Цахим орчинг үр ашигтай хэрэглэцгээе
“Эрүүл” гэх тодотголтой холбоо үг хаа сайгүй сонсогдож, хэн хүнгүй л ярих болжээ. Тухайлбал, эрүүл хооллолт, эрүүл хэв маяг, эрүүл орчин, эрүүл сэтгэл зүй гэхчлэн цааш тоймгүй үргэлжлэх биз.
Гэсэн ч яг үнэндээ эрүүл гэдэг үгийн жинхэнэ мөн чанарыг хүмүүс мартсан бололтой. Эрүүл мэнд гэдэг нь хүн байгалиараа өсөн торниж өвчин зовлонгүй байхыг хэлнэ. Хүний биеийг олж төрхөөсөө л эрүүл мэнд гэсэн ойлголттой салшгүй холбоотой болж таарч байна. Хүн болох багаасаа гэдэг шиг өсч торинохын хэрээр амьдарч буй орчин, дадал зуршил, хандлага, зан үйл, соёл гэх зэрэг олон хүчин зүйлс бидний эрүүл мэндэд нөлөөлж өвчин эмгэг үүсгэж байна. Харин орчин үед цахим хэрэглээ бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бас нэгэн шалтгаан болоод байна.
Хэдийгээр хурдацтай хөгжиж буй техник технологийн эрэн үед цахим ертөнцөөс хол бай гэх нь цөлд усгүй амьдар гэсэнтэй утга нэг юм. НҮБ-ын Хүүхдийн сангаас дэлхийн нийт цахим хэрэглэгчдийн 30 гаруй хувийг насанд хүрээгүй хүүхэд эзэлж байгааг тайлан судалгаандаа мэдээлсэн. Түүнчлэн олон эцэг эхчүүд үр хүүхдээ техник технологи, цахим хэрэглээнээс хол байлгах гэж хичээх болсон. Гэсэн хэдий ч тэрхүү оролдлого нь төдийлөн амжилт олж чадахгүй байна.
Уг судалгаагаар Англи Улсын 5-6 насны хүүхдийн 50 хувь нь гэртээ интернет орох боломжтойгоос гадна интернетийн байнгын хэрэглэгчид болжээ. Харин БНСУ-д дунджаар найман настай хүүхэд анх ухаалаг утастай болж эхэлж байна. Үүнээс гадна манай урд хөрш болох БНХАУ-д 10-аас доош насны цахим хэрэглэгчдийн тоо 23 саяд хэдийнээ хүрчээ. Тэдний 56 хувь нь 5-аас доош насны хүүхдүүд эзэлж байгааг онцолжээ.
Дээрх судалгаанаас үзэхэд цахим хэрэглэгчдийн нас жил ирэх тусам залуужиж байгаа нь бараг л төрөлхийн цахим хэрэглэгч төрж буй мэт. Харин юуны улмаас залуу цахим хэрэглэгчид ихсэх болсныг тогтооход дор дурдсан хэдэн шалтгаан нөлөөлж байна.
Томчуудын завгүй амьдрал
Эцэг эхчүүд гэлтгүй хүүхдийн аж төрж буй орчинд амьдралын буруу хэв маяг түлхүү анзаарагдах болсон. Хэт завгүй, өрсөлдөөн ихтэй, стресстэй их хотын амьдрал дунд хүүхдийн асран хүмүүжүүлэгч, багшийн үүргийг цахим ертөнц, ухаалаг утас гүйцэтгэх болжээ.
Энэ нь хүүхдийн эрүүл мэнд болоод сэтгэл зүйд муугаар нөлөөлж байгааг олон судалгаа харуулж байгаа ч бид энэхүү асуудлыг хэрхэн оновчтой шийдвэрлэх вэ гэдгээ хараахан амьдралдаа хэвшүүлж амжаагүй л байна. Техник технологийн хөгжил чухал ч таны хүүхдийн эрүүл мэнд бүүр ч чухал юм. Хамгийн гол нь эцэг эх гэдэг хүүхдийн хувьд үлгэр дуурайлал, аврагч, хамгаалагч гэдгээ хэрхэвч мартаж болохгүй.
Мэдээллийн хязгаарлагдмал байдал
Сургуульд олгож буй хязгаарлагдмал мэдээллийн сангаас болж хүүхэд цахим ертөнцөөс өөрийн хүссэн мэдээллийг олох зорилгоор хэт удаан хугацаагаар интернетээр аялах болсон. Энэ нь зарим талаараа хүүхдийн оюун ухаан хийгээд сэтгэл зүйг хөгжүүлж байгаа ч, нөгөө талаараа том хүн шиг хүүхдийг бий болгож буйг та бүхэн анзаарсан байх.
Бие жижиг ч бэлчээр томтой өөрт баймааргүй яриа хөөрөөтэй хүүхдүүдтэй та олон удаа таарсан байлгүй. Харамсалтай нь техник технологийн хөгжлийн нөлөөллөөр хүүхэд нас үгүй болж байгаа ч юм шиг.
Хамгаалалтын програмын хөгжлийн хоцрогдол
Цахим хэрэглээний нэг давуу тал нь эрх чөлөөт ертөнцийг хэн дуртай хүнд нээж өгдөг билээ. Харин хэт эрх чөлөөт байдал нь хүүхдийг хэтэрхий эрт томчуудын ертөнцөд хөл тавиулж байна. Үүний нэг жишээ нь бага насны хүүхэд насанд хүрэгчдийн сайт, киног интернетээр үзэх явдал ихэссээр байна.
Германы эрдэмтэд насанд хүрэгчдийн киног хэтрүүлэн үзэх нь тархины үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэйг олж илрүүлжээ. Энэхүү судалгаанд 21-45 насны насанд хүрэгчдийн кино тогтмол үздэг эрэгтэйчүүдийн тархины бичлэгийг 7 хоногийн турш судалсан байна. Судалгааны үр дүнд тэдний тархины хариу үйлдэл удааширсан байсан нь судлаачдын анхаарлыг татжээ. Судалгаанд оролцогчдын аливаа зүйлд донтох шунал хүсэл нь ихэссэн байна. Өөр олон судалгаанд насанд хүрэгчдийн киног бага насны хүүхэд үзэх нь тэдний хэвийн бэлгийн бойжилт болон тархины бүтцэд өөрчлөлт үзүүлэх магадлалтайг онцолжээ.
Манай улсын хувьд насанд хүрэгчдийн сайтад хандахыг хязгаарласан ч өсвөр насны хүүхдүүд олон төрлийн програм ашиглан насанд хүрэгчдийн сайтаар аялсаар байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд хүүхдүүд цахим гэмт хэрэгт холбогдох нь ч олширч байна. Энэ нь дэлхий дахинд цахим хамгаалалтын програм хараахан төгс хөгжөөгүй байгаатай холбоотой байж болох юм.
Хэчнээн цахим хамгаалалтын програмын хөгжил чухал ч эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч шиг хүүхдийн өсөн торниж буйг анхаарч халамжлахыг хэрхэвч орлуулж болохгүй билээ. Иймд хүний өөрийн гэлтгүй хүүхэд бүрийг чин сэтгэлээсээ анхааран халамжлах нийгэм бидэнд хэрэгтэй байна. Тэгж байж бид бүгд хүсэн хүлээсэн соёлч, ёс суртахуунтай, өвчин эмгэггүй эрүүл нийгмийг цогцлоох болно.
Сэтгэл зүйч Д. Пүрэвсүрэн