Хаваржилт хүндэрсэн тул орон нутгийн СУРАГЧДЫН АМРАЛТАД өөрчлөлт оруулна
Хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан орон нутгийн сургууль, цэцэрлэгийн улирлын амралтын хуваарьт зохицуулалт хийхийг Улсын Онцгой комисс хурлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.
Тодруулбал, нийт нутгаар их хэмжээний цас орж хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан орон нутгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа, улирлын амралтын хуваарьт уян хатан зохицуулалт хийж, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болгожээ.
Энэ оны хоёрдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна.
Зудын нөхцөл байдалд үнэлгээ хийхэд таван аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 сум цагаанаар зудархуу нөхцөлд байдал үүсэж, нийт 13.5 мянган айл цасанд боогдож, 38.4 мянган км зам харгуй хаагдаад байна. Улсын хэмжээнд мөн өдрийн байдлаар 611 924 толгой мал хорогдсон бол Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод зэрэг аймагт хорогдол ихтэй байгаа талаар холбогдох албаныхан мэдээллээ.