Жолооч нар явган зорчигчдыг ХҮНДЭТГЭХ учиртай
Нийслэлчүүдийн хувьд өдөр тутам явган, унаатай алин боловч замын хөдөлгөөнд үргэлж оролцдог. Явган зорчигчид байнга зам хөндлөн гарах шаардлагатай тулгарна. Сүүлийн үед хүмүүс гарцаар гарахыг эрмэлздэг болсон нь сайшаалтай. Гэвч гарцтай байлаа ч гэрлэн дохиогүй бол явган зорчигч яах учраа олохгүй тэвдэх нь бий. Ийн учраа олохгүй тэвдэж байх үед замын хөдөлгөөнд оролцож буй жолооч явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй. Гэтэл олонх жолооч үүнийг мэддэг хэрнээ юу ч болоогүй юм шиг шулуухан яваад өнгөрдөг.
Та бидний сайн мэдэх Спортын төв ордон болон МУИС-ийн II байрны урдхан байрлах явган хүний гэрлэн дохиогүй гарцаар гарахын тулд иргэд ямар их удаан хүлээдэг билээ. Хэд хэдэн хүн бөөгнөрч байж хөтлөлцөн гүйх шахам гарч байгаа харагддаг. Том оврын автобусны жолоочоос эхлүүлээд хувийнхаа унаагаар замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хувьд явган зорчигчид зам тавьж өгөх нь битгий хэл хурдаа нэмэн шүргэх шахам дайран өнгөрөхийг яана. Гэтэл тэд явган хүний гарцад ойртож ирсэн үедээ хурдаа хасах, зам тавьж өгөх үүрэгтэй улс шүү дээ.
Тэр бүү хэл гэрлэн дохиогоор баруун эргэж буй жолооч нар ч түр зогсч, явган зорчигчоо гаргахгүй урьтаж гарахаар дайрах нь тэдний соёлгүй бүдүүлгийг харуулдаг. Автомашиныхаа хурд хүчээр гайхуулах мэт явган зорчигчдын урдуур учир зүггүй дайрах жолоочид биенээ хүндлэх соёлд суралцахыг зөвлөе.
Эх сурвалж: "МОНГОЛЫН ҮНЭН" сонин