ДХИС: “Залуу офицерын сэтгэлгээний өөрчлөлт ба технологийн эрин үе” илтгэлийн уралдаан зохион байгууллаа

Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгээс ️“Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицерын чуулга уулзалт”-ыг угтан “Залуу офицерын сэтгэлгээний өөрчлөлт ба технологийн эрин үе” сэдэвт илтгэлийн уралдааныг зохион байгууллаа.
Энэхүү уралдааны зорилго нь залуу офицеруудын шинэ үеийн сэтгэлгээ, инновац, дижитал технологийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, орчин үеийн технологийн хөгжлийг алба, үйл ажиллагаандаа бүтээлчээр нэвтрүүлэх санал санаачилгыг дэмжихэд чиглэгдэж байгаа юм.
Илтгэлийн уралдаанд Их сургуулийн бүрэлдэхүүн, бүтцийн нэгжүүдээс нийт 11 илтгэл ирүүлж, оролцогчдын илтгэлийг агуулга, судалгааны үндэслэл, шинэлэг санаа, практик ач холбогдол болон илтгэх ур чадварын үзүүлэлтээр 20 хүртэлх оноогоор үнэлсэн байна.
Тэргүүн байранд Сургалтын газрын Е-сургалтын институтийн захирал, цагдаагийн ахмад Ц.Чингүнжав 16.9 оноогоор тэргүүллээ.
Илтгэлийн уралдааны үеэр залуу офицерууд технологийн эрин үеийн өөрчлөлт, хиймэл оюун ухаан, дижитал шилжилт, шинэ үеийн манлайлал, байгууллагын үйл ажиллагаанд инновацыг нэвтрүүлэх боломжийн талаар өөрсдийн үзэл санаа, судалгааны үр дүн, практик санал, санаачилгаа танилцуулсан нь онцлог байлаа.
“Залуу офицерын сэтгэлгээний өөрчлөлт ба технологийн эрин үе” сэдэвт илтгэлийн уралдаанд идэвх санаачилгатай оролцсон нийт оролцогчдодоо талархал илэрхийлье.










