Дундаж давхаргынхан хэлмэгдэх үү

2017 оны 12 сарын 22

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сан /ОУВС/-тай хэлэлцээр хийснээр санхүүгийн  өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжүүлэхээр урьдчилсан тохиролцоонд хүрч долоон төрлийн татварыг шат дараатайгаар нэмж байгаа билээ. Үүний хүрээнд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэд хэдэн төрлийн татварын хувь хэмжээг нэмэгдүүлнэ.

Тодруулбал, 

  • 1,500,000 - 2,500,000 - төгрөгийн цалингийн ХХОАТ 15%
  • 2,500,000 - 3,600,000 -төгрөгийн цалингийн ХХОАТ 20%
  • 3,500,000-аас дээш төгрөгийн цалингийн ХХОАТ 25% болж өсөх юм.

Мөн ХХОАТ-ын хөнгөлөлтийг ирэх онд 120 мянга, 2019 оноос 160 мянга, 2020 оноос 200 мянга, 2021 оноос 240 мянган төгрөг болгон, үе шаттай өсгөхөөр болсон.

Гэхдээ энэ хэр оновчтой зохицуулалт бол.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан “Монгол Улсын нийгэм, эдийн засаг 2017 оны эхний 11 сард" хэмээх эмхэтгэлд, өнөөгийн байдлаар нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 955.9 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 71.6 (8.1%) мянган төгрөгөөр өсөж, өмнөх улирлаас 10.7 (1.1%) мянган төгрөгөөр буурсан байх юм.

Өөрөөр хэлбэл, цалин буурчээ. Яг үнэндээ уул уурхайн салбар сэргэх гэж байгаа, түүхий эдийн ханш багахан өссөн гэдэг ч Монгол Улсын 2018 оны төсөв маш их алдагдалтай гарсан. Дээр нь энэ олон төрлийн татварын нэмэгдлээс болж өргөн хэрэглээний барааны үнэ ч өсөх нь ойлгомжтой. Тухайлбал, 1.5 сая төгрөгийн орлогыг хөдөлмөр эрхлэгчдийн 11 хувь нь эзэлж байна. Түүнчлэн нийт хөдөлмөр эрхлэгчдийн 16 орчим хувь нь 3.5 сая хүртэлх орлоготой иргэн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн

Хамгийн гол нь, Монголд ажлаа бодитоор үнэлүүлж буй иргэдээс өндөр татвар авахаар шийдвэрлэснийг олон нийт эсэргүүцэж байгаа юм. Тухайлбал, нэгэн иргэн “1.5 сая төгрөгийн цалинтай ажиллагчид нийт ажиллагчдын 11.7 хувийг л бүрдүүлдэг. Эдгээрийн цалин нийт дунджид ихээхэн нөлөөлдөг. Нийт ажиллагсдын 70 хувь нь дунджаас доогуур цалин хөлстэй” гэж бичжээ.

Тэгэхээр төрийн өөр бусад шаардлагагүй зардлыг танахгүй бол 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдээс өндөр татвар авлаа ч хумсын төдий ч нөлөө үзүүлэхгүй. Нөгөөтээгүүр цалингийн дундаж 955 мянган төгрөг гэдэг нийт ажиллагсдын 11.7 хувийн авч буй цалин хөлснөөс шалтгаалан гарсан үзүүлэлт ажээ. Энэ нь дээрх дундаж дүн хүн амын ихэнхэд огтын хамааралгүй тоо хэмжээ гэсэн үг.

Тэгээд ч төрийн бүтэц данхар, зардал хэт их байгаа үед нийт иргэдээсээ бүгдэнгээс нь татвар аваад ч байдал өөрчлөгдөхгүй гэдгийг иргэд төдийгүй эдийн засагчид ч хэлсээр байгаа. Энэ талаар философич Б.Батчулуун “төрийг хүсэгчид нийгэмд олонх байдаг. Тэд л төрийг бий болгодог. Тэгэхээр төр нэгэнт бий болсон юм бол хувь хүнтэй харьцахдаа минимум хэмжээг барих ёстой.

Хувь хүний амьдралд хөндлөнгөөс оролцохгүй, хөрөнгөө юунд, хэрхэн зарахыг зааж зааварлахгүй, элдэв төрлийн журамлалтыг хамгийн бага хэмжээнд гаргах гэх мэтээр. Бид ер нь өөрсдөө хийж чадах зүйлээ төрд даатгахаас аль болох зайлсхийх нь зөв. Энэ бол төрийг “данхайхаас” сэргийлэх гол арга зам юм. Төр татвар дээр оршин тогтож, татварын мөнгөөр өөрийн хүмүүсийг тансаглуулдаг. Төр татвар өгөх дургүй хүмүүсийг хуулиар айлгаж байгаад. мөнгийг нь хүчээр авдаг. Сайн дураар өгөөгүй юмыг нь хүчээр авч байгаа тохиолдлыг дээрэм гэхгүй өөр юу гэх юм.

Төр гэдэг бол өөрөө юу ч үгүй, зөвхөн олон түмнээс авсан мөнгөн дээр тогтож байдаг зүйл. Төр өөрийнхөө зардалд зориулж төсвөө нэмнэ гэдэг бол тансаглахын тулд бусдаас авах мөнгөнийхөө тоог ихэсгэж байна гэсэн үг” гэж хэлсэн.

Тэгэхээр Засгийн газар шийдвэрээ эргэн харах онц шаардлагатай байх нь. Мөнөөх өндөр цалин гэгдээд байгаа 1.5 сая төгрөг зөвхөн дундаж давхаргынхны цалин хөлс. Тиймээс иргэдийн нуруун дахь ачааг нэмэх нь аргагүйдсэн алхам яав ч биш. Нөгөөтээгүүр өргөн хэрэглээний барааны үнэ хийгээд иргэдийн орлогын харьцуулалтаар манай улс өртөг өндөртэй улсын тоонд багтсан.

Түүнчлэн 2017 оны эхний арван сарын байдлаар нийт 1,000,068 иргэн арилжааны банкуудаас зээл авсан байх юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нийт иргэн бүгд өртэй. Хувиар авч үзвэл хүн амын гуравны нэг нь банкны барьцаанд байгаа.

Түүнчлэн татвар нэмэхтэй холбоотой асуудлаар Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос татварын нэмэгдлийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хандан шаардлага хүргүүлжээ. Тэд Хүн амын орлогын албан татвар, Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмснийг эсэргүүцэж, энэ нь иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлнө гэдгийг дуулгав. Мөн аж ахуйн нэгжүүд ажлын байраа өргөжүүлэх, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх боломж хумигдахыг санууллаа.

Эдийн засгийн энэ хямралын үед олон аж ахуйн нэгж татварын болон нийгмийн даатгалын өртэй үлгэн салган хөл дээрээ тогтож байхад нийгмийн даатгалын хувь хэмжээ ихсэж ажил олгогч 13.5 хувь, ажилчин 12.5 хувь, бүгд 26 хувийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болсон нь жижиг дунд үйлдвэрүүдийг хаалгаа барихад хүргэж, татварын энэ нэмэгдлээс болж олон хүн ажлын байраа алдаж болзошгүйг дуулгасан.

Энэ хууль хэрэгжсэнээр аж ахуй нэгж, ажилтан, ажилчны нуруун дээр хүнд дарамт болох төдийгүй айл өрх, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлж, өрийн дарамтыг нэмэгдүүлэх тул татварын энэ нэмэгдлээ Засгийн газар эргэн харахыг шаардаж байна гэв. Өөрөөр хэлбэл, татварын нэмэгдэл дампуурал, ядууралд хүргэхийг бизнес эрхлэгч эмэгтэйчүүд анхааруулж буй юм.

Тэгэхээр иргэдийн авч буй цалинг их багаар ялгаж, дугаарлах нь Үндсэн хуулиар олгогдсон адил тэгш эрхийг зөрчиж буй хэрэг ,хэмээн тайлбарласан ч болохоор. Бусад төрлийн татварын нэмэгдлийн тухайд нефть импортлогчид, автомашины ченжүүд төлсөн татвартайгаа дүйцүүлэн үнэ өсгөөд л болно гэхэд буруудахгүй.

Тэгвэл цалингаас өөр орлогогүй иргэд төрийн илүү зардлыг нөхөхөөр авч буй цалингаас нь хүчээр авах татвар нэртэй хүлээлтээс үүссэн цоорхойг хэрхэн бөглөх вэ. Өөрөөр хэлбэл, иргэдийн зүгээс хүн амын орлогыг тэгшитгэх бодлого нэрээр татварын хувь хэмжээг нэмсэн нь буруу хэмээн үзэж буй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51403
0 эможи
keyboard_arrow_up