Ялах ёстой дайны “ХАР ШИЛТЭЙ” командлагч

2017 оны 10 сарын 02

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга албаа хүлээж авснаас хойш хоёр сарыг үджээ. Энэ хугацаанд тэр өөрийгөө өмнөх дөрвөн Ерөнхийлөгчөөс эрс өөр имижээр таниулж чадаад байна.

Х.Баттулга энгийн даруу, уг дүү цөөтэй, эх оронч, үндэсний үзэлтэй Ерөнхийлөгч гэж танигдаж байна. Хар шил, костюмны дотуур өмссөн хар ноосон цамц түүний энгийнийг илтгэх имиж боллоо.

Гарцан дээр иргэддээ зам тавьж, хүлээн зогсож буй дүр төрхийг Монголчууд анх удаа л харлаа. Хойд их хөршийнхөө тэргүүний хүндэтгэлийг өөртөө татаж, ихэд дотночилж харилцах ид хавыг социализмын үеэс хойш харсан тохиолдол нь энэ удаа болж таарлаа. Энэ мэт олон эерэг бөгөөд сэтгэлд ойр сэтгэгдэл төрүүлж чадсан Х.Баттулга цаашид ямар бодлого, шийдвэр, үйл ажил сэдэх бол. Х.Баттулга бол эх оронч, үндэсний үзэлтэй гэдэг нь маргаангүй. Үүнийг хүлээн зөвшөөрөхийг эс хүсэгч нийгмийн бүхэл бүтэн давхарга бий боловч түүний хийсэн, бүтээсэн, сэдсэн, сэтгэсэн бүхэн үндэсний бахархал, Монголын дархлааг бий болгох зорилгыг агуулдаг.
Өөрийн бизнесээ хүртэл энэ зарчим, ийм зорилгод нийцүүлэн хөгжүүлж ирсэн байдаг. Тэр хэзээ ч мөнгөө ганцаараа идээд, уугаад өнгөрөхийг хүсээгүй гэж өөрөө ярьдаг. Монгол оронд Монгол хүн л эзэн нь байх ёстой гэж тунхагладаг. Одоо тэгвэл түүнийгээ ажил хэрэг болгох боломжийг ард түмэн түүний гарт атгуулжээ.
БНН-ын дарга Б.Жаргалсайхан нэгэнтээ “Тэр хувийн цагдаатай, тагнуултай, прокурортой, шүүгчтэй, өөрийн харьяаны сайн эрс, гэмт хэрэгтнүүдтэй, намтай, улс төрчидтэй, хэвлэл, радио, телевизтэй. Түүнд байхгүй юм байхгүй” гэж тодорхойлж байсан. Тэгвэл одоо тэр бүхэл бүтэн тусгаар тогтносон улстай болчихоод байна гэж дээрх тодорхойлолтыг дэвэргэж болохоор боломжийг Х.Баттулга эзэмшиж байна.
Тиймд өнгөрсөн хугацаанд хувийн компаниараа дамжуулан хийж чадаж байсан ажлаа улсын хэмжээнд өрнүүлэн цэцэглүүлэх болов уу гэж ард түмэн найдвар тавьж байгаа билээ. Х.Баттулга бизнесмэн байхдаа эх орныхоо ирээдүйд хэрэгтэй, үндэсний бахархлыг сэргээсэн бизнест хөрөнгө оруулдаг байв. Үүнийхээ шанд эх оронч, үндэсний үзэлтэн гэх хатуу дэмжигчдийн бүхэл бүтэн фронтыг талдаа татаж чадсан.
Тэрбээр ард түмнийхээ үндэсний бахархлыг нь сэргээх үүднээс Түмэн хишигтэн, Чингисийн морьт хөшөөг босгосон. Харин үндэсний дархлааг бий болгохын тулд Их Майдар цогцолборыг бүтээхээр зорьж байна. Монголын төр хийж чадаагүй бүтээн байгуулалтыг тэр хийсэн юм. Үнэхээр ч бахархал, дархлаа гэдэг бол аливаа үндэсний оршин тогтнохын үндэс. Их Майдар цогцолборыг бүтээхийн ач холбогдлыг Женко өөрөө тайлбарлахдаа “Буддизм бол бидний дархлаа юм. Миний ойлгож байгаагаар үндэстэн болгоны хувьд шашин нь дархлаа болж байдаг. Дархлаа нь нэг бол улс орон нэгдэнэ. Монгол үндэстэн бахархалгүй, дархлаагүй болж болохгүй. Тиймээс бахархал ба дархлааг нь нүдэнд нь харагдаж, сэтгэлд нь тэмтрэгдэхээр бүтээгээд, босгоод өгье гэж бодсон юм” хэмээн ярьж байлаа. Одоо зарчмаа хэрэгжүүлэх бололцоог түүх түүнд оноожээ.
“Хүний нохой идэхээр өөрийн нохой ид”. Энэ бол Х.Баттулгын зарчим. Хэлдэг үг, хийдэг ажил нь бүх бизнесийн эзлэн түрэмгийллээ тэр үүгээр тайлбарладаг. Гадныханд эзлэгдэж буй юм бүхэнд харам ханддаг бизнесмэн байсан. Магадгүй энэ өнцгөөсөө түүний худалдан авалт, хувьчлалууд нь өөртөө бус Монголдоо оруулсан том хөрөнгө оруулалт байж. Социализмын үед барьж босгосон “Мах импекс”, “Талх чихэр” зэрэг үндэсний томоохон үйлдвэрүүд зах зээлийн шуурганд нэрвүүлэн дөнгөн данган ажилласан болж, өр зээлэндээ баригдаад байхад Х.Баттулга худалдан авч, босгосон. “Талх чихэр” компанийг гэхэд л эзэмшиж байсан хүмүүс нь “Голомт” банкинд нэг сая 800 мянган долларын барьцаанд тавиад, төлж чадалгүй алдсан байсныг Женко худалдаж авчээ. Тухайн үедээ ажилчдынхаа эхний зургаан сарын цалинг тавьж чадахгүй гэх хэл аманд өртөж байсан ч өндийлгөж чадсан. Томоохон үйлдвэрүүд, нэн ялангуяа хүнсний үйлдвэрүүдээ харийнханд алдахгүй, улс орныхоо аюулгүй байдлыг бодсон алхам байжээ, одоо бодоход.
Тэгвэл өнөөдөр Монголчууд Ерөнхийлөгч болсон Х.Баттулгаас энэ эх оронч сэтгэл нь амьдрал дээр хэрхэн буухыг хүлээж байна. Мөн тэрээр “Нам бүрт, цаашлаад салбар бүрт улс төр, бизнесийн бүлэглэл бүрэлдсэн байна. Хамтраад хуйвалдаад явах боломж надад байсан. Улс төрийн эрхийг барьдаг улстөрчид, бизнесийн бүлэглэлийн ард түмнээс нууж хийдэг асуудлыг нь би илчилсэн хүн. Цаашид ч ийм үйлдэлтэй эвлэрэхгүй” гэж ярьж байсан.  Хэлсэндээ сууж, хэнтэй л эрх ашгийн өвөр түрийнд орохгүй байх гэж ард түмэн түүнд итгэлээ дайж байна. Түүнийг их баян хүн гэж тооцдог байна. Харин ч бүчин авч, дэмжин талархах янзтай байна.
Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар хүндэтгэлийн жагсаалын өмнө үг хэлэхдээ ч, хэлмэгсдийн ар гэрийнхэнд төрийн нэрийн өмнөөс уучлалт хүсэхдээ ч тэр хар цамц, хар шилнээсээ салаагүй. Мафийн толгойлогч маягийн хэв шинж, сүртэй ширүүн төрх нь бага зэрэг шүүмлэлд өртсөн. Гэвч дийлэнх олонхи нь үүнд ууч хандсан билээ. Х.Баттулга гэх хувь хүний хэнээс ч хараат бус, өөрийнхөөрөө, энгийн гэдгийг илтгэх имижтэй “зодолдох”-ыг олон нийт хүсээгүй. Яль шалихгүй өө хайж, муучилж муутгаж хандахгүй байгаа нь түүнд хэр их итгэж, найдвар тавьж буй илэрхийлэл юм. Бодлого, шийдвэрээ илүү тодорхой болгож, оновчтой хэрэгжүүлж эхлэхэд шаардлагатай дэмжлэг түүний талд байна гэсэн үг. Хэрвээ Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдлыг эрс өөрчлөн шинэчлэхийг ялах ёстой дайн гэж тооцвол фронт командлагч нь Х.Баттулга юм. Тэгвэл фронтын тэргүүн шугамд яваа хүнд ар талын дэмжлэгээс өөр чухал зүйл үгүй билээ. Монголчуудын итгэл найдварын зүү яг одоо Ерөнхийлөгчийнхөө талд зааж байна.
 

Эх сурвалж: УЛС ТӨРИЙН ТОЙМ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47648
4 эможи
keyboard_arrow_up