуу эрхийн хувьцаа эзэмшигч хамгийн түрүүнд ногдол ашиг авах эрхтэй байдаг. Иймээс давуу эрхийн гэж нэрлэсэн. Та “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцаа эзэмшигч болсон ч компанийн Төлөөлөн удирдах зөвлөл, удирдлагын багийг томилох, төсөв, төлөвлөгөөг батлахад санал хэлэх эрхгүй гэсэн үг. Энгийн хувьцаа эзэмшигч нь хамгийн түрүүнд ногдол ашиг авах эрхгүй ч саналаа хэлэх эрхтэй төлөөллөө удирдлагын багт ажиллуулах боломжтой байдаг.
Хэрэв саналын эрхтэй хувьцаа тараавал Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ийг өөрийн дураар удирдах боломжгүй болно. Тиймээс үйлдвэрийг бүрэн мэдэлдээ байлгахын тулд давуу эрхийн хувьцаа тарааж буй бололтой. “Эрдэнэт үйлдвэр”-ийг тойрсон маргаан хэзээ эцэслэж нэг талдаа гарахыг мэдэхгүй, хувьцааг нь иргэдэд тараахгүй ч байж мэднэ. Гэхдээ иргэдэд баримжаа төрүүлэх зорилгоор хувьцаа нь зарагдсан хэлцлийн үнэд тулгуурлаж, тооцоолол хийхийг оролдов.
Эх сурвалж: Өнөөдөр сонин