Дүрэмгүй амьдралын хөлд хүүхдүүд үрэгдсээр...
Сүүлийн гурван жилийн хугацаанд хүүхэд хохирсон хэргийн тоо өссөн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Д.Будзаан хэлж байна.
Тодруулбал, 2015-2017 оны хооронд 3,553 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна.Эдгээр хүүхэд бие махбодод гэмтэл учруулах, хөдөлгөөний аюулгүй байдал, зам тээврийн осол зэргийн улмаас хохирчээ. Насны байдлаар авч үзвэл 14-17 насныхан хохирогч болох нь их байдаг аж.
Харин сүүлийн гурван жилд 2,928 гэмт хэрэгт хүүхэд холбогджээ. Үүний дийлэнх буюу 69 хувь нь хулгайлах, булаах, дээрэмдэх хэргүүд байгаа аж. Мөн зам тээврийн ослоос болж хохирсон хүүхдийн тоо ч өссөн байх юм.
Сүүлийн зургаан жилийн хугацаанд /2011-2017/ зам тээврийн осолд 7,410 хүүхэд өртсөн байна.Зам тээврийн ослын улмаас нийт 300 хүүхдийн амь нас хохирч, 7,110 хүүхэд хүнд, хөнгөн байдлаар гэмтжээ. Насны байдлаар нь авч үзвэл 0-14 насны буюу ид хөгжиж, өсөн торниж буй хүүхдүүд зам тээврийн ослын улмаас хохирч байгаа нь судалгаанаас харагддаг. Наад захын жишээг дурдахад л, 2017 оны эхний гурван сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 13 хүүхэд амь насаа алдаж, 34 хүүхэд хүндэвтэр, хүнд байдлаар гэмтсэн байна.
Судалгаанаас үзэхэд нас барсан хүүхдийн 92 хувь нь орон нутагт автомашинд зорчигч хэлбэрээр, гэмтсэн хүүхдийн 52 хувь нь нийслэлд явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртжээ.
Харин 31.8 хувь нь автомашинд зорчиж явахдаа, 2.5 хувь нь дугуйтай явах үедээ зам тээврийн осолд өртжээ. Зам тээврийн ослын 90 гаруй хувь нь сургуулиасаа гэр рүүгээ, гэрээсээ сургууль руугаа явах замдаа өртсөн байна.
Хүүхдүүд ихэвчлэн гэр, сургууль, цэцэрлэг явах замдаа зам тээврийн осолд өртдөг байна. Тухайлбал хүүхдүүд дээр дурдсан богино замд ихэнхдээ ганцаараа явдаг. Энэ нь хүүхэд хохирох хамгийн том нөхцөлд болдог. Дээр нь хүүхдүүдэд сургууль, цэцэрлэгт нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хангалттай заадаг ч бодит байдал дээр эцэг, эхчүүд хүүхдээ хөтөлсөн чигээрээ улаан гэрлээр зүтгэлэх, гарцгүй газраар зам гарах зэргээр буруу төлөвшил суулгадаг нь нууц биш.
Нөгөөтээгүүр хүүхдүүдийг зориулалтын суудалд суулгахгүй, бүс зүүлгэхгүй авч явснаас болж эмгэнэлт үр дагаварт хүрсээр байна. Уг нь хамгаалах бүсийг хэрэглэснээр жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч осолд өртөх тохиолдолд жолооч, автомашины урд сууж явсан зорчигчийг 40-50 хувиар, ард сууж явсан зорчигчийг 25-75 хувиар осол гэмтэл, эрсдэлээс бүрэн хамгаалдаг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн.
Хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирдог дараагийн нэг нөхцөл бол хурдан морины уралдаан. Хурдан морь унах нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн нэг гэдгийг Хүний эрхийн комиссоос баталсан ч өнөөг хүртэл тодорхой шийдвэр гаргаагүй. Харин Стандартчиллын үндэсний зөвлөлийн ...2011 оны 28 дугаар тогтоолоор баталсан "Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага" ММ86264:2011стандартыг хангаж ажиллахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөсөн гэнэ.
Гэхдээ тэр хувцас хэрэглэл хүүхдийг болзошгүй аюулаас хамгаалж чадах болов уу. Судалгаагаар хурдны морь унадаг хүүхдүүдийн дийлэнх хувь нь 10-17 насны хүүхэд байдаг бөгөөд 64 хувь нь 10-15 настай аж. Тэдний 68.4 хувь нь 5-7 наснаасаа хурдан морь унаж эхэлсэн хэмээн хариулсан байна. Энэ асуудалд багш, нийгмийн ажилтнууд хэрхэн хариулсныг харахад, унаач хүүхдүүдийн ар гэрийн байдал дунд буюу дундаас доогуур, хүүхдэдээ зориулах анхаарал халамж тааруу байдаг аж.
Тэдгээр хүүхдүүд сургууль завсардсан тохиолдол бага хэдий ч ихэнх нь хичээлийн хоцрогдолд орж, “С”-ээс доогуур үнэлгээтэй суралцан, үеийнхнээсээ сэтгэхүйгээрээ муу байгаа гэсэн. Мөн хүүхдийн эмч нар тэдгээр хүүхдийг бусдаас бие, сэтгэхүйн хөгжил дорой, давжаарсан, хоол тэжээлийн гүн дутагдалд орсон байдаг ба нөхөн сэргээх эмчилгээ зайлшгүй шаардлагатай хэт гүн ядаргаанд ордог гэжээ. Гэхдээ эцэг, эхчүүд ийм хүүхдүүдээ эмчлүүлэх дургүй байх нь элбэг гэсэн байх юм. ГССҮТ-өөс өгсөн мэдээллээр жил бүр 3-5 хүүхэд мориноос унасны улмаас амиа алддаг аж.
Мөн жилд дунджаар 300-320 гаруй хүүхэд мориноос унаж бэртэн, түүнээс 180-220 гаруй хүүхэд нь хүнд хэлбэрийн бэртэл авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байна. Бэртэж гэмтсэн хүүхдүүдийн 36-48 нь эрэгтэй хүүхэд бөгөөд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж ч чадахгүй долоо хүртэлх насны балчир хүүхэд 67 байжээ.
Ингээд харахад, монгол хүүхдүүдэд эрүүл, аюулгүй амьдрах баталгаа даанч алга. Дүрэмгүй нийгмийн зах замбараагүй хөлд балчир хүүхдүүд нэрвэгдэж, амь насаа алдсаар байгааг зүгээр харсаар үлдэх үү. Яг үнэндээ хүүхдүүдийн асуудал уул уурхай, эдийн засаг, улстөрөөс хавь илүү анхаарлаа хандуулж, залруулж засах ёстой сэдэв.
Харин Монголд хүүхдийн эрх бүхний хойно тавигдаж байгаа нь харамсалтай. Төр засаг үгүй юм аа гэхэд эцэг, эхчүүд үр хүүхдээ эрүүл саруул, боловсролтой хүн болгон өсгөж, төлөвшүүлэх үүрэгтэй. Энэ бол үүрэг. Хаяж болохгүй үүрэг байх ёстой.