ДХИС: БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах их сургуулийн суралцагчид богино хугацааны солилцооны хөтөлбөрт хамрагдлаа

Дотоод хэргийн их сургууль болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалах их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хууль сахиулах байгууллагын ирээдүйн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мөн хоёр улсын түүх, соёл, уламжлалыг харилцан судлан танилцах зорилго бүхий “Богино хугацааны солилцооны хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүллээ.
Хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах их сургуулийн 2 алба хаагч, 8 суралцагч 2026 оны 06 дугаар сарын 01–07-ны өдрүүдэд Дотоод хэргийн их сургуульд зочлон, сургалтын орчин, материаллаг бааз, сургалт-эрдэм шинжилгээний үйл ажиллагаатай танилцав.

Түүнчлэн зочин төлөөлөгчид Монгол Улсын хууль сахиулах байгууллагын тогтолцоо, үйл ажиллагаатай холбоотой “Хууль сахиулах байгууллагын бүтэц, зохион байгуулалт”, “Монгол Улсын Үндсэн хуулийн үндсэн ойлголт”, “Гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал”, “Хүний эрхийн үндсэн асуудал”, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, нөхцөл байдал”, “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаа”, “Цахим гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” зэрэг сэдвээр зохион байгуулсан сургалтад хамрагдсан юм.
Сургалтын төгсгөлд оролцогчдод хөтөлбөр амжилттай дүүргэсэн гэрчилгээ гардуулж, 2026 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хөтөлбөрийг албан ёсоор өндөрлүүллээ.











