Автомашины түгжрэлгүй дандаа ийм байгаасай
Шинэ он гарснаас хойш Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөн сийрэгжиж, замын түгжрэл, осол аваар буурлаа. Өглөө ажилдаа очиход зарцуулах хугацаа мэдэгдэхүйц багасч нийтийн тээвэр тогтсон хугацаандаа саадгүй үйлчилж байгаад иргэд ам сайтай байна. Сонгинохайрхан дүүргийн II хорооны оршин суугч Б.Дулам Таван шараас Багшийн дээдийн чиглэлд өглөө ажилдаа явахдаа 1.20 цаг зарцуулдаг байсан бол он гарснаас хойш 40 минутын хугацаанд амжиж байгаагаа хэлэв. Мөн иргэн Л.Дорж Шархаднаас ажилдаа ирэхдээ нэг цаг зарцуулдаг байсан бол 30 минутад амжиж “Ардын эрх”-ийн буудалд ирж байгаагаа сонирхуулсан.
Замын ачаалал ийн буурсан нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнууд амарсантай шууд холбоотой. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг эцэг, эхчүүд нь өглөө автомашинаараа хүргэдэг нь хотын түгжрэл, замын ачаалалд голчлон нөлөөлдгийг энэ өдрүүдэд харж байна. Шинэ оны өмнө томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсч Засгийн газраас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 1 хүртэл амраах шийдвэр гаргасан нь өвчний дэгдэлтийг бууруулж, хотын түгжрэлийг түр ч гэсэн багасгаж иргэдийг баярлуулав. Эндээс сурагчдын автобусны тоо хүртээмж, үйлчилгээг нэмж, хүүхэд бүрийг эцэг, эх нь автомашинаараа хүргэж өгдгийг багасгах нь хотын түгжрэлийг бууруулах нэг гарц болох нь харагдаж байна. Мөн зарим сургуулийн оюутнууд улирлын амралтаараа орон нутаг руугаа буцсан нь ч нийслэлчүүдийн шүдний өвчин болсон автозамын түгжрэлийг багасгахад ихээхэн хувь нэмэр орууллаа. Учир нь, Улаанбаатар хотод 500 мянган автомашин бүртгэлтэйгээс 18 мянга нь оюутнуудынх аж.
Утаа, замын түгжрэл, хүн амын төвлөрөл зэрэг нийслэлчүүдийн толгойн өвчнийг цэгцлэх хамгийн үр дүнтэй шийдвэр их, дээд сургуулиудыг хотын зах руу нүулгэж, оюутны төвлөрсөн хотхон байгуулах нь зүйтэй гэдэгт сурагчид болоод оюутнууд амарсан энэ зурвасхан үе харууллаа. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод төрийн болон хувийн хэвшлийн 96 их дээд сургууль, коллежид 150 мянган залуус суралцаж байна. Эдгээр сургуулиудыг хотоос нүүлгэж, оюутнуудын нийгмийн хэрэгцээг хангасан дотуур байр, бусад дэд бүтцийг бий болгосноор түгжрэл тодорхой хэмжээгээр буурах нь. Засгийн газрын өнгөрсөн оны наймдугаар сарын 31-ны өдрийн хуралдаанаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлэг, сургалтын цогцолборыг хотоос нүүлгэхээр шийдвэрлэж 2018 оны төсөвт хөрөнгийг тусгахаар болсон. Ингэснээр эмч, эмнэлгийн ажилтан бэлтгэх сургалтын чанар, орчин сайжирч 12 мянган оюутан, 1000 гаруй багш, ажилчин хотын А зэрэглэлийн бүсээс шилжсэнээр замын түгжрэл буурна гэж үзэж буй. Энэ нь их, дээд сургуулиудыг нүүлгэх ажлын эхний алхам гэж хэлж болно. Хотын дарга С.Батболд санаачилга гаргаж БСШУСЯ- нд хамтран ажиллах санал хүргүүлсэн юм. Үүндээ төвлөрлийг сааруулах чиглэлээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй томоохон их, дээд сургуулиудыг мэргэжлийн чиглэлээр нь харгалзан үе шаттайгаар дэд бүтэц, харилцаа холбоо, аж үйлдвэр хөгжсөн Дархан, Эрдэнэт хот болон газар тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймаг, алслагдсан дүүргүүдэд шилжүүлэн байршуулах арга хэмжээг авч, Улаанбаатар хотод цаашдаа их, дээд сургууль байгуулахыг зогсоож шаардлагатай тохиолдолд дээр дурдсан газруудад сургууль байгуулахыг зөвшөөрөх нь зүйтэй хэмээн тусгажээ. Энэ мэт шийдвэрийг хэрэгжүүлж их, дээд сургуулиудыг хотын захад төвлөрүүлбэл олон сайн талтай. Тэнд жижиг суурин үүснэ. Зах зээл тэлнэ. Түгжрэлд зарцуулдаг цаг багасна. Бүтээмж дээшилнэ. Хотын автомашины тоо багасна. Хот маань ямартай ч сийрэг болно.
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
|