Ёр далласан билэггүй үгээ цэгнэ

2017 оны 10 сарын 24

Дорнын намуухан Отгонтэнгэр хайрхан хилэнтэй байна. Зулай дээрх цасаа шилгээж, үүлэн хөшгөө татаж сануулга өглөө. Эцэг өвгөдөөс тахин шүтэж ирсэн хайрхануудыг сүүн цацлаар аргадаж, алга хавсран залбирч, нэрийг нь ч хэлэхээс цээрлэн сүсэглэдэг монгол ёс мартагдан бүдгэрч байна. 

Өгсөх даваа, урсах гол том, жижиг ямар ч байлаа гэсэн ам гарч, эрдэж бардаж болдоггүй гэж хөх өвгөчүүл хэзээнээс нааш сургасан. Хар авдарт судар бий, хазгар өвгөнд эрдэм бий гэдэгсэн. Байгаль дэлхийдээ  идээнийхээ дээжийг өргөн аргадаж, ширхэг чулууг нь хөндөхгүй гэж ээтэн хоншоортой гутал өмсдөг монголчууд нүүдэлчдийн төрөлх ахуйгаасаа хэт тасарчээ. Хөдөө явахыг хог хаях гээд ойлгочихсон, гөрөө хийхийг хядна гээд улайрчихсан, усыг гүехэн гэж басамжилдаг, давааг намхан гэж эрддэг хэнэггүй хандлагатай, том үгтэй болсоор байгаа нь тун гэмтэй. Өчнөөн олон гол, горхи мөнгөнд улайрсан хүмүүсийн харгайгаар амь тавилаа. Энэ бүхний хариуд байгаль дэлхий дохио сануулгаа янз бүрээр өгсөөр байна. Монгол хүн амны билгээс ашдын билэг гэдэг. 

Ууланд харамсалтайгаар осолдсон хүмүүсийн тухай элэг эмтэлсэн хүйтэн цэвдэг үгс цахим орчинд хөвөрч байна.

Үхлээ хайж явсан хэдэн мангаруудын араас бөөн сүр хүч боллоо гэсэн утгатай сэтгэгдлийг талийгч болсон хүмүүсийн ар гэрийнхэн яаж өр зүрх нь өмрөн хүлээж авч байгааг төсөөлөхөд бэрх. Олон жилийн өмнө Эверестэд осолдсон гадаад жуулчдын зургийг тавьж байгаад одоо мэнд олдохоосоо өнгөрлөө гэсэн мэдээг уншаад хүү, охиноо инээгээд ороод ирэх юм шиг горьдон байгаа аав ээжүүдийн зүрх тэснэ гэж үү. Аавыгаа, ээжийгээ мөнх цаст өндөр хайрханаас мөсөн чихэр аваад ирнэ гэж итгэн хүлээх үрсийн сүүн сэтгэл рүү үгэн мэсээр ингэж сийчих эрхийг тэдэнд өгсөн билүү.

Талийгаачийн араас муу муухай үг унагадаггүй монгол ёсон бий.

Цахим орчинд нэр нүүрээ нуусан зарим хүнийг монгол, бүр цаашлаад хүн мөн эсэхэд эргэлзэн тээнэгэлзмээр. Араатанд гэсэн хайрлан энэрэх мэдрэмж байдаг. Цахим орон зайд чонын арьс нөмрөн араа шүдээ хурцлан орж ирдэг төрийн хууль цааз үйлчлэх л ёстой.

Төрийн ордонд заларч байгаа эрхэм дээдсүүд ч үг, үйлдлээ цэгнэмээр болсон гэдгийг олон олон жишээ татан хэлж болно. Тэгж нурших нь илүүц биз. Саяхан л гэхэд шинээр томилогдсон төрийн өндөр албан тушаалтан “Би үхэхээс айхгүй...” огцорсон нэг сайд “Шоронд хатааж, хайрцганд хийх гээд байгаа юмуу, гарч ирээд алалцана...” улс төрийн нэг намын хурлын үеэр “Гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ шүү...” гэх үхэл хагацал, аллага, өс хонзон нэвт ханхалсан ёс бус үгс хөврөв. Төрийн минь сүлд өршөө гэж залбирдаг, сүсэглэдэг ард түмэн шүү дээ. Энэ их бишрэл, хүндлэлийн өөдөөс үхэх сэхэхээ үзье, алалцъя, дайтъя гээд байхаар хэнд ч сайхан санагдахгүй. Хүндэл ийм л билэггүй үг, үйлдлийн ард мөхдөг. 

Хошин шогийн хамтлагууд хүн инээлгэхийн тулд “Цус үзье” ч гэж байх шиг. Хамгийн аймшигтай нь энэ үгсийг сонсоод хүмүүс эвгүйцэх биш инээд алдацгаах нь элбэг болчихлоо. Хэлд ороод удаагүй багачууд “Ална шүү” гэх нь монголчууд бидний хувьд бараг л амьдралын ердийн, хэвийн үзэгдэл болтлоо ужгирчээ. Билэггүй үгс муу ёр, муухай тавилан даллаж байдаг тул монголчууд цээрлэдэг. Хараалын муу үгс шивнэсэн ус хар муухай энергитэй байдгийг, ерөөл шивнээд орхисон ус гойд сайн үйлчилгээтэй болохыг Японы эрдэмтэн шинжлэх ухаанаар саяхан баталсан. Харин нүүдэлчин монголчууд олон мянган жил ерөөл өргөж амьдарсаар ирсэн. Ийм учраас ёр дуудсан билэггүй үгээ өтгөс буурлуудаас авахуулаад нялх балчирууд хүртэл хаа хаанаа цэгнэе.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48522
5 эможи
keyboard_arrow_up