“БАЛДОРЖ“ ШАГНАЛЫН ГРАНПРИ БҮТЭЭЛ: Нулимстай бөхөн
“Балдорж" сангаас зохион байгуулдаг сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах ёслол ес дэх удаагаа өчигдөр орой "Улаанбаатар" зочид буудалд боллоо. 2017 оны “Балдорж” шагналын эзнээр “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Энхмарт тодорсон юм. Тэрээр “Нулимстай бөхөн”, “Хөвч тайгад гурав хоног төөрөөд эсэн мэнд олдсон Ө.Энхзул охин”, “Алтны өмнө Монголын хууль, төр засаг бөхийж, Ерөө гол Орхоны эмгэнэлийг давтах нь” бүтээлээрээ "Балдорж" шагналын Гранпри-г хүртсэн бөгөөд түүний "Нулимстай бөхөн" нийтлэлийг хүргэж байна.
-НУЛИМСТАЙ БӨХӨН-
Хүйсийн говийн адаг Шаргын говийн эхэн. Амсхийх чөлөөгүй хүйтэн хавсарга говийн бударганат бор талыг тэр чигт нь хийсгэчих шахан тачигнана. Цас багатай жил болоод ч тэр үү их говийн уудам тал нэлэнхүйдээ бараантана. Дүнсгэр говийг жилийн өдийд сэргээж, амилуулдаг цөөхөн зүйлийн нэг нь бөхөн. Гэвч хорь гаруйхан хоногийн дотор хоёр, гурван мянган бөхөнгөө “алдсандаа” их говь улам бүр бараантан байх шиг... Ийн бодол тээн бөхөнгийн орон гэгдэх нутгаар нэгээхэнтэй ч тааралгүй хоёр цаг гаруй давхисны эцэст хамт яваа хүмүүсийн нэг “Тэрийг хар аа, ашгүй дээ” гээд ухасхийв. Заасан зүгт нь цагаан тоос татжээ. Говь амилах шиг болж, их талын дунд зургаан цагаан тоос татсан нь зургаан бөхөн цахилж одсоныг илтгэнэ. Машины чимээнээр харваж одсон зургааг мялзангийн халдвар аваагүй учраас л ийн цовоо цахилсан биз хэмээн ярьж дуусаагүй байтал жолооч огцом тоормоз гишгэн зогслоо. Ташуурдах жавраас нөмөрлөх нь битгий хэл өчүүхэн ч нэмэр болохооргүй сэрийсэн давжаа загийн хажууд үргэж одох нь битгий хэл өндийх ч тэнхэлгүй янзага аахилан хэвтэж байв. Дэргэд нь очсон биднээс цочдосхийснээ толгойгоо өргөж үл дийлэн тийчлэх янзаганы хоёр нүднээс урссан нулимс, нуух дарайн хөлдөж, хойд хөл, цавь нь тэр чигтээ хар ногоон чацгаар будагдсан нь мялзан төст өвчинд дийлдэж буйг нь илтгэнэ. Их говийн заг, бударгана болгоноор салхины нөмөр хийн амь тийчлэн хэвтэж буй зуу зуун янзаганы нэг нь тэр. Түүнийг ингээд орхивол бусдадаа амьсгалын замаар халдвар тараана.
Жавар тачигнасан хүйтэн талд хэзээ үхэхийг нь хүлээн суух боломжгүй тул зориулалтын уутанд хийгээд устгалын цэгт хүргэхээс өөр аргагүй. Энэ бол Шаргын говийн их тал эхлэхээс арваадхан километрийн цаана буюу одоогоор 3000 гаруй бөхөнгийн амийг авч одоод байгаа мялзан өвчний голомт Хүйсийн говийн нутаг. Хүйсийн говьд өнгөрсөн оны байдлаар 6000 гаруй бөхөн байсан бол өдгөө тал нь үрэгдээд байгаа. Харин ажлын хэсгийнхэн одоогоор эрүүл хэмээн тооцож буй Шаргын говь руу өвчтэй, халдвартай бөхөнг нэвтрүүлэхгүй, эрүүлийг халдварын голомт руу оруулахгүйн тулд эргүүлийн есөн пост гарган байнгын үргээлгэ хийж байгаа юм. Гэхдээ эх болон бусдаасаа тасарч хоцорсон түрүүчийн янзага мялзан өвчний аюул Шаргын говийн хаяанд ирсний дохио. Одоо хамгийн чухал нь Шаргын говьд эрх дураараа бэлчиж буй 5000 гаруй бөхөнд халдвар тараахгүй байх юм. Хэрвээ энэ бүсэд халдвар орвол монгол бөхөн тэр чигтээ үгүй болох эрсдэлтэй.
Дэлхийд нэн ховор, хэдэн зуун сая жилийн тэртээгээс өдгөөг хүртэл тэсэж үлдсэн цор ганц амьтан хэмээгддэг монгол бөхөнгийн сүрэгт учирсан халдварт өвчний аюул, эрүүлийг нь хамгаалж, сэргийлэхийн тулд Засгийн газар хийгээд орон нутгийн албан хаагчид, ард иргэд хэрхэн ажиллаж байгааг сурвалжлахаар Говь-Алтай аймгийг зорьж очоод байгаа нь энэ. Шадар сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийнхний шийдвэрээр нийт бөхөнгийн 90 орчим хувь нутагладаг тус аймгийн Байгаль орчны газраар ахлуулсан ажлын хэсэгт 298 сая төгрөг хуваарилсан билээ.
-298 сая төгрөгийн сураг буюу монгол бөхөнг зээлээр хамгаалж байна-
Засгийн газраас хөрөнгө мөнгийг нь шийдсэн учраас үхсэн бөхөнгийн сэг зэмийг устгах, өвчтэй бөхөнгөөс дээж авах, хөрс, ус, сэг зэмээр дамжин малд болон, бусад амьтанд халдварлах эсэх, халдвартай бүсээс эрүүл бүс рүү бөхөн оруулахгүй байх зэргийг асуудалгүй шийдэж байгаа хэмээн тооцоолж байсан минь бодит байдал дээрээ өөр байв. Учир нь энэ сарын 18-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар төсвийг нь шийдвэрлэсэн Засгийн газрын тогтоол өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна. Тодруулбал, Засгийн газраас шийдвэрлэсэн мөнгө орон нутгийн дансанд өнөөдрийг хүртэл шилжиж ороогүй байгаа юм. Энэ талаар албаныхан “Засгийн газрын тогтоол гарсан ч баталгаажихад тодорхой хугацаа шаарддаг. Мөн Сангийн яаман дээр уг төсвийг хянаж, тодорхой шалгуур, дүрэм журмын дагуу мөнгийг шилжүүлнэ. Энэ ажил хийгдэж байгаа” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, хамгийн чухал, шаардлагатай зүйл болох санхүүжилт шийдэгдээгүй нь орон нутгийнхны хувьд том бэрхшээл болж байв. Гэхдээ тэд мөнгө орж ирэхийг хүлээгээд суусангүй. Сум орон нутгийн худалдаа, үйлчилгээний байгууллагууд, ард иргэдтэй зээлийн гэрээ байгуулан ажиллаж байлаа. Энэ талаар Говь-Алтай аймгийн Байгаль орчны газрын дарга Д.Батмагнай “Аймгийн Засаг даргын захирамжаар бөхөнгийн нутагладаг халдварын голомтот болон эрүүл бүсэд хорио цээрийг дэглэм тогтоон ажиллаж байна. Мөн Засгийн газрын тогтоолоор бөхөнгийн мялзан өвчинтэй тэмцэх, үхсэн бөхөнгийн сэг зэмийг устгах, булах, халдваргүйжүүлэлт, ариутгал хийх, эрүүл бөхөнг хамгаалах, тусгаарлахад зориулан манай аймагт 298 сая төгрөг төсөвлөхөөр болсон. Одоогоор уг санхүүжилт орж ирээгүй байна. Гэхдээ бид санхүүжилт хүлээвэл бүх бөхөнгөө мялзангаар алдаж мэдэх эрсдэлтэй тул шаардлагатай бүх арга хэмжээг өөрсдийн эрх, үүргийн хүрээнд авч, хэрэгжүүлж байна. Одоогоор Хөхморьт, Баян-Уул, Дарви, Шарга, Тонхил, Төгрөг, Халиун суманд устгалын найм, эргүүлийн есөн пост ажиллуулж байна. Үүнд шаардлагатай бүх зардлыг орон нутгийнхнаас зээлийн гэрээ байгуулан шийдвэрлэж байна. Тухайлбал, эргүүл болон устгалын цэгт ажиллаж байгаа хүмүүсийн хоол, хүнс, шаардлагатай шатахуун түлш, түлээ, нүүрс, хэрэгтэй багаж, хэрэгсэл гээд бүгдийг нь гэрээ байгуулан зээлж байгаа” гэсэн юм. Ийм байдлаар бөхөнгийн сүргийг тэр чигт нь сүйдэхээс хамгаалж, үхсэнийх нь сэг зэмийг даруй цуглуулж, булах ажлыг биднийг очихоос хоёр хоногийн өмнө эхлүүлсэн байв.
-Мялзангийн аюулын хажуугаар ашиг хонжоо хайгчид эрүүл бөхөнг буудаж, эврийг нь авч байна-
Мялзангийн улмаас халуурч, дагжин чичрэхийн зэрэгцээ хөдлөх ч тамиргүй болсон янзагыг уутлах үеэр бидэн дээр мотоцикльтой хүмүүс ирсэн нь эргүүлийн хоёрдугаар цэгт ажиллаж байгаа залуус аж. Тэд “Урд шөнийн шуурганд гэр маань нурчихсан. Бид гэрээ босголцчихоод хэдэн бөхөн харагдахаар нь үргээхээр ирлээ. Урд шөнө энүүхэн хойно нэг бөхөнг алаад эврийг нь аваад явчихсан байна. Гэгээ тасрахаас өмнө явахад юу ч байгаагүй мөртлөө өглөө эрт явтал үхсэн бөхөн байсан. Эрүүл, мялзангийн шинж тэмдэггүй бөхөнг эврийг авах гэж л буудсан бололтой. Хоёр мотоциклиор хөөсөн мөр байна. Хэрвээ өвчнөөр, өөр шалтгаанаар үхсэн бол шөнийн харанхуйд хэн ч энэ жалганд ганц эр бөхөн үхсэнийг мэдэж ирж, эврийг нь авахгүй шүү дээ. Тэгэхээр энэ зориуд хийсэн зүйл байх. Бид эргүүлд гараад хоёр хонож байна. Уг нь бөхөн үхэх нь гайгүй байсан юмсан. Энэ янзага хаанаас гараад ирэв ээ” хэмээгээд бидэнд эврийг нь авахаар буудсан байж болзошгүй бөхөнгийн байгаа газрыг замчилсан юм. Эргүүлийн хоёрдугаар постын гэрээс арав хүрэхгүй километрийн зайд байх жалга руу өнгийгөөд ортол арав гаруй тас бөхөнгийн сэг зэмэн дээрээс нисэн холгүйхэн очиж сууцгаав. Залуус “Хэдхэн минутын өмнө бүтнээрээ байсан юм. Тас хамгийг нь идчихэж. Гэхдээ нүд, цавийг нь хар. Өвчний шинж тэмдэг байхгүй. Эврийг нь сурмаг гэгч нь авсныг харж байгаа биз. Эсгий гуталтай хоёр хүн байгаа юм” гээд толгойг нь өргөж харуулав. Түүнчлэн тэд “Орон нутгийн иргэдэд мялзан өвчинтэй бөхөнгийн эврийг авбал өвчний вирус үс, шүлсээр нь дамжин хувцас, хунарт нь наалдах эрсдэлтэй гэж сануулсан учраас өвчтэйнх нь эврийг авч чадахгүй өвчнөөр далимдуулан эрүүлийг нь хөнөөх явдал их байгаа бололтой. Өчигдөр л гэхэд манай аймгийн нэгэн сумын насаараа байгаль хамгаалагч хийсэн хүний хүүхэд 78 эвэр Улаанбаатар руу оруулж, зарах гэж яваад цагдаагийнханд баригдсан байна лээ. Мөн өөр бас нэг суманд ийм маягаар үхсэн бөхөн хэд хэд байгааг бид хоорондоо утсаар мэдээлэл солилцсон” гэсэн юм.
-“Дэлхийд ганцхан монгол бөхөнгөө аварч үлдээх ажилд дайчлагдаж байгаагаа өндөр хариуцлага гэж бодож байгаа”-
Ингээд эргүүл хэрхэн хийж байгаа талаараа Халиун сумын иргэн Б.Болд “Эргүүлийн постод тухайн сум, орон нутгийн байгаль хамгаалагчаас гадна гурван эрэгтэй хүн байрлаж, хоёр мотоцикльтой ээлжлэн эргүүл хийж байна. Өвлийн цаг болохоор дулаалгатай, тохитой гэр олдохгүй олдсон нь энэ. Бид өдөрт нэг мотоцикльд таван литр шатахуунаар эргүүл хийх нормтой. Гэрээсээ хааш хаашаа 15 километрт эргүүл хийж, эрүүл бүсээс халдварын голомттой, халдвартайг эрүүл бүс рүү оруулахгүйгээр хоёр тийш нь үргээж байна. Гэхдээ бөхөнгийн тоо толгой эрс цөөрсөн нь мэдэгдэж байна. Өмнө нь өдийд энүүгээр сүрэг сүргээрээ бэлчиж байдаг байсан бол одоо цөөн тооны хэдийг л нааш, цааш нь үргээсэн байдалтай байна. Малчдын яриагаар бөхөн айл бараадаж, эсвэл уул руу нөмөр газар очиж үхэх нь их байна гэсэн” гэв. Тэд зуухаа улайстал гал түлсэн ч гэр нь дулаацах нь битгий хэл бүлээцэхгүй байгааг “Өдөр ч гайшгүй ээ. Шөнө бол гэр нэвт салхилна. Гэхдээ дулаалах, тохь тухтай байх арга бодно оо. Бид хүний юм хийж өгч байгаа биш шүү дээ. Дэлхийд ганцхан монгол бөхөнгөө аварч үлдээх ажилд дайчлагдаж байгаагаа өндөр хариуцлага гэж бодож байгаа. Үр хойчдоо бөхөнгийн сүргийг үлдээх нь бидний үүрэг” гэсэн юм. Тэд нэг өдрийг 12 мянган төгрөгийн урамшуулалттайгаар ийн эргүүл хийж байгаа юм. Хүйсийн говиос Шаргын говь руу бөхөн бэлчээрлэж ордог хоёр зам байдаг бөгөөд тэнд ийм маягаар нийт есөн эргүүлийн цэг байрлуулж, байнгын үргээлгэ хийлгэж байгаа нь энэ.
-Мялзангийн улмаас 4300 гаруй бөхөн, 22 хар сүүлт, нэг янгир үхээд байна-
2017.01.28-ны өдрийн байдлаар Говь-Алтай аймгийн хэмжээнд 3000 гаруй, Ховд аймагт 1356 бөхөн үхээд байгааг албаныхан мэдээлсэн юм. Мөн мялзан өвчнөөр бүгд үхсэн нь тогтоогдоогүй ч бөхөнгийн сэг зэмийг цуглуулах ажлын хэсгийнхэн 22 хар сүүлтийн сэг зэм олсон гэж байв. Өөрөөр хэлбэл, өдөр ирэх тусам уг өвчний улмаас үхэх бөхөн, бусад амьтны тоо толгой нэмэгдсээр байв. Түүнчлэн үүнээс хоёр хоногийн өмнө Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд янгир өвчилсөн байсныг олж, мялзангийн халдвар авсныг мэргэжлийн байгууллагаас тогтоосон гэсэн юм.
Биднийг дээрх постод очихын өмнөхөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын удирдамжаар манай улсад ирсэн, Их Британийн Хатан хааны мал эмнэлгийн их сургуулийн профессор, мал, зэрлэг амьтны их эмч Ричард Кок тус аймгийн нөхцөл байдалтай танилцаж, өвчилсөн бөхөнгөөс дээш аваад явсан байв. Тэд Ричард Кок эмч “Мялзан амьд мал, амьтан нь вирус тараагч. Үхсэн бөхөнгөөс халдвар тархахгүй. Энэ өвчний вирус гадаад орчинд тэсвэргүй, 99.9 хувь нь малаас малд дамжина. Магадгүй мал, зэрлэг амьтан ундаалдаг уст цэгүүдээр халдвар тархах эрсдэл байхыг үгүйсгэхгүй. Казахстанд болсон бөхөнгийн хорогдлын байдлаас харвал нийт бөхөнгийн 60-80 хувь нь хорогдох магадлалтай. Үүнээс ч давах эрсдэл байна” гэж ярьж байна лээ. Хэрвээ энэ үнэн бол Засгийн газар, холбогдох газрууд хөрөнгө шийдсэн гээд хараад суух биш эрүүл бүсэд байгаа бөхөнгүүдийг авран хамгаалах талаар өөр бодлого хэрэгжүүлэх, арга зам хайхгүй юм байх даа. Бид хэдий чадах чинээгээрээ хэцүү нөхцөлд ажиллаж байгаа ч гэсэн дийлэнхийг нь үхүүлчихвэл хэцүү шүү дээ ” гэв.
Эндээс бид бөхөн мялзан өвчнөөр хамгийн их хорогдож буй Хөхморьт сумыг зорилоо.
-НУЛИМСТАЙ БӨХӨН-II-
Монгол бөхөн мөхлийн ирмэгт ирээд байна. Бог малын мялзантай төстэй шинж тэмдэгтэйгээр өдгөө нийт бөхөнгийн гуравны нэг нь үхээд байгаа билээ. Үлдсэнийг нь аварч, хамгаалахын тулд Монголын Засгийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам, холбогдох байгууллагынхан, сум орон нутгийнхан бөхөн бэлчээрийн нутаг буюу эрүүл бүсийг өвчтэйгээс тусгаарлахыг хичээж байгаа. Энэ нь төдийлэн үр дүнтэй биш ч үүнээс өөрөөр хамгаалах арга одоогоор алга. Мөн нэгэнт халдвар авсан бөхөнгүүдийг үхэж дуусахыг хүлээхээс өөр сонголт үлдсэнгүй. Иймдээ ч Говь-Алтай, Ховд аймгийн нийт есөн сумын нутагт үхсэн бөхөнгийн сэг зэмийг түүж, цуглуулах ажил өрнөж байна.
“Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутаг Дөргөний хүрэн тал бол бөхөн, хар сүүлтийн хахир хүйтнийг даван туулдаг нутаг. Жилийн өдийд эндээс л бөхөнг хамгийн олноор нь харж болно. Хүйтэн ч гэлээ нялх нь голцуу хаварждаг юм. Дөргөний талыг бөхөнгүй, бөхөнгийн сүргийг энэ газар оронгүй төсөөлөхөд бэрх. Хаврын тунгалаг өдрүүдэд тэнгэр баганадтал тоос татуулан одох нь сэтгэл тэнийлгээд сайхан шүү дээ. За тэгээд хавсарга тавьж, цасаар шуурч байсан ч ялгаагүй дээ. Ижил сүргээрээ “Бид энэ нутгийн эзэн нь шүү” гэх шиг ийш тийш цахилна” гэх нутгийн ахын яриаг сонссоор Дөргөний хүрэн талын захад ирлээ.
Бөхөн хэдэн арваараа сүрэглэх нь битгий хэл хэд гурваараа таарах нь цөөн байв. Хүйсийн говьд тохиосон гамшиг энд ч нүүрлэснийг хаа сайгүй бэлчиж байдаг асан бөхөнгийн сүрэг нутгаа ханхайтал орхисноос нь түвэггүй мэдэж болно. Үүнийг гэрчлэх гэсэн шиг тас шувуу хэд гурваараа энд тэндгүй тонголзоно. Нэлийсэн их талын энд тэнд шувууд нисэн буух нь тэр бүрт бөхөнгийн сэг зэм байгааг илтгэнэ. Үхлээ хүлээн өвчиндөө шаналан хэвтэх бөхөнтэй хэдэн ч удаа таарав. Тунгалаг хар нүдээс нь зам татуулан тасралтгүй урсах нулимс л түүнийг амьд гэдгийг гэрчилж байх шиг санагдана. Хээрийн салхинд ч үл гүйцэгдэм онгон зэрлэг амьтан ийн халдварт өвчинд нэрвэгдэж, үхлээ хүлээн говь нутгийн ээрэм талд хэдэн зуу, мянгаараа тийчлэн хэвтэж байгаа нь даанч харамсалтай. Хар сүүлт, цагаан зээр ч ийм маягаар махчин шувуудын хоол болж байь. Учир нь бидний замд гурван ч цагаан зээрийн зэм таарсан билээ. Тэднээр шувууд тэгж үхжээ гэж хэлэхийн аргагүй болтол хооллож, хоосон яс, өм цөм сэглэсэн арьс нь л үлдээсэн байсан юм.
Говь-Алтай аймгийнхан сүүлийн жилүүдэд талийгаачдаа ил хөдөөлүүлдэг болсон байна. Тас шувуу хаа сайгүй хэд гурваараа нисэлдэж, заримдаа бүр арав түүнээс олуулаа нүүгэлтэнэ. Олз олсон нь тонголзож, олоогүй нь бараантан нисэлдээд байсны учир нь Дөргөний хүрэн талд идэш ууш болчихоор сэг зэм ихтэй байгаагийнх. Хүн тавьдаг энгэрүүдэд бол бүр олуулаа харагдах аж. Өөрөөр хэлбэл, Дөргөний хүрэн тал хийгээд Говь-Алтай аймгийн бөхөнтэй гэгддэг газруудад тас шувуу, айлын ноход зоолж байна. Эндээс мялзангаар үхсэн амьтны сэг зэм идсэн шувуу, нохой өвчний тээгч болж, өвчлөх магадлал байгаа эсэхийг албаныхнаас тодруулсан юм. Учир нь мялзангийн голомтод бүсүүдэд Улсын мал эмнэлэг үржлийн газар болон Төв лабораторийн судлаач, эмч нар, аймаг, сумын малын эмч нар ажиллаж, бөхөнгөөс эд эсийн судалгаа, дээж авч байгаа юм.
-Халдвар авсан бөхөн гэдэсний болон бусад хоёрдогч халдвараар үхэж байна-
Говь-Алтай аймгийн Хүнс хөдөө аж ахуй, мал эмнэлэг үржлийн газрын халдварын их эмч н.Эрхэмбаяртай ярилцлаа.
-Бөхөн хэдэн зуугаараа үхэж байгаа шалтгааныг мялзан төст өвчний улмаас гэж байгаа ч эцсийн байдлаар энэ өвчний халдвар мөн гэдгийг тогтоосон уу. Мялзангаар өөр ямар амьтан халдварлах эрсдэлтэй вэ?
-Монгол бөхөн мялзан төст өвчин туссантай холбоотойгоор холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж байна. Энэ өвчний халдвараар бөхөнгөөс гадна хүдэр, бор гөрөөс, аргал, янгир, хар сүүлт, цагаан зээр өвчлөх магадлалтай. Хүнд халдварлахгүй гэсэн зөвлөмж бий.
-Энэ өвчний халдварын улмаас үхсэн бөхөнгийн сэг зэмийг идсэн шувуу, нохой халдвар тээгч болох боломжтой юу?
-Одоогоор шувуу, нохой зэрэг амьтан энэ өвчний вирусээр халдварлахгүй гэж зөвлөж байгаа.
-Эцсийн байдлаар тогтоогоогүй гэсэн үг үү?
-Энэ өвчин газрын хөрсөнд хэр тэсвэртэй, хөрснөөс мал, амьтанд бэлчээр, худаг уст цэгээс халдварлах уу гэх мэт халдвар дамжиж болох эрсдлийг тогтоохоор ажиллаж байна. Мөн мялзангийн хоёр дахь хам шинж нь юу болохыг судалж байна.
-Малчдад бэлчээр, хөрсөөр энэ өвчний вирус халдварлахгүй, дамжихгүй гэсэн зөвлөмжийг хоёр долоо хоногийн өмнөөс өгсөн шүү дээ. Гэтэл одоо хүртэл эцсийн байдлаар хариу гараагүй хэрэг үү?
-Их Британийн Хатан хааны мал эмнэлгийн их сургуулийн профессор, мал, зэрлэг амьтны их эмч Ричард Кокэнэ өвчнийг амьдаас амьдад халддаг, уст цэгээр халдварлах магадлалтай гэж хэлж байсан. Гэхдээ бид өмнө нь гарч байгаагүй энэ өвчнийг Монголын нөхцөлд эрсдэл, тархац, халдварлах байдал нь ямар байхыг Улсын төв лабораторидоо түшиглэн судалж, зөв тодорхойлохыг хичээж байна. Үхсэн бөхөнгийн сэг зэмээс халдварлахгүй гэсэн зөвлөмжийн дагуу тийм юм байна гээд орхиж болохгүй. Тиймээс өөрсдийн хүчин чадлын хэмжээнд бүх талын шинжилгээ судалгааг хийж, дүгнэлт, зөвлөмж гаргана.
-Бог малаас бөхөнд халдварласан уу гэдгийг тогтоосон уу?
-Богоос бөхөнд энэ өвчин халдварласан уу, бөхөн юунаас халдварласан бэ гэдгийг ч мөн одоогоор тогтоогоогүй байна. Мялзан нь амьтны дархлааг унагадаг, гэмтээдэг, устгадаг өвчин. Хоёрдогч халдвар, өвчнөөр үхүүлдэг гэж үзэж байна. Тухайлбал, уг халдварыг авсан бөхөн гэдэсний болон бусад хоёрдогч халдвараар үхэж байгаа магадлал өндөр байна. Мөн бага залуу насны бөхөн түрүүлж өвчилж, үхэж байгаа нь дархлаа султай, эсэргүүцэх чадвар бага байдагтай нь холбоотой.
-Шинжилгээний хариу хэдий хугацааны дараа гарах вэ. Та бүхэн нэгдсэн байдлаар шинжилгээнд шаардлагатай дээж, эдүүдийг бүрэн хэмжээнд авч чадсан уу?
-Дээж авах ажиллагаа үргэлжилж байна. Тухайн дээжнээс шинжилгээний үр дүн шалтгаална. Ихэвчлэн 3-5 хоногт хариу нь гардаг. Гэхдээ шинжилгээг удаа дараа баталгаажуулсны эцэст ийм байна гэсэн баттай хариу өгдөг. Түүнээс биш нэг удаагийн шинжилгээний хариугаар өвчнийг тодорхойлдоггүй гэсэн юм.
-Хаваржаа нь мялзангийн голомт учраас малчид хаваржаандаа бууж чадахгүй байна-
Говь-Алтай аймгийн Шарга, Дарви, Хөхморьт, Баян-Уул зэрэг голомттой бүсийн малчдын хаваржаа нь өдгөө бөхөнгийн халдвар тээж буй голомт болох Хүйсийн говь, Дөргөний хүрэн тал. Иймд иргэдийг шинжилгээний хариу эцсийн байдлаар гарах хүртэл хаваржаандаа буухгүй байхыг Онцгой комиссоос анхааруулж буй. Учир нь уг өвчний вирус хөрс, бэлчээр, ус, сэг зэмдээ хадгалагдаж, дамждаг бол хэчнээн вакцин хийлгэсэн байлаа ч бог мал төллөх үеэр энэ өвчний халдвар тархахгүй гэх баталгаагүй юм. Гэвч говь нутгийн малчид байгалийн онцлогоосоо шалтгаалж ундны усгүйдэж, дээр нь цас багатай учраас мал ч усгүйдэж хаваржаандаа гарахаас өөр аргагүй байгааг хэд хэдэн малчин ярьж байсан юм. Энэ талаар Хөхморьт сумын Ташаагийн талд хаваржаатай малчин Б.Батсүх “Энэ жил цас багатай, их хүйтэн жил болж байна. Ийм болохоор хүн байг гэхэд мал уух усгүй хэцүүдэж байна. Говийн нутаг учраас манай аймгийн малчдын тодорхой хувь нь өдийд хаваржаандаа буудаг. Гэтэл мялзан өвчний улмаас малчдыг нүүдэл хийхийгээ түр хугацаагаар хойшлуулахыг анхааруулж байна. Нэгдүгээр сарын эхэнд Дөргөний хүрэн талд хар сүүлт, бөхөн их байсан бол одоо цөөрч. Нутгийн малчид бөхөн уул руу их гарч байгааг хэлж байна. Мөн үхсэн сэг зэмээсээ дайжиж байж мэдэх талаар хөгшчүүл ярьж байна. Зарим хүн өвч цухуйхаар энэ өвчний тархалт зогсоно гэж ярьж байна. Үнэн эсэхийг мэдэхгүй. Малчид хаваржаандаа бууж чадаагүй байтал мал төллөх болно. Энэ л хамгийн том эрсдэл, малчдын санааг зовоосон асуудал болоод байна. Мялзангийн вакцин хийлгэсэн эх малаас гарсан төл гурван сарын хугацаанд уг өвчний эсрэг дархлаатай байх юм гэсэн. Тэгэхээр тавдугаар сарын дунд сүүлч хүртэл малчид сэтгэл тайван байж болох ч өөр нэг эрсдэл байна. Тэр нь бөхөнгийн төллөх үе. Бөхөн тавдугаар сарын сүүлч, зургадугаар сарын эхэнд төллөж дуусдаг. Эрүүл янзага гаргах уу гэдэг нь тодорхойгүй. Вакцинжуулалт эхэлж амжаанүй байтал бөхөнгөөс малд халдварлах вий гэж айж байна” гэсэн юм. Түүнчлэн тэрбээр “Сүүлийн хоёр жилд манай нутагт ирвэс маш их боллоо. Айлын хот руу дайрах нь энгийн үзэгдэл болж. Саяхан нэг айлын үүдийг өдөржин сахиж, эзэд нь гэрээсээ гарч чадахгүй өнжсөн байсан. Гэхдээ дэлхийд нэн ховордсон энэ амьтан Говь-Алтайн хэмжээнд олон болсон ч дэлхийд цөөхөн юм даа” гэв.
-Усаар халдвар дамжихаас сэргийлж устгалын цэгийн байршлыг тусгайлан тогтоож өгч байна-
Үүнээс гадна уг өвчний халдвар хамгийн хурдацтай бөгөөд олон амьтанд сөрөг нөлөө үзүүлэхээр тархаж болох нэг зүйл нь гадаргын болон хөрсний ус юм. Тиймээс хамгийн түрүүнд мялзангаар үхсэн бөхөн тэргүүт амьтны сэг зэмийг булах нүхээ цэг дайрахаас сэргийлэх нь чухал юм. Үүнтэй холбоотойгоор устгалын цэгийн байршлыг Хүйсийн говь Цэцэг нуурын сав газрын захиргааны Гадаргын усны нөөц, усны чанар экологи хариуцсан мэргэжилтэн Т.Оргилсайхан, Д.Нямбаяр нар газар дээр нь тогтоож өгч байсан юм. Энэ үеэр Т.Оргилсайхан “Бөхөнгийн нутагладаг газар нь Хүйсийн говь Цэцэг нуурын сав газрын захиргаанд хамаардаг. Бидний устгалын цэгт ажиллаж буй гол зорилго нь уст цэг, усны эх бүрэлдэх газарт устгалын цэг байгуулж, нүх ухах эрсдэлээс сэргийлэх. Учир нь хөрс, газаргын усаар уг өвчний халдвар мал, амьтанд маш богино хугацаанд тархах магадлалтай гэж үзэж байгаа. Ажиллах хугацаанд устгалын таван цэг уст цэг дайрч байсныг байршлыг нь өөрчлөн тогтоож өглөө. Гадаргын болон хөрсний усан сан бүхий мужид хамаарах уст цэгийг устгалын цэг гаргахдаа дайруулахаас сэргийлж байгаа хэрэг. Газрын байршлыг тогтоохдоо сансрын зураг, сав газрын булаг, рашаан, худаг, усан сан бүхий газар, тусгай хамгаалалттай газрын мэдээллийг нэгтгэсэн баазад суурилан тодорхойлж байна” гэв.
“Малаа вакцинжуулаагүй малчинд хариуцлага тооцно”
Бөхөнгийн сэг зэм устгалын цэгүүдэд гурав дахь өдөртөө ажиллаж буй иргэд нэг явахдаа хамгийн багадаа арван сэг зэм авчирч байв. Түүнээс заримдаа нэг хоёрынх нь эврийг мулталж авсан байгааг дурдаж байв. Устгалын цэгийн байдалтай танилцаж явсан Хөхморьт сумын Засаг дарга Н.Үйтүмэн “Манай сум 2379 хүн амтай, 678 өрхтэй, 150 гаруй мянган малтай. Төрийн байгууллагад 282 иргэн ажил эрхэлж байна. Манай сум бөхөнд тусаад байгаа мялзан өвчний голомтот бүс болохын хувьд хорио цээрийн дэглэмд өндөржүүлсэн байдалд ажиллаж байна. Устгалын гурав, эргүүлийн хоёр пост ажиллаж байна. Хүйс, Шаргын говиос гадна манай сумын Дөргөний талд бөхөн олноороо нутаглаж, нүүдэл сэлгэдэг. Энэ үүднээс он гарснаас хойш манай сумын нутагт олон зуун бөхөн үхээд байна” гэсэн юм. Түүнчлэн тус сумын нэгэн иргэн өнгөрсөн намар бог мал вакцинжуулах улсын кампанит ажлын үеэр малаа вакцинжуулалгүй үлдээсэн гэх мэдээлэл иргэдийн дунд гарсан байсан юм. Энэ талаар тодруулахад “Малын мялзан өвчин анх Ховд аймгийн Чандмань суманд өнгөрсөн оны гуравдугаар сард гарч, ямар өвчин болохыг оношилж чадахгүй явсаар аравдугаар сард мялзан төст өвчин гэж оношилсон байсан. Энэ хугацаанд тус аймгийн 11 сумын 34 багийн 59 голомтод 820 орчим өрхийн 65877 орчим мал өвчилж,15 мянга гаруй толгой мал үхсэн.Манай аймгийн хувьд мялзангийн халдвараас сэргийлэх арга хэмжээг даруй авч, вакцинжуулж эхэлсэн. Гэтэл аймгаас Ховд аймгийн Алтай сумаас 364 ширхэг ухна худалдан авч, сумдад тарааснаас болж мялзангийн шинж тэмдэгтэй хэд хэдэн ямаа үхсэн. Гэхдээ малаа вакцинжуулсан байсан болохоор хорогдол бага гарсан. 20-иод хонь, ямаа үхсэн байх. Тэр үеэр малчдыг малаа вакцинжуулахын тулд нэгдсэн цэгт аваачиж байсан. Гэтэл Мягмарсүрэн гэж малчных 650 гаруй бог малаа вакцинжуулаагүй үлдээсэн нь сая мэдэгдсэн. Тэд бөхөн мялзан өвчнөөр үхээд эхлэхээр “Манайх малаа вакцинжуулмаар байна. Намар хамруулж чадаагүй” гэж Онцгой байдлын газарт утасдаж хэлсэн байсан. Тиймээс тухайн үед нэгдсэн байдлаар ажиллаж байсан ажлын хэсгийнхэн болоод энэ малчинд хариуцлага тооцож, вакцинжуулах зардлыг өөрсдөөс нь гаргуулна” гэлээ. Үүнээс гадна Говь-алтай аймгийн хоёр сумын 350 мянга гаруй бог малыг мялзангийн вакцинд хамруулж чадаагүй байсан бөгөөд удахгүй вакцинжуулах гэнэ.Ийн байж байтал гаднаас хүүхдийнхээ дээлийн нударганаас зуурч, “Заавал орно” хэмээн хашгичсаар 50 орчим насны эрэгтэй орж ирэв.
-Мялзангийн вакцин малд тарих үеэр хоёр хүүхдэд шахжээ-
Тэрбээр “Би хүүгээ хэзээ үхэх бол гэхээс айж байна. Сэтгүүлч ирсэн гэхээр нь заавал уулзах гээд зориод ирлээ” гэв. Түүнийг П.Гаанжуур гэдэг бөгөөд Хөхморьт сумын уугуул гэнэ. Тэрбээр “Манай хүү Лувсанжамбаа өнгөрсөн аравдугаар сард бог малын мялзан өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтад туслах ажилчнаар явсан юм. Гэтэл хүүгийн маань хөл рүү багийн малын эмч Моломжамц малд тарьж байсан вакцинаа шахчихсан. Албаар биш л дээ. Барьж байсан ямаа нь хөдлөөд алдаад хийчихсэн юм билээ. Гэхдээ түүнээс хойш нэг ч удаа яаж байгааг нь асуугаагүй, тэр үедээ я хүүхэд загнаад хөөгөөд явуулсан байна лээ. Тэр үед туслахаар ажиллаж байсан хүүхдүүдэд хоол унд ч өгөөгүй байж байсан. Одоо хүүгийн минь хөл дээр яр гараад, биеийн дархлаа нь их муудсан. Хүүгээ өдий том болгочихоод алдчихвий гэж айж байна” гэв. Ингээд түүний хүү Г.Лувсанжамбаатай цөөн хором ярилцлаа.
-Тухайн үед юу болсон талаар тодорхой ярьж өгөөч?
-Өнгөрсөн аравдугаар сарын 18-20-нд бимал вакцинжуулахад туслах малчин хийхээр очсон юм. Ер нь манай сумын миний үеийн хүүхдүүд бүгд тэр үед дайчлагдсан Моломжамц эмч вакцин хийх гээд би ямааг нь барьж байсан юм. Яг хийх гэтэл ямаа хөдөлсөн. Тэгээд миний өвдөгний тэр хавь руу зүүгээ оруулаад жаахан шахчихсан байсан. Тухайн үедээ жаахан часхийсэн. Уг нь ямааны хүзүү рүү вакцинаа хийх ёстой юм. Гэтэл намайг “Ямааны толгой дийлэхгүй байхдаа яадаг юм” гэж загнасан. Хөлийг минь үзэж, шалгаагүй. Өнөөдрийг хүртэл нэг ч удаа уулзаагүй. Надаас гадна А.Батбаатар гээд хүүхдийн хөл рүү минийхээс ихийг шахчихсан байсан. Санаатайгаар биш ч хариуцлагагүй байгаа биз дээ.
-Эмнэлэгт үзүүлж, оношилгоо хийлгэсэн үү?
-Сумын эмнэлэгт үзүүлсэн. Бас аймаг руу явж шинжилгээ хийлгэсэн. Зүгээр байна л гэсэн. Гэхдээ вакцин чинь мялзан өвчний амьд вирус гэсэн шүү дээ. Түүнээс хойш бие нэг л сул оргиод байгаа. Тэгээд ч мялзан өвчин манайд анх удаа гарч байгаа болохоор яаж эмчлэх, шинжлэхээ ч мэдэхгүй байгаа гэж яригдаж байгаа шүү дээ. Мялзан туссан малыг хэрхэх тухайгаа мэдэхгүй байгаа юм чинь хүнд таривал яахыг бүр мэдэхгүй байх гэж бид ярилцаж байгаа.
-Биед чинь ямар нэг зовиур байгаа юу?
-Их ядардаг болсон. Бас хөлийн энд тэнд жижиг жижиг яр гараад байгаа.
-Вакцин тарьсан эмчтэйгээ эргэж уулзсан уу?
-Нэг ч удаа уулзаагүй ээ. Биднийг худал хэлж мөнгө авах гэлээ гээд хүмүүст яриад яваад байгаа. Бас нэг юм хэлчих үү.
-Хэл л дээ
-Манай аав ээж хоёр ардчилсан намын хүмүүс. Гэтэл одоо хүмүүс “Ардчилсан нам унасан болохоор сумын Монгол Ардын намын нэрийг унагах гэж ийм хэл ам гаргалаа” гэж яриад байх юм. Эмчийн хариуцлагагүй байдал намтай ямар холбоотой юм бэ гэж бодож байгаа.
-Улаанбаатар явж эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгэх хэрэгтэй байх. Бас шүүхэд хандаж үзсэн үү?
-Улаанбаатар явах гэхээр мөнгөгүйдээд байгаа. Шүүхэд хандсан чинь ийм өргөдөл хүлээж авахгүй гэсэн гээд хөл дээрх яршсан шархаа харуулав. Уг вакцин хүний биед хэрхэн нөлөөлөх талаар Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн үржлийн газрын их эмч “Хөхморьт суманд болсон явдлын талаар ярьж байна уу. Тэр сүйдтэй нөлөөлөхөөр их хэмжээгээр шахаагүй гэсэн. Ямаа тийчлэхээр гар нь цохигдоод нэгэнд нь зүүнийхээ үзүүрийг хальт зоосон, нөгөөх нь бага хэмжээтэйг шахчихсан гэсэн” гэсэн юм.
Хөхморьт сумаас Баян-Уул руу явах хоёр ч тас шувуу үхсэн байхтай таарлаа. Тас шувууны дэргэд мялзан өвчнөөр үхсэн бололтой хоёр бөхөнгийн сэг зэм байсан юм.
-НУЛИМСТАЙ БӨХӨН-III-
Говь-Алтай аймгийн Хөхморьт сумтай хил залгаа Баян-Уул сумын нутагт устгалын нэг цэг бий. Энэ нутгаас түүх бөхөнгийн сэг зэмд 2.5 метрийн урттай, хоёр метрийн өргөнтэй ухсан нүх багадах магадлалтай учраас нэмж цэг гаргахаар болов. Өөрөөр хэлбэл, Хөхморьт сумын дараа орох хамгийн олон бөхөнгөө алдсан говийн бударганат нутаг бол энэ. Хүйтэн хавсарга нь энэлэн шаналах мэт тачигнах энэ ээрэм хөндийт талд 18 хүн дөрвөн машин, хоёр мотоцикльтой үүрийн гэгээнээс үдшийн бүрий тасартал үхсэн бөхөнгийн сэг зэм түүж байна. Сэг бөөн бөөнөөрөө нэг дор бус дандаа ганц ганцаараа л олдоно. Энэ нь бөхөнгийн сүрэг амьтны хуулиар өвчтэйгөө орхиод цааш явсныг, өвдөж зовсон бөхөн бусдынхаа хөлийг гүйцэхгүй хоцорч үлдээд үхсэнийг гэрчилнэ. Гэвч цааш явсан сүрэг ийн нэг нэгээр хорогдсоор хэчнээн олон сүрэг энэ их талын энд тэнд бие бие рүүгээ тэмүүлсээр үхэцгээснийг таах аргагүй юм.
Устгалын цэг байгуулах газрын байршлыг тогтоох, усны эх, сан, үерийн амнаас хол мөргөцөг бүхий газар зааварлахаар Усны сав газрын мэргэжилтнүүд болон бидний ирэх замд үхсэн байсан хоёр тас шувуунаас дээж авахаар аймгийн мал эмнэлгийн эмч нарын хамт хөдөллөө. Мялзан төст өвчнөөр ихэвчлэн 1-4 насны нялх, залуугаас гадна хэржин буюу эм бөхөн илүүтэй халдварлаж, үхэж байгааг малын эмч ярьж явав. Сая хөдөлсөн устгалын цэгээс даруй арав гаруй километрийн зайд үлдсэн тас шувууны зэмээс дээж авч, Улсын төв лаборатори руу шинжлүүлэхээр явуулахад бэлэн болголоо. Шувууны үхлийн шалтгааныг тогтоох шинжилгээний хариу 7-10 хоногийн дараа гарах боломжтой гэж байв.
Харин хажууханд нь хөсрий хэвтэх бөхөнгийн сэг зэмийг малыг эмч “Энэ ч мялзангаар үхсэн нь тодорхой юм байна. Нуухандаа баригдаж, чацга алдсан нь илт байна. Мялзан бол тухайн амьтны дархлааг сулруулж, дарангуйлдаг халдварын нэг төрөл” гээд шуудайд хийн ачигч машины ар руу шидэв. Ингээд усны газрын мэргэжилтнүүд сансрын зураг ашиглан сэг зэм булах газрыг тогтоох зуурт нутгийн малчин Б.Готов биднийг зорин ирлээ. Тэрбээр Цагаан ташаагийн нуруу гэх газарт арваад бөхөн үхсэн байсныг нэг дор цуглуулсан гэнэ. Тэдгээр бөхөнгийн 5-6 нь уул руу, үлдсэн нь айлын өвөлжөө газар руу дөхөж үхсэн нь аль болох нөмөр дулаан газар бараадсаных бололтой гэв. Гэхдээ энэ нь малчдад, малд өвчин халдварлуулах эрсдэлтэй байж мэдэх юм. Тиймээс эрэл хийж байгаа хүмүүсийг эхлээд уулын ам, өвөлжөө бүхий газраар явбал зүгээр хэмээн хашир малчин мэдээлэл хүргэж яваа нь энэ.
-“Мялзантай бог малаас аюултай гэчихээд бөхөн зүгээр гээд байгааг ойлгохгүй байна”-
Түүнтэй цөөн хором хөөрөлдөхөд “Би Ховд аймгийн Чандмань суманд өнгөрсөн намар явж байхдаа мялзан тусаад үхэж байгаа ямаа харсан. Хар ногоон чацга алдаж, дагжин чичиртлээ халуурч байгаад үхдэг юм билээ. Гэхдээ нүд нь нуухтаж, нулимс нь урсаж байсныг санахгүй байна. Тэр үед уг нь Мал эмнэлгийн газар, Онцгой байдал гээд холбогдох бүх байгууллагаас мялзангийн улмаас үхсэн малын сэг зэмийг заавал газарт бул, булсан газраа ариутгалын бодисоор маш сайн халдваргүйжүүл. Хүнд халдахгүй ч ариун цэвэр маш сайн сахь. Үхсэн малын сэг зэмийг авахдаа арьс, үсийг нь үлдээж болохгүй” гэж сануулж, байнга зөвлөгөө өгч байсан. Гэтэл бөхөнгийн мялзанг хөрс, ус, малын бэлчээрт сөрөг нөлөөгүй. Сэг зэмийг нь устгахгүй байсан ч болно. Халдвар авсан амьтан үхсэн л бол вирус нь устана. Халдваргүйжүүлэг, ариутгалын бодисоор булсан газрыг ариутгаад байх шаардлагагүй гэж зөвлөж байна. Ийм зөрүүтэй хамгаалалт, зөвлөмж байж болох уу. Энэ бол удирдах албан тушаалтнууд ажлаа мэдэхгүй байгаагийн илрэл. Ийм зөрүүтэй мэдээллээс болж малчид, бусад ан амьтан хохирвол яах вэ” гэж байсан юм. Түүнчлэн тэрбээр “Манай Говь-Алтай аймаг 1950-иад оны эхээр бөхөнгүй болж, 1982 оноос буцаад бөхөнтэй болсон гэдэг юм. Алтай нутгийн хүүхэд багачууд, хүн зоны бахархалын нэг нь яах аргагүй бөхөн. Энэ их говийн бударганат талыг бөхөн, хар сүүлт, цагаан зээргүйгээр туулж барах юм биш. Бөхөн их үргэмтгий, сонсгол сайтай. Баян-Уул, Хөхморьтын нутагт хамгийн багадаа 15 түүнээс 50-60 хүртэл тоогоор сүрэглэнэ. Говь учраас урин цагт зэрэглээтнэ. Гэнэт л уул босоод ирэв үү гэмээр тоос баганадаад намдана. Бөхөн, зээр тэргүүт тонгочиж байгаа нь тэр. Ховд, Говь-Алтайнханд байдаг л нэг бөхөн болохоос биш дэлхийд нэн ховор, хайрлан хамгаалж, өсгөж үржүүлэхийг хүссэн олон улс орон байдаг биз. Нутгийн малчдын сэтгэлийг эмзэглүүлж байгаа нэг зүйл байна. Бөхөнгийн ороо орох үеэр энэ халдвар идэвхжиж, үхэж эхэлсэн байдаг. Одоо зургадугаар сард төллөх учиртай. Гэтэл ихэвчлэн бага залуу бөгөөд эм нь халдвараар үхэж байна. Тэгэхээр энэ жил төл бараг авахгүй гэсэн үг. Мялзан тусахгүй цөөн тоогоор үлдлээ ч тоо толгой нь эрс цөөрөх нь” гэв. Түүнээс “Бөхөнг шувуу, үнэг зэрэг амьтан шоглох нь их байдаг тухай домог яриа цөөнгүй. Бас хүйтэнд чөмөг нь тас хөлдөөд үхчихдэг тухай ч яриа байдаг. Энэ үнэн үү” гэхэд “Говьд нэг хүйтэрвэл их хэцүү. Нөмөрлөөд хэвтэх хад асга, мод, бут байхгүй. Хавсарга, шороогоор нэвт шуурсан тал л ёнгиноно. 2000 оны зуднаар цөөнгүй нь хөлдөж үхсэн байсан. Би хүүхдүүдээ тосохоор гарч яваад Дөргөний хүрэн талын урдханд нэг жижигхээн загийг нөмөрлөсөн бололтой янзагаа бөөрөндөө наагаад толгойгоороо нөмөрлөсөн чигээрээ хөлдсөн шаргачинтай таарч байсан. Хөл нь их турь муутай. Хамгийн түрүүнд чөмөг нь хөлддөг юм гэнэ лээ гэж хүмүүс ярьдаг. Тэгээд л явж чадахгүй тэр чигтээ хөлддөг бололтой юм билээ, хөөрхий. Шувуу, махчид гоочлохын хувьд гоочилно. Төллөх үеэр нь тас шувуу сүргийг байнга дагана. Чухам тэнд юу болдгийг би сонирхож, ажиглаж байсангүй” гэсэн юм.
-“Сэг зэм цуглуулах хүн хүч хүрэлцэхгүй байна”-
Харин Баян-Уул сумын Устгалын есдүгээр цэгийг ахалж буй Б.Ганбаатар “Бөхөнгийн сэг зэм хайх ажил явагдаж байгаа ч хүн хүч арай л цөөдөж байна. Өдөрт төдөн литр шатахуунаар эрэл хийнэ гэсэн нормтой ч бөхөнгийнхөө эрэлд яваад, түүхээр түүнээсээ дандаа хэтэрчихээд байна. Бид энэ их тал нутгийг эхнээс нь самнах байдлаар явж, сэг зэмээ цуглуулж байна. Түүнээс биш тал тал тийшээ давхивал бүтэхгүй. Дээр нь бөхөн нэг дороо бус энд тэнд ганц нэгээрээ бас олонх нь нохой, шувууны хоол болсон байдалтай олдож байна. Мөн эврийг нь авсан хэд хэдэн бөхөн байсан. Ихэнх нь нялх, залуу бөхөн байгаа нь үнэн. Бид өглөөд цайгаа ууж, хоолоо сайн идчихээд орой болтол явж байна. Өдөр машиндаа хоол, хүнсээ аваад явж болох ч халдварын голомтод ажиллаж байгаа болохоор идэж, ууж болохгүй байна. Ийм байдлаар ногдсон газраа устгалын цэгийнхэн 25 хоногт дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Бидний явах замд халдвар авсан нь тодорхой, явж чадахаа байсан бөхөн таарвал хүзүүг нь мушгиад уутлахыг зөвлөсөн. Ийм маягаар хэд хэдийг шинжилгээ авч байгаа эмч нарт өгсөн. Эрүүл нь бол хүний бараанаар давхиад алга болж байгаа юм” гэсэн юм.
-“Засгийн газар мөнгөө өгөхгүй Засаг дарга нар өрөнд унаад үлдэх вий”-
Тус сумын Засаг дарга “Эрүүл бөхөнгөө халдвартайгаас нь тусгаарлахын тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Тэнд ажиллаж байгаа эргүүлийнхэн өдөр нь өөрсдийн ногдсон талбайг байнга дурандаж, эргүүл хийж, голомттой бүсээс эрүүл рүү бөхөнгийн сүрэг дөхвөл мотоцикльтой очиж буцааж байна. Хар сүүлт, бөхөн, цагаан зээр хөөж, үргээх гэхээр заавал зам амдаж тосож буцдаг. Тиймээс алсуураа холоос хөөх, үргээх маягаар ажиллаж байна. Зарим эргүүлийнхэн гэрийнхээ хажууд өөрсдөө алсыг дурандаж болох өндөр тавцан авчирч тавьсан байгаа. Шөнө нь гар чийдэнтэй ойр хавиа бас шалгаж байна. Үүнээс гадна хамгийн чухал нэг зүйл байна. Бид аймгийн Онцгой комиссын шийдвэр, Засаг даргын тушаалаар Засгийн газрын нөөц сангаас манай аймагт хуваарилагдсан мөнгийг орж ирнэ гээд сум орон нутгийн худалдаа, үйлчилгээний байгууллага, шатахуун түгээх станц, мод, нүүрс борлуулдаг хүмүүстэй гэрээ байгуулж, эргүүл болон устгалын цэгүүдэд шаардлагатай зүйлсийг зээлээр авч хангаж байгаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газар өгнө гээд зээлээд байгаа. Гэтэл Засгийн газрын тогтоол гарснаас хойш 20 орчим хонож байхад нэг ч төгрөг шийдэгдээгүй байна. Сумдын Засаг дарга нар “Ингэж байтал Засгаас мөнгө нь орж ирэхгүй бид өч төчнөөн төгрөгийн өрөнд унах вий” гэж ярилцаж байгаа. Үнэндээ айж байна. Мөнгө өгөхийг шйидвэрлэсэн атлаа яагаад шийлжүүлэхгүй байна вэ. Сумын худалдаа, үйлчилгээний газрууд бага мөнгө эргэлдүүлдэг. Гэтэл түүнийг нь Засгийн газраас мөнгө өгөхөөр өгнө гээд бид түгжчихээд байж байна. Үүнийг л даруй шийдүүлмээр байна” гэв. Мөн “Биднийг ийн өр зээл тавьж байгаагийн дээр бас нэг хүндрэлтэй асуудал тулгарч байна. Тэр нь өнөөх зээлсэн юмнууд, ажиллуулж байгаа хүмүүсийнхээ бүртгэл мэдээлэл, бүгдийг долоо долоо хоногоор Сангийн яам руу аймгийн хэмжээнд нэгтгээд явуул гэсэн гэнэ. Тэгээд мөнгө нь долоо долоо хоногоор зарлагадсан хэмжээгээр орох гэнэ. Ингэхдээ Сангийн яаман дээр бас хянаад, заримыг нь хасаж танах сураг дуулдлаа. Хэрвээ бид баахан өр зээл тавиад авчихсан байхад хасаад, танаад мөнгийг нь шилжүүлэхгүй бол Засаг дарга нь гуйж, гэрээ байгуулснаараа өрөнд орох болж таарч байх шиг байна. Ийм байж болох уу. Үүний үнэн мөнийг асууж, тодруулаад нийтлээд өгөөрэй” гэсэн юм. Эндээс бид Говь-Алтай аймгийн зүгт хөдөлсөн юм.
-Шаргын говийг хамгаалж байгаа эргүүлийнхний гарт монгол бөхөнгийн хувь заяа бий-
Хангайн хүн надад жилийн дөрвөн улиралдаа налайж байдаг хэмээн төсөөлөгддөг говь нутаг хүйтэн хахир хийгээд дүнсгэр, уйтай байлаа. Арга ч үгүй биз дээ. Говийн гайхамшиг бөхөн уйлсаар үхэж байхад. Энэ өдрүүдэд бараг тэн хагас нь үрэгдээ биз ээ. Мялзан төст өвчний улмаас хэмээн одоохондоо оношилж буй ч зарим эх сурвалж хоёр жилийн өмнө Казахстаны соргог бөхөнгийн сүрэгт тохиож байсан цусан халдвар байхыг ч үгүйсгэх аргагүй гэж буй юм. Түүнээс бага зэрэг ялгаатай нь монгол бөхөнгийн нүд нуухтаж, нулимс нь тасралтгүй урсаж байгаа аж. Ийм байдлаар 6-10 хоногийн дараа үхэж байгааг нь тогтоогоод буй. Гэхдээ бидэнд үхэхийг нь хүлээж, үхэхгүйн төлөө тийчлэн тэмцэж буйг нь харж суухаас өөр арга байхгүйг бүх талын мэргэжилтэн хийгээд гаднын зөвлөгч, эрдэмтэд хэлж буй.
Зарим нь “Ийм өвчин өмнө нь тэр дундаа бөхөнд гарч байгаагүй болохоор үнэндээ яах учраа олохгүй” байна хэмээн үнэнээ өчиж байна. Өөр хэсэг нь “Нийт бөхөнгийн 80 хувь нь үхнэ. Үлдсэн нь энэ өвчний дархлаатай болоод үлдэнэ” хэмээн зөөлрүүлэн ярьж сууна. Өөрөөр хэлбэл, бөхөнгийн сүйрэлд дасан зохицож, сэтгэл зүйн бэлтгэлтэй байхыг шат шатны байгууллагаас анхааруулж, урьдчилан бэлтгэж буй хэрэг. Хийж буй ажил нь үхсэний дараа сэг зэмийг нь цуглуулж, булж, шатаах. Өдгөөгөөс хоёр жилийн өмнө Казахстанд соргог бөхөн цусан халдвар гэх өвчний улмаас үй олноороо үхэхэд тэндэхийнхэн бас одоогийн манайхтай адил учраа олохгүй сандралдаж, сүүлдээ хэд нь үлдэхийг харж, хүлээхээс өөр сонголтгүй гэж байсан билээ. Үүнтэй ижил хувь заяа монгол бөхөнд ирснийг, Монголын аль ч шатны байгууллага, эрдэмтэн судлаач энэ их хорогдлыг зогсоож чадахгүй хэмээж буйг энд онцлох нь зүйтэй.
Энд мөн Мал эмнэлгийн төв лаборатори болон мэргэжлийн байгууллагууд үхсэн болоод халдвар авсан бөхөн, сэг зэм нь байсан газар, хөрснөөс дээж, шинжилгээ авч уг халдвар ганцхан амьсгалын замаар халдварлаж байгаа эсэх болоод хөрс, ус, бэлчээрээр бусдад халдварлахгүй байх магадлалтай эсэхийг тогтоохоор ажиллаж байна. Зөвхөн амьдаас амьдад амьсгалын замаар л халдварлаж байвал нэг талаар зол. Шинжилгээгээр дээр дурдсан бүх замаар халдвар тархана гэж гарвал зөвхөн Говь-Алтай, Ховд ч бус Завхан, Баянхонгор цаашлаад бусад аймагт ч энэ өвчлөл бог мал, бэлчээр ус, хөрсөөр дамжин тархах аюултай. Энэхүү хариуцлагатай ажлыг Мал эмнэлгийн төв лаборатори болоод бусад хүрээлэнгийнхэн өдгөө хийж, дахин дахин дээж, шинжилгээ авч буй. Баттай бөгөөд эцсийн хариу ирэх долоо хоногт гарах байх гэж Мал эмнэлгийн төв лабораторийн эмч н.Батзориг хэлсэн.
Үүнээс гадна Говь-Алтай аймгийн байгаль хамгаалагчид, иргэдийн Хүйсийн говиос Шаргын говь руу бөхөн бэлчээрлэн нүүдэллэдэг хоёр хоолойд гаргасан есөн гэр постод эрүүл үлдсэн гэгдэж буй 5000 гаруй бөхөнгийнхөө заяаг даатгахаас өөр арга алга. Хэрвээ тэдний хамгаалалт сайн байж чадвал мялзан төст өвчний халдвар Шаргын говьд эрүүл саруул бэлчиж, идээшилж буй бөхөнд хүрч амжилгүй дарагдах магадлалтай. Эс чадвал бүгд хиарна. Дээр нь ганцхан бөхөн ч бус бор гөрөөс, хүдэр, аргал, янгир, хар сүүлт цаашлаад вакцинжуулж амжаагүй бог малд мялзан өвчин халдварлах эрсдэл өндөр байгаа юм. Өөрөөр хэлбэл, мялзан төст өвчний гай, хор уршиг дэлхийд нэн ховордсон, улаан номд багтсан монгол бөхөнгөөр дуусахааргүй байгааг сануулах нь зүйтэй. Бас энэ их гай гамшиг хэзээ дуусахыг шийдвэр гаргагч, судалж, шинжилдэг эмч, эрдэмтэн судлаачдын хамт харж, хүлээх л зам бидэнд бий.
Эцэст нь, Засгийн газар, БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын ахалж буй ажлын хэсгийнхнээс сүр дуулиан болж, хэвлэлийнхнийг цуглуулан байж зарласан монгол бөхөнг аврах, хамгаалах, халдвартай бөхөнгийн сэг зэмийг устгахад төсөвлөсөн 433 сая төгрөгийн санхүүжилтээ орон нутагт нь даруй шийдэж өгөхийг хүсье. Халдвартай бөхөнг эрүүл бүс рүү оруулчихгүйн төлөө тэнд арван постын 40 хүн дулаалгагүй, дан, шалгүй гэрт хивсэнцэр дэвсээд 20-30 километрийн цаанаас ундны усаа дайж, үстэй дээлээ тайлахгүй хонож, өдөржин, шөнөжин эргүүлд гарч байна. Устгалын цэгт ажиллагсад ч тэднээс ялгарах юмгүй нөхцөлд ажиллаж байна. Чадвал 5000-ууланг нь аваад үлдчих гээд, цаашлаад учирч болох бүх аюулаас цаг алдалгүй хамгаалах гэж тэд хичээж байгааг онцлох ёстой.
-2. Мартагдахгүй хүн-
Бид танилцаад 36 хоног өнгөрч байна. Түүнээс цаг гаруйханд нь л танилцаж, ярилцаж, Говь-Алтайгаас ирснээсээ хойш утсаар хоёр л удаа ярьснаас өөр харилцаа үгүй атлаа өнө удаан хамт байсан мэт сэтгэлд үгүйлэгдэж, хөгжилтэй яриа, шалмаг хөдөлгөөн, залуу насныхаа гэрэлт өдрүүдийн дурсамжуудаа дуртай нь аргагүй ярин хөхрөх түүний дүр төрх сэтгэлээс ер гарсангүй.
Говь-Алтай аймгийн үүх түүх хийгээд хүмүүсийн аж амьдралын сонин сайхныг мэддэг хөгшчүүлийн төлөөлөлтэй уулзаж, хамгийн гол нь “Ховор нандин түүх эсвэл ховрын ховор яриа” сонсох хүсэлтэй намайг тус аймгийн Улаанзагалмайн хорооны дарга Г.Дулмаа “Ахмадын өргөө” гэсэн хаягтай нэг давхар байшингийн гадаа аваачив. Биднийг очоод удаагүй байтал Ахмадын өргөөний модон хаалгыг жаахан хүүхэд дотроос нь түлхээд байгаа бололтой хаалга үл мэдэг доргисноо больж, ахин түлхсээр арайхийн онгойв. Будаг нь арилж, цайрсан саарал модон хаалганы цаанаас ягаан дээлтэй шавилхан эмээ гарч ирсэн нь Дэмидийн Нямжав гуай. Тэр бол Говь-Алтай аймгийн Наран сумын уугуул, энэ нутгийн жаатай хөгшчүүлийн нэг. Ийн хэлсний учрыг түүний яриа түвэггүй батлах биз ээ. Г.Дулмаа даргыг “Нямжав гуай өнөөдөр ахмадууд ямар ажилтай цуглаав” хэмээхэд “Баасан гаригийн уулзалт, бүртгэл болж байна. Аймгийн хэдэн хөгшнөө долоо хоногийн гурван өдөр бүртгэж, нийгмийн ажилд идэвхтэй оролцуулна шүү дээ. Чамайг хүнтэй ирж явна гэхээр би даргаас арайхийн чөлөө авч гарч ирлээ. Ирсэн л бол хурал дуустал чөлөө өгнө гэж гонж шүү дээ” гэв. “Хөгшчүүл ингэж цуглаад юу хийдэг юм бэ” гэтэл “Улс орны амьдрал, эдийн засгийн хямрал, залуусын ажилгүйдэл, ядуурлаас эхлээд засаж, янзалчихаар бүхнийг ярина, зөвлөнө, талцана, санал гаргана. Маргаашийн оройн бүжгээр шинэ тэмцээн юу зохиохоо ч яриад амжина” гэв. Тэгснээ “Манай ахмадын зөвлөлийнхөн бямба гариг бүрт бүжиг зохион байгуулдаг юм. Тэр үеэр хос, вальс, ча ча, диско гээд олон төрлийн тэмцээн зохионо. Хөгшчүүл идэвхтэй оролцоно. Аймгийн бараг бүх настан ирнэ шүү дээ. Бидний гол ажлын нэг нь” хэмээгээд бидний урд орон таягаа бараг тулалгүй алхаж гарав. Ийн явсаар гэрт нь ирлээ.
Ганцаараа амьдардагийг нь илтгэх шиг эргэнэг дээр ганц аяга, хөнгөн цагаан том халбага байх аж. Тэрбээр “Эмээгийнх нь бие жилээс жилд жижигрээд хүүхдүүдийг гуйж байгаад ихэнх тавилга, сав, суулгаа намхан болгуулаад авсан. Өндөр юмны дээр нэг юм тавьчихвал мартчихаад, эсвэл авах гэж нэлээн юм болоод байсан. Энэ жил бүх тавилга маань надтай ижил жижиг болчихоод гарын дор сайхан байна” гэлээ. Биднийг цай, идээгээр дайлсны дараа бурхандаа мөргөчихөөд бараг 50 жил болсон болов уу гэмээр модон сандал дээр суунгаа “За, эмээд нь сонин хэвлэлд яриад байхаар онцын гойд зүйл, амьдралын элдэв сонин хачин чимэг гэхээр юм бараг үгүй дээ” гэв. Тэгснээ “Эмээ нь зээгийнхээ жаахан улаанд нэг баривч оёж байгаа ухаантай. Нүд юм харахаа байж. Гэхдээ бараг дуусгачихлаа. Одоо дахиж хөх зүү барилтгүй болсноо мэдэрлээ. Өөрийгөө голохгүй янз янзын юм хийх санаатай” гээд инээд алдан авдарнаасаа бидэнд зургийн цомог гарган өгөв. Таних нэг ч хүнгүй, дээр үеийн хүмүүсийн зургийг хэсэг харж суусны эцэст “Та Л.Түдэв, Ч.Лодойдамба зэрэг Говь-Алтайгаас төрсөн мундагчуудтай уулзаж, ярилцаж явсан уу” гэсэнд хоёр жилийн өмнө хатгаж оёсон цэнхэр цэцэгтэй дэрний уутаа барингаа “Хэн нь ч намайг танихгүй. Би тэднийг таньдаг дэлхийн олон сая хүний л нэг нь. Ялгаатай нь нэг нутгийнх. Монголын оюун санааны сор болсон хүмүүстэй нэгэн дор амьдарч байгаа минь бас том хувь юм шүү. Аль аль нь нутагтаа, нутгийнхандаа ойртож, элэгсэтлээ байсан биш дээ. Ном зохиол, үгийн уран, гайхамшгийг нь л уралдан ярьцгаадаг юм. Тэднийг нутагтаа байх үед эмээ нь нэгдлийн малчин явсан юм чинь. Гэхдээ цөөхөн ард түмнийхээ оюун санааг удирдан чиглүүлсэн мундаг гавьяатай хүмүүс юм шүү. Харин сүүлийн жилүүдэд залуус мэдэхээ байх тал руугаа орж байхыг үгүйсгэхгүй. Юмны учир мэддэг залуу үе ер нь цөөхүүлээ байна шүү” гэв. Хэсэг бодолхийлснээ “Цэдэнбал гуай Монголын төрийг ганцаараа 40 гаруй жил удирдаж явахдаа ард түмнээ торго, тос хоёрт хөлбөрүүлж, өлгийдсөн хүн дээ. Гэтэл одоо дөрвөн жил тутамд Засаг солигдохоор юун ард түмнээ бодох, өөрсдийгөө бодож ч амжилгүй үүрэгт хугацаа нь дуусаад байгаа бололтой. Монголоос гаднын улс оронд анх илгээсэн, сургуульд сургасан сэхээтнүүд Монголыг, монголчуудыг хоёр зуун дамнуулан оюун санаагаар нь тэжээлээ. Одоо хумигдах гээд байна. Эрээвэр хураавар сэхээтнүүд дунд залуу үе таарч будилаад, боловсролыг цэгцтэй, зөв, суугаад эзэмшиж чадахгүй байгаа бололтой юм. Суугаад гэдэгт их учир бий шүү, хүүхээд. Чи юу гэж ойлгож байна” гэж асуухад нь түгдрэсхийн “Сууж сурахгүй бол юу ч сурахгүй гэж өвөө маань хэлдэг байсан. Сууж сурна гэдэгт учир их бий байх тийм үү” хэмээн эргүүлтэл “Ай, одоогийнхоор бол хөгшчүүл, дээр үеийнхэн л сууж сурахын ач тусыг мэдэж, хэлдэг байлаа. Одоо бол хүүхдүүдээ “Номоо бариад суу л гээд байхаас сууж сурахын учир утгыг ойлгуулж, мэдрүүлж байгаа хүн цөөн, бараг үгүй болоод байна шүү” гэв. Түүний энэ ярианаас сэдэл авч “Та хэр сууж сурсан хүн бэ. Өөрийнхөө тухай ярьж өгөөч” гэсэнд “Би сууж сураагүй хүн. Айлын ганц охин юуны сууж сурах вэ. Буурай ээж гэж том өмгөөлөл байлаа. Хүнээр үг хэлүүлэхгүй. Гэхдээ өөрийнхөө эрх хэмжээндээ суулгадаг л хөгшин байсан юм уу даа. Буурай ээж минь байгаагүй бол би өдий дайны сэмбэлзэж явахгүй. Эмээ намайг сургуульд суулгах гэж их үзсэн. Ээж, нэгдлийнхэн мал дээр гаргах гээд буцаагаад аваад ирэх юм чинь. Хүсээд байхад сургуулиас ирээд авчихгүйн хэцүүг яана. Би хэдхэн хоног бичиг, үсэг заалгаад хяналт гээч юмаар ороод 170 үгтэй цээж бичгийн шалгалт авахад ганцхан алдаад шууд тэнцэж байв. Тэгсэн ээж “Миний охин одоо нэрээ бичихтэйгээ болсон юм чинь сургуулиар юу хийхэв. Малаа малла. Алс нь хэрэгтэй” гээд л тэнцсэн бичгийг минь өвөртлүүлээд, хөтлөөд харьж байлаа. Тэрний хүчинд би нэрээ бичнэ, сонин цоохорлоод уншчихна. Бичиг, эрдмийн араас хөөлгөөгүй хэрнээ ээж, эмээ хоёр минь намайг ажлын араас мориор бол амыг нь сул тавиад давхиулчихсан. Эмээд нь хийж үзээгүй ажил гэж үгүй. Наран суманд нэгдлийн малчин, саальчин, захиргааны галч, хоршооны манаач, сургуулийн галч, төмөр замын техникумд ажилчин, барилгын ажилтан, оёдолчин гээд бараг бүх ажлыг хийж үзлээ. Хийгээд үзчих юмсан гэх ажил үлдсэнгүй. Аан тийм, дарга болж л үзээгүй юм байна гэхэд нь “Хурдан морь унадаг байсан юм биш биз дээ” гэвэл “Үгүй чишш. Тэрнээс харин хол байсан. Буурай ээж “Ганц охиноо тэгж баллаад юу хийхэв гээд хурдан морь руу ойртуулаагүй. Буурай ойртуулсан бол би морины хүүхэд болох ч байсан юм бил үү” гээд инээд алдав.
Энэ бүх ажлаас миний сэтгэлд хамгийн сайхан, гэгээн дурсамжтай нь Наран сумын захиргааны галч хийж байсан үе минь. Арван хэдхэн настай мөртлөө Бумба уулыг хүртэл морьтой давдаг байлаа. Тэр үед ёстой л юу л бол юу хийчихээр шижигнэсэн залуу явжээ гэхэд нь “Эмээ, шижигнэсэн залуу явлаа гэж ихэвчлэн эрчүүд ярьдаг шүү дээ. Таниас сонссон их сонин байна. айлын ганц хүүхэд болохоор тэгдэг байх даа” гэсэнд “Алтай нутгийн охины амнаас гарах л үг” гээд яриагаа үргэлжлүүлэн “Халиун, Наран сумын миний үеийн хөгшчүүл одоо дууссан байна. Байгаа хэд нь уулзахаар “Калибр үүрчихээд алхаж явдаг жаахан охин байж билээ” гэж ярьдаг юм. Захиргааны хамаг юм нь хашаанд ил байдаг байсан болохоор буутай хамгаална. Гэхдээ тэр үед буугаа яаж үүрэх, гохыг нь хэрхэн дарахаа ч мэдэхгүй жаахан амьтанд буу өгч мануулж байсан л байгаа юм. Нөгөө хулгайч, зэлгийч нар нь буугаа дийлэхгүй шахам охиноос айх уу даа. Тэр үеийн хүмүүсийн ухаан, сэтгэхүй гэж огт өөр шүү. Харанхуйд томхон дуугарахад нь л айгаад үүрч явсан буугаа өөдөөс нь шидчихээд зугтааж мэдэхээр турьхан амьтныг хэдэн жил манаач хийхэд нэг ч удаа тэгж айлгаж, ичээгээгүй юм даа. Би тэр үед 15-тай байл уу даа” гээд арьс нь үрчийсэн ч цэвэрхэн, ягаавтар жижиг гараараа хошуугаа даран даран хэсэг ганцаараа хөхрөв. Тэр үед тохиосон ямар нэг хөгжилтэй зүйлийг санасан нь илт ганцаар хэсэг хөхөрсөнөө “Галч хийнэ гэдэг тийм сайхан ажил биш шүү дээ. Гал түлнэ, мод, нүүрсээр галлана. Утаа, тортог болсон амьтан л буу үүрчихээд өөрийгөө нэг их том хүнээр бодож алхдаг байсансан. Хүмүүс харагдахгүй бол сүүдрээ харж, цэрэг шиг хэсэг алхах дуртай байлаа. Тэр үед энд тэндээс хүн харсан бол яана” гээд хөхрөв.
Ийн ярьж суусан түүнээс “Аав, ээж, буурай ээж чинь яагаад ганц охиноороо тийм ажил хийлгэсэн юм бол” гэх асуулт өөрийн эрхгүй ам давчихлаа. Үүрсэн буундаа дийлдэх шахам алхаж явсан үе нь нүдэнд нь зургийн хальс шиг зурсхийн өнгөрч байв уу гэлтэй хөөрөн суусан Нямжав гуай дуугаа хурааж хэсэг суугаад, бурхныхаа өмнөх хүрдийг эргүүлж, бугуйнаасаа эрхиэ аван амандаа маани хөгжөөв үү гэлтэй бувтнаснаа “Ажилд сургасан хэрэг. Эцэг минь намайг төрөхөөс өмнө гэрээдээ буцсан юм гэнэ лээ. Ижий минь таван хүүхэд төрүүлснээс би үлдсэн гэдэг. Аавыг явснаас хойш ээж хүнтэй бүл болоогүй. Эмээтэйгээ, ээжтэйгээ гурвуулаа л амьдардаг байлаа. Тэрний хүчинд ажлын захтай, юм юм хийж өдий хүрсэн хэрэг. Буурал ээж маань “Ажил л сайн хийж сур. Миний охин ч хүнээр үг хэлүүлэхээргүй, өөрийгөө даагаад явчихаар хүүхэддээ” гэж л их хэлдэг байсан. Ээж болохоор “Ганцаараа хүнд өөрөөс нь өөр хэн ч тус болдоггүй юм. Чиний сурсан юмыг хэн ч чамаас булааж чадахгүй учраас юм хийж сур. Бусдаас юу ч битгий хүлээ” гэдэг байсан. Бүгдийг өөрөө хийдэг, намайг нэг илүү хөдөл, тэг ингэ гэж байсангүй. Тийм хүний дэргэд байхаар өөрөө бүгдийг хэнээр ч заалгахгүй хийгээд сурчихдаг юм билээ. 11 настай байхдаа надад оёж өгсөн дээлийг нь хонины бэлчээр дээр нууцаар задлаад, цээживч шиг юм хийж өмсөж байлаа. Юм оёж сурах гэж байгаа нь тэр. Тэгээд нууж оёсон гоё цээживчээ барааны дор нуучихаад хааяа ганцаараа байхдаа гаргаж өмсөнө. Тэгж байгаад буурал ээжид баригдсанаас хойш дандаа өмсдөг болсон доо. Тэгж явсаар юм оёдог болж, олон ч хүнд дээл, ууж, хүрэм оёж өгсөн дөө.
Би дөрөв төрөөд нэг нь ч бүтээгүй. Дөрвөн нас хүрээд л бурхны тааллыг олчихоод байсан. Өвгөнтэй нийлэх үед хоёр настай охин цуг ирсэн юм. Тэр минь л миний элгийг дэвтээж, түүнээс төрсөн дөрвөн зээ одоо бүр олуулаа болчихоод байж байна. Буруу ярьвал эмээ нь орчлонд ганцаараа хүн. Зөв ярьвал өвгөн минь намайг өдий олуулаа болгож үлдээчихээд бурхан болсон доо. 25 жил болж байна, өвгөн намайг орхиж, тэнгэрт одоод. Одоо байсан бол 90 гарсан өвгөн мод толгойгоо цохиод намайг цаашлуулаад сууж байгаа. Юун бүжиг, бүртгэлийн хуралд явах. Гангар гунгар гээд хоёулаа мал дээр ч байж байж мэднэ” гээд зураг өөдөө нь хараад санаа алдах шиг болов. “Та өвгөнтэйгээ хэрхэн танилцаж байсан тухайгаа ярь л даа” гэхэд “Хүн нэгнийгээ дэргэд байхад юу ч мэддэггүй юм. Эрхлээд л, уурлаад л , байгаагаа хувааж идчихээд л, хэрэг гаргаж хэрүүл хийгээд л. Хүн тэртусмаа эмэгтэй хүн ямар гэнэн тэнэг байдаг гэж санана. Гэтэл ижлээрээ байгаа хүмүүсийн хамт өнгөрүүлж байгаа цаг мөч бүр ямар үнэ цэнэтэй хэлхээс гэж бодно. Үүнийгээ огтхон ч мэдрэлгүй явсаар явсных нь дараа л нэхэн харуусаж, дурсамж, сайн сайхан үедээ сэтгэлээрээ хүлэгдэж амьдардаг юм байна. Дашбалбарын “Амьддаа бие биенээ хайрла” гэж ямар үнэн үг гэж санана. Амьдад нь хайрлаж, уучилчихаар зүйлийг уучилж дөнгөхгүй хэчнээн ярьж зовоосон жижиг сажиг юм ямар олон байдаг юм бэ. Үхсэний нь дараа мянга уучлаад ямар ч нэмэргүй. Үүнийг ганцаараа болсон хөгшчүүл л мэдэх байх. Та нар шиг жаахан хүүхдүүд ойлгох ч үгүй” гэж үгээ тасдаад бор цайгаа дахин аягалах нь чимээ аниргүй болсон гунигтай уур амьсгалыг эвдэн сарниулав.
Таныг Говь-Алтай аймгийн Халиун сумыг анх байгуулахад тэнд байсан гэж сонссон гэхэд “Лодой дарга тэр үед залуучуудыг үгүй мөн сайхан нэгтгэж, хөдөлмөрлүүлж чадсан. Эмээ нь Халиун сумыг төвхнүүлсэн хүмүүсийн нэг яах аргагүй мөн. Дарга, даамал болж, удирдах албан тушаал хашиж, хүмүүст үүрэг өгч яваагүй ч өөрийн чадах хар бор бүхий л ажлыг хумьж, хугасалж явсан. Нарангаасаа илүү Халиун сумандаа очих дуртай. Гэхдээ сүүлийн хэдэн жил очсонгүй. Өвгөнийг талийдаг болсоноос хойш охин намайг нааш нь авчирсан. Эхэндээ хүн танихгүй хэцүү байсан. Ямарсайндаа охин “Ээжийг яаж гадуур гаргая даа. Юм оёж өөрийгөө ядраагаад дандаа гэртээ суучих юм” гэж байсан. Одоо бол бараг яаж ээжийг гэрт нь байлгая даа гэхээр найзуудтай болсон. Найз, нөхөд, танилтай болоход аймгийн Улаанзагалмайн хороо их тус болсон. Би огт ганцаарддаггүй. Адаглаад л гэртээ байхдаа хүртэл урд, хойд хашааны хөлтэй, хөлгүй хэдэн ахмадынхаараа ороод хэд гурван үг солиод суучихаж байгаа юм. Нэг буянтай хүү бий. Бүрэнбилэг гэж, улаанзагалмайн сайн дурын гишүүн. Намайг асарч, тойлдог юм. Миний төөрсөн хүү юм уу гэж заримдаа боддог. Шөнө орой гэлтгүй гэртээ хийсэн хоолоо “Сайхан амттай болохоор таныг идэг гээд аваад ирлээ” гэсээр гүйгээд ирнэ. Гэр ганцаараа буулгаад угаагаад, янзлаад бариад өгчихнө. Баяр, ёслол болохоор гэр орон цэвэрлээд, таваг хүртэл засаж өгнө. Нэлээд хоногийн өмнө хот явчихсан чинь алга болчихлоо. Би саяхан утсаар “Чи чинь яагаад намайг хаяад алга болчихов оо. Би өнчирч байна шүү дээ. Би юм бүгдэд өөрөө явах болоод байна. Таяг байгаа ч сүйдтэй дэм болохгүй юм. Чи ирээч” гэсэн чинь “Удахгүй очно оо. Биеэ бодоод, цай хоолоо сайн идэж, уугаад байж бай” гэсэн. Хэдэн ааруул хадгалж байгаа. Нөгөө зээ нарын жоохнуудаас нуух гэж том ажил ундарч байна. намайг эзгүй хойгуур хийсэн газрыг минь мэдээд идчихвий гэж бодож орж ирдэг болсон. Түрүүн орж ирээд шалгаж үзсэн, хэвээрээ байна лээ. Бид үйл заяагаар учирсан байх. Өөрөө аав, ээжтэй, ах дүү олонтой атлаа намайг өөрийнх юм шиг хайрладаг юм” гэв. Бидний энэ яриаг сонсож суусан Г.Дулмаа эгч “Улаанзагалмайн сайн дурын ажилтнууд маань хөгшчүүлдээ хүүхэд шиг нь л хандаж, халамжилдаг. Тохоож өгсөн үүрэг биш атлаа л сэтгэлийнхээ дуудлагаар бүхнийг хийдэг нь сайхан байдаг” гэлээ.
Нямжав гуай “Эмээ нь өдий наслахдаа сонины сурвалжлагчид өөрийнхөө тухай яриад сууна гэж огт бодож байсангүй. Гэхдээ залуудаа радио сонсоод “Надаас ийм юм асуувал ингэж хариулна” гэж дотроо нууцхан боддог л байлаа. Үнэхээр бодож, санаж явбал бүтдэг гэж үнэн юм” гэхэд нь “Та тэр үедээ өөрөөсөө юу гэж асуувал ингэж хариулна даа гэж боддог байсан бэ” гэвэл “Сурвалжлагч надаас таны мөрөөдөл юу вэ” гэж асуувал “Эмч болох” гэж хариулна гэж боддог байлаа” гэсэн юм. Ярилцлагынхаа төгсгөлд түүнээс “Одоо таны мөрөөдөл өөрчлөгдсөн үү” гэхэд “Ирэх насандаа хүүхдийн эмч болно” гээд инээсэн. Харин “Эргээд очих боломж байдаг бол аль насандаа очмоор байна” гэсэн асуултад маань “Калибр үүрсэн 15 насандаа л очно доо. Тэр үед би анхны цалингаараа ээж, буурай ээж хоёртойгоо одоогийн яриагаар тансаглаж, ёстой л уулыг ч эргүүлэхээр их урам зоригтой байсан санагддаг юм” гэж билээ. Нямжав гуайнхаас гараад буцах замдаа Г.Дулмаа эгчээс “Та яагаад заавал Нямжав гуайг онцолж, зааж өгсөн юм бэ” гэхэд “Сургуульд сурч, мэдлэг боловсрол эзэмшиж, ажил эрхэлж, хамт олонтой явж, үр хүүхэдтэйгээ жаргаж суугаа хүнийг хаанаас ч олж болно шүү дээ. Харин өдий наслахдаа нэг ч удаа “Би ганцаараа, намайг тордож, асар” гэдэггүй, зовлонгоо дотроо хадгалж, хүмүүст сайн сайхныг өгч явдаг ийм их хатуужилтай, ухаантай хүн ховор таарах байх л гэж бодсон юм. Аймгийн хөгшчүүлийнхээ дунд нэр хүнд сайтай, ядарсанд их тусархаг. Өөрийнх нь хөл өвддөг хэрнээ хөл нь өвдсөн найз эмээдээ нэмэр болно гээд аяга, шанагыг нь ч болтугай угааж өгөөд сууж байдаг. Миний л хувьд түүнтэй танилцаад 10 гаруй жил болж байгаа ч ийн ярьж суугаа нь, аливаа юмны голыг олж хэлж, хүмүүст зөвлөдөг нь огтхон ч мартагддаггүй” гэв. Түүний зөв байсан. Түүнтэй нэг л удаа уулзсан бол тэр хэзээ ч, хэнд ч мартагдахгүй.