С.Хандмаа: АШУҮИС-ийн харьяа Архангай аймгийн Сувилахуйн сургуульд 50-100 хувийн хөнгөлөлттэй үнээр суралцах боломжтой
Зарим сургуулийн хичээлийн шинэ жил эхлээд байна. АШУҮИС-ийн 2025-2026 оны хичээлийн шинэ жил өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд нэгдүгээр курсэд элсэн орсон оюутнууд хичээлдээ хамрагдаж эхэлжээ. Энэ талаар АШУҮИС-ийн ТӨС-ын Бодлого зохицуулалтын газрын дарга С.Хандмаагаас тодрууллаа.
АШУҮИС-ийн 2025-2026 оны хичээлийн шинэ жил өнөөдөр эхэллээ. Энэ жилийн хувьд бакалаврын 21 хөтөлбөр, дэд бакалаврын есөн хөтөлбөрт төлөвлөсөн элсэгчдийнхээ 90 гаруй хувийг элсүүлээд байна.
Энэ хичээлийн жил хүний их эмч бэлтгэх, сувилахуй, шүдний эмч, шүдний их эмч, нийгмийн эрүүл мэнд судлаач гэсэн ангиудаа олон улсын магадлан итгэмжлэлтэй хөтөлбөрөөр хичээлээ заахаар болсон.
Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Архангай аймагт сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх цогцолборыг байгуулахаар болсон. Тиймээс бид тус бүс нутагт хүрч ажиллах зорилгоор Архангай аймгийн Сувилахуйн сургуулийн дэд бакалаврын хөтөлбөртөө нэмэлт элсэлт авч байна. Энэ жилийн хувьд
- Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт,
- Лабораторийн техникч,
- Дүрс оношилгооны техникч,
- Нүүр амны эрүүл ахуйч,
- Нүүр амны техникч,
- Сувилагч,
- Уламжлалт анагаахын сувилагч,
- Эм найруулагч гэсэн долоон ангид элсэлтийг зохион байгуулж байна. Элсэлт 09 дүгээр сарын 04ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
Элсэлтэд ЕБС-иа дөнгөж төгссөн хүүхдүүд болон өмнө нь тодорхой мэргэжил эзэмшсэн, хоёрдогч мэргэжлээр суралцах хүсэлтэй хүмүүс бүртгүүлэх боломжтой.
Манай харьяа сургуульд хамрагдсанаар орон нутагтаа чанартай боловсрол эзэмших, сургалтын төлбөрийн 50-100 хувийн тэтгэлэгт хамрагдах бүрэн боломжтой.Үүнээс гадна оюутан амьдрах дотуур байрны асуудлыг шийдвэрлэсэн.









