57-р цэцэрлэгийн ЭРХЛЭГЧ: 15 жил багшийн туслахаар ажилласан туршлагатай болохоор өнгөрсөн наймдугаар сард ажилд авсан
Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн багш хүүхдүүдээ зодож буй нь цэцэрлэгийн камерын бичлэгт бичигдсэн талаар өмнө бид мэдээлсэн.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Энэ оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгийн ахлах Б бүлгийн багшийн туслах "4 нас 9 сартай А-г удаа дараа зодож, хэрцгий хандсан байна" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дээрх гомдол мэдээллийг хүлээн авч Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэв.
Энэ талаар тус цэцэрлэгийн эрхлэгч А.Баярмаагаас тодруулахад "Гарсан харамсалтай үйл явдал 11 дүгээр сарын 15-ны өдөр болсон. Өчигдөр буюу 11-р сарын 18-ны өдөр хүүхдийн ээжийнхээ хүсэлтийн дагуу цэцэрлэгийн ккамерын бичлэгийг шалгасан. Үүний дагуу хүүхдийн эцэг эхийн зүгээс цагдаагийн байгууллагад хандсан.
Тухайн туслах нэг багш маань тэтгэвэртээ гараад түүний оронд өнгөрсөн 8 дугаар сараас багшийн туслахаар ажиллаж эхэлсэн. Одоогийн байдлаар манайд хоёрхон сар ажиллаж байна. Тухайн үед туслах багш авах зарын дагуу сонгон авсан. Нийслэлийн боловсролын газрын багшийн үнэмлэхтэй, шалгуур хангасан 15 жил багшийн туслахаар ажилласан болохоор нь түүнийг ажилд авсан. Гэтэл ийм байж боломжгүй харгис үйлдэл гаргасанд харамсаж байна. Өмнө нь ийм ёс зүйгүй үйлдэл гарч байгаагүй.
Хэргийг цагдаагаас шалгаж байгаа. Цэцэрлэгийн зүгээс ажлаас халах арга хэмжээ авах нь тодорхой болсон. Гэхдээ ийм алдаа гаргасан багш нарыг цаашид боловсролын байгууллагад ажиллахааргүй арга хэмжээ авах хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхгүй бол манайхаас өөр газар дахиж ажиллах боломжтой." гэв.