Утаанд зарцуулах мөнгийг төсөв рүү гулгуулдгийг зогсооё
Нийслэлд долоо, найман зуун мянган автомашин хөлхөж, агаар бохирдуулж байгаа хэмээн гасалцгаах юм. Тэр олон “төмөр хулгана”-уудаас төрөл бүрийн татвар авдаг. Автомашины, зам ашигласны, жолоочийн хариуцлагын гээд олон татвар бий. Үүний дээр утааны татвар нэмэгдэнэ. Зөвхөн утааны татварыг мөнгөөр тооцвол хэдэн тэрбум төгрөг болдог гэнэ. Хөл дүүжлэх унаатай бүхэн хуулийн дор бөхөлзөж бүхий л татвар, түрээс, төлбөрийг төлдөг.
Гэтэл иргэдийн халааснаас гарсан тэр их мөнгийг зориулалтын зүйлд зарцуулахгүй, хаа хамаагүй цацаж, үрэн таран хийдэг үзэгдэл үргэлжилсээр байна. Үүний тод жишээ бол автомашины утааны татвар хэмээн хурааж авсан мөнгийг утаа багасгахад зориулахгүй улсын төсөв рүү шингээчихдэг гэх юм. Зүй нь уг мөнгийг автомашины утаа багасгах зориулалт бүхий тоног төхөөрөмж, шүүр шүүлтүүр, шингэн зэрэг наад захын хэрэгцээт зүйлд зарцуулбал автомашины хорт утаа, түүний хор уршиг ч багасах билээ.
Хувийн машинтай хүмүүст зориулахад хайран, харамсалтай санагдаад байдаг юм бол хотын гудамжаар хар утаа саагуулан, уушги хорсгон давхих хуучин автобуснуудынхаа янданд зурагтаар сурталчлаад буй хор шүүх шүүлтүүр тавьж суурилуулбал нийтийн эрх ашигт нэн тустай байх бус уу. Монголчуудад байдаг “Урд хормойгоо хойд хормойгоороо нөхөх”-ийн үлгэрийг улсын сан хөмрөгтэй хутгаж, холион бантан хиймээргүй байна. Иргэдээс хураан авсан татварын мөнгийг зориулалтын зүйлд нь зарцуулдаг хууль эрхийн орчин дутагдаад байх шиг.
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН