“СОЁЛТОЙ БАЙНА” гэдэг чинь “ТЭНЭГЛЭЛ” биш шүү дээ
Зогтусаад анзаарах юм бол Монголын өнөөгийн нийгэм дэх олон олон бухимдлын шалтгаан нь бид өөрсдөө. “Муу нь муудаа дээрэлхүү, муна гадсандаа дээрэлхүү” гэдэгчлэн яасан ч ууртай юм, ямар ч дээрэлхүү юм бэ?
…Нэгэн хоромд хүлээхийн оронд нэгнийхээ өмнүүр дайраад л автомашины хөдөлгөөнийг хязгаарлан замын түгжрэлийг үүсгэн гацаана. “Наашаа ч үгүй цаашаа ч үгүй” энэ гацаа олон хүмүүсийн цагийг хийдүүлэн, уур уцаарыг хөдөлгөн, тэсвэр тэвчээрийг нь барна. “Гахай хариулсан хүн уураа бардаг” гэгчээр, энэ нь Монголын нийгэмд байх л ёстой үзэгдэл болон хувирчээ. “Нэгнийгээ жаахан хүлээж болохгүй юу?” гэсэн асуултад, “Нэг нь жаахан зай гаргах л юм бол бүгдээрээ дайрна шүү дээ, тэгэхээр адилхан л “хэрэлдээд” дайраад байхаас өөр сонголт үгүй шүү дээ” гэх. “Улаанбаатарын түгжрээн дунд машин барих гэдэг чинь “алаан” байхгүй юу?” гэж олон хүмүүс тайлбарлана.
Хэдийгээр алсын хараатай хот төлөвлөлт байхгүй болж, тооцсон замын ачааллаасаа олон машинтай болсон нь нөлөөлж байгаа боловч бидний сэтгэлгээний доройтол хамгийн ихээр нөлөөлж буй. Хичнээн хэцүү байлаа ч тэвчээр гаргаад бие биедээ инээмсэглэн зам тавьж өгөх нь тийм ч хэцүү биш. “Чи амьдрал мэдэхгүй байж мөрөөдлийн юм бичиж байна” гэж шүүмжлэх гэж байгааг тань мэдэж байнаа. Гэхдээ л “Соёлтой байна” гэдэг чинь “Тэнэглэл” биш шүү дээ.
…Ямар нэгэн асуудлаас болж санал зөрөлдөн маргалдах, ямар нэгэн шалтгааны улмаас уурлаж бухимдах болгондоо нэг хэсэг нь шууд л эсрэг хүнээ “зодох” гэж гар далайн дайрна, нэг бол “ална шүү” хэмээн айлган сүрдүүлнэ. Өөрийнх нь ухаан тэвчээр хүрэхгүй асуудлыг нударгаар буюу хүчирхийллээр шийддэг бидний сэтгэлгээ. “Хүн хэлээрээ мал хөлөөрөө” гэж дээдсүүд сургаж ирсэн авч, маргалдаж мэтгэлцэж сураагүй, нэгнийхээ учирласан тайлбрыг хүлцэн сонсож сураагүй, бие биенийхээ эрх чөлөөг хүндэтгэж сураагүй бүдүүлэг араншин, асуудлыг шийдэх хамгийн бүдүүлэг аргын жишээ нь болж байна. Хаа сайгүй шүлсээ газар хаяж хараал урсгасан, айж ичихгүйгээр олны өмнө хэн нэгнийг зодож дээрэлхсэн, бүдүүлэг үг хэллэгээр занаж сүрдүүлсэн орчинд ажиллаж амьдарсаар бид дасч орхижээ. “Байдаг л үзэгдэл” дээ дасал болсон бидний “айдастай” хулчгар сэтгэлгээ, өнөөдөр бидний амьдарч буй, маргааш бидний үр хүүхэд амьдрах нийгмийг улам улмаар бохирдуулсаар л буй. Бүдүүлэг хэрцгий авирын эсрэг аятай тайвнаар учирлан хэлэх, олон нийтээрээ нэгдэн эсэргүүцэх нь тийм ч хэцүү биш. “Соёлтой байна” гэдэг чинь “Тэнэглэл” биш шүү дээ.
…Хаа сайгүй баярхаж гайхуулах хэрнээ хэрэглээний”мөнгөгүй”, цэцэрхэж мэдэмхийрхэх хэрнээ анхан шатны “мэдлэггүй”, мундаг хүн болж жүжиглэх хэрнээ наад захын “соёлгүй” залуус олширч байна. Бие биенээ нүүрээр эс гэхэд сургаар “таньдаг”, сайн яривал садан төрлүүд болон хувирчихдаг цөөхөн монголчууд бидний хувьд, бусдын өмнө “доошоо орно” гэдэг хамгийн гутамшиг. Наанадаж нутгийн, цаанадаж аав ээжийн нэрийг хичээх, “сурсан занг сураар боож болдоггүй”-н жишээ энэ. “Ядаж байхад яр” гэгчээр нутгархах дуртай сэтгэлийг нь “Нутгийн зөвлөл” нэрээр хэсэг нөхдүүд дэвэргэнэ. Яриагаараа бүлт бүлт үсрэх хэрнээ, “Гүвээ даваад үнэнд гүйцэгдэх худал” олон олон эрчүүдийн бусдад “гологдох” шалтаг нь болдог. “Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгайч” болж буй олон олон залуус “Айсан хүн адуу хөөж, ичсэн хүн хүн алдаг”-ийн үлгэрээр юу эсийг үйлдэх. Мөнгөгүй бол хичээж хөдөлмөрлөх, мэдлэггүй бол уншиж суралцах, соёлгүй бол бусдаас сурах тийм ч хэцүү биш. Өөрөө ухамсарлаад хичээвэл болохгүй шалтаг үгүй. “Соёлтой байна” гэдэг чинь “Тэнэглэл” биш шүү дээ.
Хүмүүс бид бие биенээ хүндлэн хайрлах, бусдыг хүндлэн сонсох, олон нийтийн газар өөрийгөө аятай сайнаар авч явах соёлыг гэр бүлдээ эхэлж сурдаг. Нэг нэгнийгээ үл тоон доромжилж хэрэлдэх, буруу зүйл хийснийх нь төлөө хүүхдээ зодох, бусдыг муулан харааж зүхэх үйлдэл болгоныг тань хүүхдүүд та биднээс л сурч байдаг. Гэрээ цэвэрлэлгүй хог новшиндоо дарагдах, хоолоо баралгүй асгаж хаях, зочилж ирсэн хүмүүстэйгээ архидан согтуурч заваарах бүх үйлдэлд хүүхдүүд тань дасч л байдаг. Тэгтлээ анзаарч ач холбогдол өгдөггүй “Гэр бүлийн соёл” та бидний үр хүүхдүүдийн төлөвших орон зай. “Буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс ч хатуу” араншинг сургууль багш нар хэзээ ч өөрчилж чаддаггүй юм даа. Тэгээд л бидний амьдарч буй нийгэмдээ олон нийтийн дунд орох бүрдээ бухимдан цухалдах шалтгаан нь болдог. Яг үнэндээ ямар нийгэмд амьдрахаа бид өөрсдөө сонгож, бас бий болгож байдаг. “Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” гэдэг хэлц үг байдаг даа. Тэгээд ч “Соёлтой байна” гэдэг чинь “Тэнэглэл” биш шүү дээ.