ТӨСВӨӨР туйлагч ТАТВАРГҮЙ бүлэг
Татвар төлөгчид малчдыг 200 гаруй тэрбум төгрөгөөр эрхлүүлнэ. Элдэв урамшуулал, аливаа хөнгөлөлт нэрийдлээр төсвөөс энэ онд ийм хэмжээний мөнгөөр малчдыг мялаах нь. Ойролцоогоор 64 тэрбум төгрөгийг салбарын сайдын багцаас бэлэглэнэ. Бас малчдын тэтгэврийн насыг наашлуулснаас үүдэн 45 тэрбум төгрөгийг төсөвт нэмж тусгаж буй аж. Ийм урамшуулал, тийм ч тэтгэмж гэсээр татвар төлөгчдийн халааснаас малчдыг чиглэх мөнгөний цуваа тасрахгүй нь. Жилийн жилд тэрбум тэрбумаар, малчдыг мялаадаг төсвийн дайллага сүүлийн арван жилд бараг их наядаар хэмжигдэх нь. Хөлс хүчээ шавхан байж олдог татвар төлөгчдийн мөнгөөр татвараас ангид бүлэг болох малчдыг ийн шагнаад удаж байна.
Татвар төлөгчдийн халааснаас малчдыг чиглэх мөнгөний цуваа тасрахгүй нь
Манай малчид тусгай хангамж эдэлдэг. Жирийн хөдөлмөрчнөөс бага татвар төлнө, зарим нь бараг л төлөхгүй. Төсөвт өчүүхэн бага хувь нэмэр оруулдаг атлаа төсвийн хөрөнгөнөөс үлэмж шагнал, урамшуулал хүртэнэ. Бас болоогүй жирийн ажилчнаас таван насаар наана тэтгэвэр авч, гурван дахин бага хүү төлнө. Ган гачиг, зуд турхан, гоц халдварт өвчин гээд татвар төлөгчдийн мөнгөнөөс малчдыг чиглэх “буяны өргөл” энэ мэтээр дуусахгүй. Ийнхүү төсвөөр малчдыг туйлуулж, татвар төлөгчдийн мөнгийг мал аж ахуй руу цутгасаар өдий хүрлээ. Үе үеийн төр “эвий минь”, “хөөрхий минь” гэсээр малчдад хошуу дэвсэн, толгойг нь илнэ. 2016 онд гэхэд малчдын зээлийн хүүг 20 гаруй хувиас 10 хувийн хүүтэй болтлоо бууруулсан. Үүний эх үүсвэрт төсвийн хөрөнгөнөөс 70 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байх юм.
Ингэж малчдад хамаг байдгаа барин гүйх атлаа шударгаар татвар төлж буй иргэд, хайр халамж шаардсан нийгмийн бүлгээс гар татна. Энэ онд л гэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгаалалд ердөө 2.7 тэрбум төгрөг төсөвлөчихсөн байгаа юм. Төр татвар төлдөггүй малчдын зээлийн хүүг татвар төлөгчдийн мөнгөөр хөнгөлж байна. Гэхдээ төсвийн орлогод жинтэй хувь нэмэр эзэлдэг жижиг, дунд бизнес эрхлэгчид, олон мянган өрхөд амин чухал ипотекийн зээлийн хүүг бууруулахаар ам нээж, үг дуугарч буй бодлого тодорхойлогч алга. Төр ингэж малчдыг төсвийн мөнгөөр угжсаар Монголын нийгэмд татвар төлдөггүй, эдийн засгийн харилцаанд идэвхтэй оролцдоггүй нийгмийн тусгай давхарга үүсгэн томортол нь “өсгөчихөөд” байна. Нийгэмд эзлэх жин дэндүү том энэ бүлэг өлгийтэй хүүхэд адил идэхээс өөр төсөвт ид шид үзүүлж буй юм үгүй.
Гэтэл мал аж ахуй бол нэгэн цагт Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч явсан зүтгүүр салбар. Монгол Улсын ДНБ-ий 10 хувийг бүрдүүлдэг энэ салбар монголчуудыг хэдэн зууны турш тэжээн тэтгэж ирсэн нь үнэн. Манай нийт ажиллах хүчний 30 хувь нь энэ салбарт бий гээд бодохоор Монголын нийгэм, эдийн засагт ямар том үүрэг нөлөөтэйг харж болно. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдээлснээр мал аж ахуйн салбар жилд дунджаар 3.8 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Энэ салбарын нийт үнэ цэнэ нь 11.8 их наяд төгрөгөөр хэмжигддэг байна. 2010 оны зэрэгцүүлэх үнээр тооцсон манай улсын ДНБ 2017 оны гуравдугаар улирлын байдлаар 12 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа. Тэгвэл Монголын эдийн засагтай дүйх хэмжээний нөөц боломж мал аж ахуйн салбарт бий.
Гэвч эдийн засгийн зүтгүүрээ бид зах зээлийн харилцаанаас хөндий болгож, хөл нийлүүлэн алхаж чадахгүй болгочихлоо. Улстөрчдийн сонгуулийн хожоогоо харж, хошуу дэвссэн бодлогын уршгаар энэ салбар өлгийтэй хүүхдээс өөрцгүй болчихоод байна.
Энэхүү бүлгийн “бие” томорч, ходоод нь тэлж эдийн засгийн хамаг үр шимийг сорсон жинхэнэ бирд болон өндийгөөд ирлээ. Үндэсний статистикийн хорооны 2018 оны босгон дээр танилцуулсан дүнгээр монгол малын тоо толгой 66 саяыг давж, 1918 онд анх мал тоолсноос хойших түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Бараг зуун жил 10-30 саяд хэлбэлзсэн монгол малын тоо толгой 2008-2010 оноос хойш гэнэт цойлж эхэлсэн. Энэ нь Монгол төрийн ямааг “шагнасан” бодлого хэрэгжүүлж эхэлсэн үетэй давхцдаг юм. 30 гаруй тэрбум төгрөгийг ямба ихт, бэлчээрт халтай ямаанд тарааж орхисон энэ бодлого угтаа малчдын амьжиргааг дэмжиж, дотоодын ноолуурын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой байв.
Гэхдээ эдгээр зорилго нь хэрхэн биелсэнийг өнөөгийн ноолуурын зах зээлээс харчихаж болно. Харин ч ямаа шүтсэн бодлого мал сүргийн бүтцийг алдагдуулж, бэлчээрийн хомсдол бий болгон, байгаль орчин, экологийн дайсан болтлоо өсөж үржихэд хүргэсэн. Даацаа хэд давсан малын хөлд дарагдсан бэлчээр өдгөө өвдөг сөхрөн, аврал эрж байна. Тоо толгой нь 70 сая дөхсөн мал сүрэг өнөөдөр Монголын бэлчээр нутгийг талхалж, цөлжилт дагуулсаар. Бидний экологийн дайсан хэмээн чичилдэг уул уурхайн салбар газар ухасныхаа төлөө татвар төлдөг.
Харин Монголын уудам нутгийг талхалж буй мал, малчин хоёроос татвар авах нь бүү хэл харин ч тусламж дэмжлэг үзүүлсээр. Гэтэл бэлчээр талхалж буй мал, газар ухаж буй уул уурхай хоёрын төсөвт төлж буй татвар, хураамжийн хэмжээ газар, тэнгэр мэт ялгаатай. Уг нь татвар иргэнийг эдийн засгийн харилцаанд идэвхтэй оролцох түлхүүр болдог. Гэтэл малчдыг татвараас ангид авч үзсэнээрээ нэг талаар тэдний зах зээлийн харилцаанд оролцох эрхийг нь ч боомилж орхисон хэрэг. 2016 оны байдлаар малчдын ердөө 20 хүрэхгүй хувь нь нийгмийн даатгал төлсөн байдаг. Үлдсэн 250 гаруй мянга нь нийгмийн даатгалаас ангид оршсоор.
Монгол малын тоо толгой 66 саяыг давж, түүхэн дээд хэмжээнд хүрлээ
Сүүлийн жилүүдэд олон малтай өрхийн тоо улам өссөн. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 1000-2000 малтай өрхийн тоо 1300-аар нэмэгджээ. Хонин толгойд шилжүүлсээр нэг малыг 100 мянган төгрөг гэж тооцвол 1000 малтай айл хаяандаа дор хаяад 100 сая төгрөгийн хөрөнгөтэй гэсэн үг. Тэгвэл ийм айл Монголд 10 мянга бий. Тэр бүү хэл, 2000-аас дээш малтай өрхийн тоо нэмэгдэж, 700-д хүрчихээд байна. Мянган малтай өрхүүдийг ч Монголын төр өөгшүүлж, шагнаж, урамшуулна. Үнэндээ малчид татвараа төлөхгүй хэмээн гүрийгээгүй. Харин малчдын уулзалт, зөвлөгөөний үеэр татвар авах нь зүйтэй гэдгээ илэрхийлж эхэлсэн.
Төрийн түшээдийг томилолтоор очиход хүртэл энэ үгээ дуулгаад амждаг. Учир нь малчдад хандсан “энэрэнгүй” бодлого нь ашиг шимгүй сүргийн тоо толгойг гэрлийн хурдаар өсгөх хөшүүрэг болон улмаар бэлчээрийн даац хэтэрлээ. 70 сая хэмээн бидний цээжээ дэлддэг мал сүрэг нь экологийн тэнцвэрт заналхийлж, нүүдлийн соёл иргэншлийг сөнөөх эрсдэл болсоор. Малын бэлчээрээ булаацалдаж, малчид нэгнийхээ аминд хүрч байсан гашуун түүх хүртэл бий. Тиймээс нэгэн цагт татварыг эсэргүүцэж байсан малчид энэ нь эндүүрэл болсныг одоо л ухаарч эхэллээ. Үнэндээ монголчууд мал сүргийг хонин толгойд шилжүүлж, татвар авдаг байсан түүх бий. Нэг адууг гэхэд таван хоньтой дүйцүүлж татвар авдаг байсныг малчид хэлдэг.
Ингэхдээ татварын хувь хэмжээг бүсчилж, ялгаатай тогтоодог байсан аж. Тодруулбал, алс хязгаар нутгуудад гэхэд нэг хониос 50 төгрөгийн хураамж авдаг байжээ. Харин төвийн бүс нутагт 75, нийслэл орчимд 100 төгрөгийн татвар оногдуулдаг байсан аж. Нэг суманд дунджаар энэ төрлийн татвараас жилд 5-6 сая төгрөгийн орлого бүрддэг байсныг учир мэдэх хүн хэлсэн юм. Гэтэл орон нутгийн төсөвт дэмжлэг болж байсан энэ татвар сонгуулийн амлалтын шуурганд өртөн алга болсон. Тэр цагаас хойш малчдад татвар ногдуулах нь үе үеийн Засгийн газрын хүсэл, зарим улстөрчийн хясал болон хувирсан юм. Төсөв хүндэрч, төрийн сан уруудах үед малчдаас татвар авахаар гүйцэтгэх засаглал зүтгэдэг. Гэвч энэ нь сүүлийн хэдэн жил хоосон оролдлого, хот, хөдөөгөөс сонгогдсон гишүүдийн талцал болсоор өнөөг хүрч байна. Одоогоос хэдэн жилийн өмнө малын тоо толгой 40 саяар хэмжигдэж байх үед малаас татвар авч, 54 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцоо гаргаж байжээ.
Өөрөөр хэлбэл, хонин толгойд шилжүүлж, нэг бог малд 500 төгрөгийн татвар ногдуулахаар тооцжээ. Энгийнээр бодоход ч Монголын өргөн уудам нутагт налайж буй 66 сая малаас бэлчээр ашигласны төлбөрт толгой тус бүрээс нь 1000-2000 төгрөг авлаа гэхэд жилд 60-120 тэрбум төгрөг төсөвт төвлөрчихнө. Энэ бол өдгөө хэрэгжүүлж буй дундаж давхаргынхныг сорон хэмлэхгүй олчих мөнгө. Ядарч туйлдсан эдийн засаг, өдрөөс өдөрт цөлжиж буй экологийн нөхцөл байдал мал аж ахуйн салбарын олон ээдрээг тайлах татвар хэмээх түлхүүрийг шаардаж байна.
Гэвч малчдад татвар ногдуулах кнопыг дарах улс төрийн зориг, алсыг харсан бодлого манайд алга. Наанадаж татварын бааз суурийг тэлэх ийм арга байсаар байтал бодлого тодорхойлогчид сонгуулийн хожоогоо бодоод хойрго хандсаар байна.Аливаад шударга хандах нь зөв зүй тогтнолыг бий болгодог. Иймээс малчдад татвар ногдуулснаар хямралд туйлдсан хөдөлмөрчийг хэмлэж, хувийн хэвшлийнхний тамирыг барахгүйгээр асуудлыг шийдчих боломж, гарц байгаа юм биш үү.
Г. Байгал