Морин хуур урлаачийн мэргэжил эзэмшүүлэх ангид элсэлт авч эхэллээ
Боловсролын яамны харьяа Гандигийн нэрэмжит политехникийн коллежоос нэг жилийн хугацаатай тэтгэлэгтэй Морин хуур урлаачийн мэргэжил эзэмшүүлэх ангидаа элсэлт авч эхэлжээ.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн морин хуурыг дээдлэх, түгээн дэлгэрүүлэх зарлигийн хүрээнд морин хуур урлал, үйлдвэрлэл эрчимтэй явагдаж буй. Үүнийгээ дагаад хөгжмийн зэмсэг, тэр дундаа морин хуур урлаачийн эрэлт, хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж байна. Иймд морин хуур урлаачийн мэргэжил эзэмшүүлэх хөтөлбөрийг анх удаагаа 2025 оны хичээлийн жилээс эхлэн Гандигийн нэрэмжит үйлдвэр, урлалын политехникийн коллежоос зарлан, шинээр элсэлт авч эхэллээ.
Морин хуурын урлаачийн мэргэжил эзэмшсэнээр морин хуур хийх бүх шатны бэлтгэл ажиллагааг сурахаас гадна морин хуур хөгжмийн угсралт, нарийн тохиргоог мэргэжлийн түвшинд хийж, аливаа хөгжмийн зэмсгийг урлах мэдэгдэхүүнтэй болох юм.
Морин хуур урлаачийн мэргэжлээр төгссөн хэн бүхэнд ажлын байр бэлэн байдаг ба мастер урлаачдаас суралцангаа ажиллах, чадвараа нэмэгдүүлэх зэрэг олон талын давуу талтай болохыг салбарын багш, мэргэжилтнүүд онцоллоо.
Дашрамд дурдахад, Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллеж нь морин хуур урлаачийн нэг ангид 20 хүртэлх суралцагчийг хамруулах бөгөөд тэтгэлэгээр сургах боломжийг давхар бүрдүүлж өгчээ. Тус ангид элсэн суралцсанаар нийт хичээлийн хөтөлбөрийн 30 хувь нь онол, 70 хүртэл хувь нь дадлага ажлын сургалт байх аж. Дадлага ажлынхаа хугацаанд мэргэжлийн үйлдвэрүүд, хөгжмийн урлангууд дээр дадлагажиж, цалинжих боломжтойгоороо давуу талтай юм. Хөгжим урлаач мэргэжлийн хувьд тэтгэвэрт гардаггүй онцлогтой.
БҮРТГЭЛ : 2025 оны 05 дугаар сарын 15-аас 07 дугаар сарын 10-ыг хүртэл үргэлжилнэ.
Холбоо барих : 99094868, 99186798









