Худалдаа хөгжлийн банк үйлчилгээний ТӨЛБӨРӨӨ 100 хувиар НЭМСЭНИЙ учир юу вэ?
Худалдаа хөгжлийн банкны ATM-аас бэлэн мөнгө аваад баримт хэвлэх гэхэд төлбөр нь 100 төгрөг болж өссөн байх юм. Уг нь ийм үйлчилгээ авсны төлбөрт өмнө нь 50 төгрөг төлж байснаа сайн санаж байна. Бусад банк ч 50 төгрөгөөр баримт хэвлэж байгаа. Харин Монголын хамгийн том банк гэгддэг Худалдаа хөгжлийн банк ийн үйлчилгээнийхээ төлбөрийг хоёр дахин өсгөжээ.
Энэ талаар Харилцагчийн үйлчилгээний хэлтэс, 1900-1977 дугаарт утсанд холбогдон лавлалаа. Гэхдээ энэ тухайд яг тодорхой хариу авч чадаагүй ч “Баримт хэвлэх үйлчилгээний хөлс бага учраас 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэх шийдвэр гаргасан гэж байна” гэсэн л үндсэн шалтгаан бололтой. Хэрвээ бензиний үнэ өсч, үүнийг дагаад цахилгаан сүлжээ, өргөн хэрэглээний бараа цаас, даавуу, хэвлэлтийн ханш өссөн бол Худалдаа хөгжлийн банкны энэ шийдвэрийг ойлгож болохсон. Гэвч одоогоор Монголд инфляцийг хөөрөгдөх ямар нэгэн бодит шалтгаан үүсээгүй байгаа.
Нөгөөтэйгүүр үйлчилгээний хөлсийг өсгөх зайлшгүй шалтгаан байсан ч ингэж 100 хувиар нэмж буй нь шударга бус гэхээс өөр юу гэлтэй вэ. Уншигч та бүхэн зураглан санавал, АТМ-үүдийн эргэн тойронд хэвлэсэн баримт маш олноор хөглөрч харагддаг. Зарим ухамсар дорой нэгэн нь баримт хэвлэж харснаа тэгж хаа хамаагүй шидэлдэг. Гэтэл санамсаргүйгээр “Баримт хэвлэх” гэсэн товчлуурыг дарчихсан тохиолдол ч цөөнгүй.
Хэдийгээр 50 төгрөг гээд дангаар нь бодоход тун бага хэмжээ юм шиг санагдах ч хэн нэгний мөнгөнөөс тодорхойлсон ул суурьгүй шалтгаанаар нэг төгрөг ч авах эрх бусдад байхгүй. Тэрнээс гадна хүмүүс бэлэн мөнгө цүнхэлж явах нь эрс багасч, бүгд карт халаасалсан энэ үед нэг хүн өдөрт хэдэн ч удаа АТМ-д хандаж, мөн энэ тоогоороо баримт хэвлэх шаардлага гарч болно.
АТМ хэмээх шийдэл тун оновчтой, иргэдэд ойр үйлчилгээ болж чадсан ч үүгээр дамжуулан мөнгө “саах” нь хэр зохимжтой шийдвэр бол. ХХБ-ны АТМ-аас мөнгө авахад 100 төгрөгийн шимтгэлтэй, бусад банкны карттай бол 500 төгрөг, одоо тэгээд баримт хэвлэхээр бол бас 100-г нэмж төлөх нь.
Харин бусад банкны тухайд баримт хэвлэх нь одоогоор тэгтэл үнэтэй тусахгүй байгаа бололтой. Тэгэхээр Худалдаа хөгжлийн банкны энэ үйлдлийг иргэдэд ойр үйлчилгээ үзүүлж байна гэж хэлэхэд хэцүү ажээ.
Эх сурвалж: НИЙГМИЙН ШУУДАН сонин