Д.Саранцэцэг: Өдөрт цэцэрлэгтээ 2475 төгрөгөөр хоол идсэн хүүхэд орой гэртээ өлсөөд ордог шүү дээ
Өнөөдөр Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өгөх үеэр тэрбээр "Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмж, энэ зардлыг эцэг, эхээр гаргуулна" гэж мэдэгдсэн.
Тэгвэл энэ талаар Сургуулийн өмнөх боловсролын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Саранцэцэг " Сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдийн хоолонд жилд 79 тэрбум төгрөг л батлагддаг. Цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэх асуудал олон жил яригдсан. Гэтэл 2019 оноос хойш нэмээгүй. Нэмэгдүүлэх байгаа асуудал хэнтэй холбоотой байсан вэ гэвэл Сангийн яам, бид эцэг эхчүүдийн оролцоо маш дутмаг байсантай холбоотой гэж харж байна.
Бид нар 2019 оноос хойш хүүхдүүдэд өдөрт 2475 төгрөгөөр хооллоод орой очихдоо өлсөөд очиж, өглөө явахдаа халаасандаа ганц боорцог хийгээд явж байхад УИХ-ын гишүүд, Сангийн яамныхан, эцэг эхчүүд дуугарсангүй.
Бидний хийсэн судалгаанаас харахад, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 9000 төгрөг болгож байж хүүхэд авах ёстой илчлэг, шим тэжээлээр хангагдаж байна.
Тиймээс төсвийн тодотголоор нэг өдрийн хоолны төсвийг 6000 төгрөг болгож өгөөч, эцэг эхчүүд өөрсдөө 3000 төгрөг хүртэл гаргаж хүүхдийнхээ төлөө хөрөнгө оруулалт хийгээсэй гэж хүсэж байна" гэв