Урьдчилгаа төлбөрийг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байх зохицуулалтыг хийжээ

Суралцагчийн сурч боловсрох эрхийг хангах, сургалтын төлбөртэй холбоотой харилцааны ил тод, нээлттэй байдлыг сайжруулах шаардлагад үндэслэн Боловсролын сайдын 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/119 дүгээр тушаал гаргалаа.
Сүүлийн жилүүдэд хувийн сургуулийн тоо болон суралцагчдын эзлэх хувь нэмэгдэж, сургалтын төлбөр жил бүр нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Гэвч сургалтын төлбөрийг нэмэгдүүлэх хугацаа, үндэслэл, мэдээлэх арга хэлбэр сургуулиудын хувьд харилцан адилгүй байгаа нь эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн хүндрэл үүсгэх, үл ойлголцол, маргаан гарах нөхцөлийг бий болгож байна.
Энэхүү тушаал нь төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын төлбөр тогтоох, өөрчлөх үйл ажиллагааг ил тод болгох, эцэг эх, асран хамгаалагчдад урьдчилан мэдээлэх, сургалтын төлбөрийн зохицуулалтыг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх, суралцагчийн эрх ашгийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн.
Тушаалаар шинээр элсэгчийн болон үргэлжлүүлэн суралцагчийн суудал баталгаажуулах урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байх зэрэг зохицуулалтыг тусгажээ.
Мөн суралцагчийг элсүүлэх, шилжүүлэх, сургуулиас гарахтай холбоотой төлбөрийн нөхцөлийг гэрээнд тодорхой тусгах, сургалтын байгууллагын албан тушаалтан албан бус шинжтэй нэмэлт төлбөр, хандив шаардахыг хориглосон болно. Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчтай байгуулах гэрээний загварыг шинэчлэн боловсруулж батлах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг холбогдох нэгж, байгууллагуудад даалгасан байна.



