БӨХӨНГ БИТГИЙ ҮРГЭЭГЭЭРЭЙ

2018 оны 1 сарын 18

Цэнхэр гаригийн уужим тэнүүн газар нутгаас зөвхөн манай говийн нутгийг “тоож” амьдардаг монгол бөхөн өнгөрсөн өвөл, хавар зовлон их үзсэн. Бог малын мялзан өвчний халдварын улмаас хэдэн . мянгаараа хиарч, өдгөө таван мянга хүрэхтэй үгүйтэй тоо толгой үлдээд байгаа.

Мялзан өвчний улмаас хэдэн мянгаараа халуурч, осгож үрэгдэж буй бөхөнгийн талаар өнгөрсөн жилийн өдийд газар дээрээс нь сурвалжилга бэлтгэн “Нулимстай бөхөн" цувралаа хүргэж байсан билээ. Тэгвэл одоо Хүйс, Шаргын говьд байдал ямар байгааг, их говийн эзэн нутагтаа эрх дураараа идээшилж чадаж байгаа эсэхийг албаны хэд хэдэн хүнтэй холбогдож, тодрууллаа.

МЯЛЗАН ӨВЧНИЙ ХАЛДВАР ДАРАГДСАН Ч БӨХӨНГИЙН НУЛИМС ХАТААГҮЙ БАЙНА

Өдгөөгөөс хоёрхон жилийн өмнө энэхүү нэн ховор амьтны тоо толгой 10 мянга давж, ижил сүргээрээ гангаран их говио чимж явсан билээ. Гэвч ажилдаа сэтгэлгүй ханддаг, хариуцлагагүй албан тушаалтнууд, өвчин тээснийг нь мэдэхгүй хамаг малаа вакцинжуулалтаас ор тас “хоцруулсан" цөөн тооны малчнаас болж бог малын мялзан өвчнийг бүрэн устгаж чадалгүй бөхөнд халдаасан гашуун түүхийн хонх өдгөө ч жингэнэсээр. Энэ өвчин 2016 оны өвөл Монголд анх удаа дэгдсэн бөгөөд зэрлэг амьтдаас монгол бөхөн анхны золиос болсон нь даанч харамсалтай. Өвчлөлийн үеийн дүр зургийг эргэн санахад сэтгэл шимшрэм.

...Ташуурдах жавраас нөмөрлөх нь битгий хэл өчүүхэн ч нэмэр болохооргүй сэрийсэн давжаа загийн хажууд үргэж одох нь битгий хэл өндийх ч тэнхэлгүй янзага аахилан хэвтэж байв. Толгойгоо өргөж үл дийлэн тийчлэх янзаганы хоёр нүднээс нулимс урсаж, нуух нь дарайн хөлдөж, хойд хөл, цавь нь тэр чигтээ хар ногоон чацгаар будагдсан нь мялзан өвчинд дийлдэж буйг нь илтгэнэ. Их говийн заг, бударгана болгоноор салхины нөмөр хийн амь тийчлэн хэвтэж байсан зуу зуун янзаганы нэг нь тэр...

Үхлээ хүлээн өвчиндөө шаналан хэвтэх том бөхөнтэй хэдэн арван удаа таарсан. Тунгалаг хар нүднээс нь зам татуулан тасралтгүй урсах нулимс л түүнийг амьд гэдгийг гэрчилж байх шиг санагдаж билээ. Хээрийн салхинд ч үл гүйцэгдэм онгон зэрлэг амьтан ийн халдварт өвчинд нэрвэгдэж, үхлээ хүлээн говь нутгийн ээрэм талд хэдэн зуу, мянгаараа тийчлэн хэвтэж байгааг харсан хэний ч сэтгэл өвдөнө.

Өвчилж үхсэн бөхөнг тусгайлан ухсан нүхэнд олон арваар нь булж устгах хэцүү байсан талаар нутгийн иргэд шүүрс алдан ярьж билээ. Буянт малаа олноор нь зуд, өвчинд алдаж газарт булах малчдад ямар хэцүү байдаг билээ, яг ийм л дүр зураг бөхөнг нөмөрсөн билээ. Энэ эгзэгтэй үед төр засаг, аймаг, орон нутгийн удирдлага Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран ариутгал, устгал, шаардлагатай арга хэмжээ авсны ачаар бөхөнгийн өвчлөл зогссон.

Мэргэжилтнүүдийн ярьснаар үлдсэн бөхөнгүүдэд дээрх өвчний дархлаа суусан бөгөөд тэд одоо бог малын мялзан өвчнөөс айлтгүй, эрүүл болсон гэж буй. Албаныхан ийн баттай хэлсэн ч бөхөнгийн нулимс одоо ч хатаагүй явна. Учир нь бөхөн бэлчээргүй болж, олон зууны турш идээшилж ирсэн Хүйс, Шаргын говио орхиход хүрчээ.

ОДОО БАЙДАЛ ЯМАР БАЙНА ВЭ

Дөргөний хүрэн тал бол бөхөн, хар сүүлт зэрэг амьтдын хувьд хахир хүйтнийг даван туулдаг нутаг. Жилийн өдийд эндээс л бөхөнг хамгийн олноор нь харж болдог байв. Дөргөний хүрэн талыг бөхөнгүй, бөхөнгийн сүргийг энэ газар оронгүй төсөөлөхөд бэрх. Хаврын тунгалаг өдрүүдэд тэнгэр баганадтал тоос татуулан одох нь сэтгэл тэнийлгээд мөн ч сайхан. Харамсалтай нь, энэ жил ийм дүр төрхийг бараг харахгүй нь. Байгаль хамгаалагчид бөхөнгийн байршил нутгаар явж нөхцөл байдалтай танилцаад ирсэн байна. 

Тэдний яриагаар бөхөн их цөөрчээ. Хэдэн арваараа сүрэглэх нь битгий хэл хэд гурваараа таарах нь цөөн байгааг бөхөнгийн сүрэг уугуул нутгаа ханхайтал орхисноос нь түвэггүй мэдэж болохоор байна гэнэ. Дөргөний хүрэн тал, Хүйсийн говь болон бөхөнгийн байршил нутгуудад энэ өвөл өвс, ургамлын гарц туйлын муу байгаа аж. Цөөн тооны багалуурын тав л үлджээ. Өөр өвс үндсэндээ байхгүй. Ийм газар ямар амьтан тэсэх билээ, олонх нь дүрвэжээ.

Малчдын хувьд ч нөхцөл байдал сайнгүй байна гэнэ. Мал нь идэх өвсгүй, туранхай, эцэнхий. Амьжиргааны хэдэн малаа яажшуухан онд мэнд оруулах вэ гэсэн зовнил малчдын сэтгэлийг зовоож буйг газар дээр нь ажиллаад ирсэн хүмүүс онцолж байв. Тиймдээ ч өвс ногоо бараадан олноороо нүүж байгаа аж. Говь-Алтайн зарим сумын малчдын бараг тал нь нүүгээд явчихсан гэнэ. Амьдрах, тэсэж үлдэхийн төлөөх тэмцэлд мал, бөхөн хоёрт ижил тулгарч, өвс тэжээлтэй нутаг хайн нутгаа орхицгоожээ. Энэ нь энэ өвөл, цаашлаад хавар хаана өвс байна, тэнд хүссэн хүсээгүй мал бөхөн хоёр байнга учирч, хамт бэлчих нь тодорхойг илэрхийлж буй хэрэг.

БЭЛЧЭЭР ЗӨВХӨН МАЛЫНХ БИШ

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн мэдээллээр энэ өвөл 12 аймгийн 37 суманд өвөлжилт хүндрэхээр байгааг онцолжээ. Өөрөөр хэлбэл, ихэнх аймгийн нутагт зуд болно. Хаваржилт хүндэрнэ. Бүр тодруулбал, баруун аймгуудаас Увс, Завхан, Говь-Алтай аймгийн ихэнх сумын нутаг зудын өндөр эрсдэлтэйд тооцогдож байгаагийн дотор бөхөн-гийн байршил нутгууд бүрэн багтаж байгаа юм. Өвс тэжээлгүйн дээр хахир хүйтэн гэдэг бол зэрлэг амьтанд халдварт өвчинтэй адил аюул.

Идэш хоолгүй зэрлэг амын өлбөрч үхнэ гэсэн үг. Үүнтэй зэрэгцээд бэлчээрийн асуудал босож ирж байна. Манайхан бэлчээр гэхээр зөвхөн таван хошуу мал “хоолоо олж иддэг” газар гэж ойлгодог. Угтаа бэлчээр бол бас зэрлэг амьтдын эзэмшил. Тэд ч эндээс хоолоо олж иддэг. Хорвоогийн юм бүхэн хэмжээ хязгаартай байдаг. Бэлчээр ч адил. Манай газар нутгаас мал амьтанд хэрэгтэй бэлчээр хэмжээтэй. Ус ч ховор. Бэлчээргүй бол мал байхгүй, зэрлэг амьтан ч дайжаад явчихна. Ийм гинжин холбооны үзүүрийг малчид атгадаг. Бэлчээрээ хэрхэн гамтай ашиглаж байгаагаас энэ үзүүр тасрах уу, улам бэхжих үү гэдэг нь хамаардаг билээ.

Гэхдээ онцлууштай нь, дэлхийн өөр хаана ч байхгүй нэг зүйл Монголд байдаг. Энэ бол үнэгүй бэлчээр. Хувийн өмчөө үнэгүй бэлчээрт гаргаж малчид ашгийг нь хүртдэг. Бэлчээрт байгаа эмийн олон ургамлыг малдаа идүүлж ирснийхээ төлөө малчид улсад нэг ч төгрөгийн татвар төлдөггүй. Бэлчээргүй бол малчид малгүй, хотынхон идэх махгүй болно гэдгийг ухаарч байгаа хүн өнөөдөр цөөн байна.

Бэлчээрийг дундаршгүй баялаг гэж ойлгодог хэвээр. Энэ ойлголт өргөжихийн хэрээр нарийн өвс ургасан малын сайхан бэлчээр хумигдсаар байна. Үүнд малчдын буруу бий. Малын тоо толгойг өсгөнө гэж зүтгээд байдгаас бэлчээр нутаг маань хүрэлцэхээ больж байна гэдгийг ойлгохыг хүсдэггүй. Өөрсдийнхөө малыг бэлчээж байгаа мөртлөө бэлчээрт хүниймсэг ханддаг, бүр зэрлэг амьтдаас ч харамладаг малчин олон болсон тухай орон нутгийнхан ярьдаг. Гаднынхан үүнийг хараад гайхан толгой сэгсэрч байдаг билээ.

Олон зууны турш монголчууд , малаа бэлчээж ирсэн, тэр үед ган зудтай жилүүд таарч л байсан. Гэхдээ одоогийнх шиг бэлчээрийн даац хэтэрч байгаагүй юм билээ. Өмнө нь монголчууд нутаг усаараа зөвшилцөж бэлчээрээ хэдийд яаж ашиглахаа тохирдог байсан бөгөөд зөрчигдсөн үед харилцан буулт хийх, ахмад хүмүүсийн үгийг ёсчлон дагадаг байжээ. Гэтэл мал хувьд очсоноор энэ харилцаа орхигдов.

Одоо бол үнэгүй бэлчээрээс ахиухан хүртэх гэсэн л аминчхан сэтгэлгээ хүчтэй байна. Бэлчээр байгаа цагт монголчууд малтайгаа үлдэнэ, зэрлэг амьтад ч тааваараа бэлчинэ. Уг нь хэн ч ойлгохоор ийм л энгийн зүйл. Энэ жилийн хувьд нэгэнт байгаль дэлхий бидэнд хатуу сорилт тулгаж байгаа тул дасан зохицож, давахаас өөр аргагүй боллоо. Нөгөө талаар мал, зэрлэг амьтдыг хамтдаа идээшилж хатуу өвлийг дав гэсэн үүрэг өгөөд байх шиг.

БӨХӨНГ БИТГИЙ АД ҮЗЭЭРЭЙ, МАЛЧДАА

Амьжиргаа болсон хэдэн малаа зудаар алдахыг хэн ч хүсэхгүй, хэрэндээ л мэрийж таарна, отор нүүдэл хийнэ. Жаахан өвс таарвал малдаа л өгөхийг бодно, бусдаас харамлана. Ингэж сандарч явах үед малынх нь бэлчээрт хэдэн бөхөн ороод ирвэл яах вэ. Амьдралын төлөө тэмцэл явагдаж байгаа үед хэн ч хамгийн түрүүнд хувийн хэдэн малаа бодно. Зарим нь бөхөнг хөөж туугаад янз бүрийн л юм болох байх. Хэдэн малаа яая гэж байхад энэ хэдэн бөхөн бидэнд ямар ашигтай юм гэсэн асуулт зарим хүнээс гарахыг үгүйсгэхгүй. Тэгвэл үүнд хариулт бий.

Малчдын ад үздэг бөхөн байгальд их үүрэг гүйцэтгэдэг. Бөхөн өөрөө бүргэд, чоно зэрэг махчин амьтдын идэш тэжээл болсноор тэдгээр амьтдыг оршин тогтноход дэм болдог, нөгөөтээгүүр малд аюултай багалуур хэмээх хортой ургамлыг сорчлон иддэг.Түүнчлэн бөхөнгийн хоргол ургамал, ногоо ургуулах таатай хөрс бий болоход шим тэжээл нь болдог зэргээр бөхөн малын өвс тэжээлд ч гэсэн хувь нэмрээ оруулдгийг малчид тэр бүр мэддэггүй.

Ертөнцийн юмс үзэгдэл бүгд хамааралтай оршдог бөгөөд нэг нь дутвал нөгөөг нь нөхөх гэж заавал гарз хохирол амсдагийг хүн төрөлхтний түүх гэрчилдэг. Жишээ нь, чоно. Чоно малын дайсан мөн ч хэт цөөрвөл тухайн нутагт малын өвчин тасардаггүй. Учир нь, чоно өвчтэй амьтан, малыг барьж иддэг байгалийн цэвэрлэгч. Чоно байхгүй бол тухайн экосистем өвчинд баригдаж хэчнээн сайхан халиурсан өвстэй байгаад нэмэргүй, тэнд хэн ч бэлчихгүй. Ийм нарийн зохилдлоготой.

Иймээс хуруу дарам цөөхөн үлдсэн бөхөнтэй малчид энэ өвөл, хавартаа өвс бэлчээр булаалдаж, хөөж туухгүй байх хэрэгтэй болоод байна. Цагийн хэцүү дээр нутгийнхан нь ад үзээд байвал эрт галавын үеэс ганцхан манай улсад үлдсэн монгол бөхөн идэш тэжээлгүй болж, тоо толгой нь цөөрсөөр мөхөх аюул ч тулгарч болох юм.

Хүн төрөлхтний нүдийг баясгаж, байгалийн тэнцвэрийг хадгалж байдаг энэ ховор амьтныг устаж үгүй болохоос сэргийлж, хайрлан хамгаалах нь монголчууд бидний үүрэг. Монголын их нууруудын хотгор, Шаргын говь, Хүйсийн говь, Чандманы хүрэн талыг бөхөнгүйгээр төсөөлөөд үз дээ. Ямар дүнсгэр, ямар сүргүй харагдах бол. Тийм зүйл бүү тохиогоосой билээ.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52511
1 эможи
keyboard_arrow_up