Монголд цэцэрлэгийн нэг ангид 40, Солонгост 20 хүүхэд сурдаг
“Зууны мэдээ” сонины “Бид, Тэд” булангийн энэ удаагийн дугаарт цэцэрлэгийн үйлчилгээ Монголд болон Солонгос, Хятадад ямар байдаг талаар мэдээлэл бэлтгэлээ.
Янз бүрийн нэмэлт хөтөлбөр байдаггүй
Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 230 мянган хүүхэд бий. Өмнө нь хонон өнжин хүүхдээ улсын цэцэрлэгт бүртгүүлдэг байсан бол өнгөрсөн жилээс хувийн цэцэрлэгүүдэд хувьсах зардлыг нь төр олгож хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах болсон. Ингэснээр зарим хүүхэд хувийн цэцэрлэгт тодорхой төлбөр төлнө.
Харин улсынхад хуваарилагдсан бол үнэ төлбөргүй суралцана. Энэ тухай БЗД-ийн 14 хорооны Маргад-Эрдэнийн өргөө цэцэрлэгт хүүхдээ хамруулсан аав Б.Батдэлгэр “Манай охин гурван настай. Өнгөрсөн жил Маргад-Эрдэнийн өргөө цэцэрлэгт элссэн. Энэ цэцэрлэг өнгөрсөн жил 300 мянган төгрөг байсан бөгөөд талыг төрөөс хөнгөлж 150 мянган төгрөгөөр явсан.
Харин энэ жил төлбөр нь нэмэгдэж 350 болжээ. Төлбөрөө хөнгөлүүлж 180-аар явуулж байна. Анги нь хоёр багштай. 15 сурагчтай. Цөөн хүүхэдтэй болохоор ханиад, томуу хүрэх нь бага байдаг. Хоолны хувьд цэсийг нь урьдчилаад гаргадаг. Гэвч зарим өдөр цэснийхээ дагуу хоолоо өгдөггүй юм билээ. Хүүхэд хөгжүүлэх тал дээр дуу, шүлэг зааж, зураг зуруулдаг. Хувь хүний хөгжил рүү чиглэсэн хөтөлбөр байх хэрэгтэй юм шиг санагддаг” гэсэн юм.
Харин улсын цэцэрлэг хоёр багштай. Анги дүүргэлт нь 40 хүүхэдтэй байдаг. Хүүхдийн тооноос үүдэн амьсгалын замын халдварт өвчинд өртөх нь элбэг байдаг тухай улсын цэцэрлэгийн багш нар хэлж байлаа.
Янз бүрийн нэмэлт хөтөлбөр байдаггүй. Мөн бидний сайн мэдэх болжмор шүлгийг одоо ч заадаг хэвээрээ.
Солонгост 100 хоногтойгоос хүүхдийг цэцэрлэгт хамруулдаг
Солонгост 100 хоногтойгоос нь эхлэн хүүхдийг цэцэрлэгт хамруулдаг байна. Нас насны ангилалд нэг л тогтсон төлбөртэй. Солонгос улсын иргэн бол цэцэрлэгийн төлбөрийг улсаас 100 хувь даана. Зуны амралт гэж байдаггүй бөгөөд өвөл, зуны 7-14 хоногийн амралттай. Аав, ээж нь ажилтай цэцэрлэгт явуулах зайлшгүй шаардлагатай бол амралтын үеэрээ цэцэрлэгт хамруулж болно. Харин гадаад хүүхдүүд илүү өндөр төлбөртэй суралцдаг байна.
Тодруулбал, 0 настны анги 484 мянган вон, нэг настны анги 426 мянган вон, хоёр настны анги 353 мянган вон, 3-5 нас анги 260 мянган вонын төлбөртэй. Үүн дээр англи хэл, дүрслэх урлаг, хөгжим, биеийн тамир гэх мэт сургалтыг гадны байгууллагаас өөр багш нар ирж заах бөгөөд үүний төлбөр нь сард 50 мянган вон нэмэгдэнэ. Бүх цэцэрлэг нь англи хэл заадаг юм байна.
Энэ тухай Солонгос улсад амьдарч буй иргэн Б.Өлзийжаргал “Манай хүүхэд гурван настай. Цэцэрлэгийн дунд бүлэгт сурдаг. Солонгосын цэцэрлэг хүүхдийг зөвхөн хооллож, унтуулж, харах биш амьдралд нь зайлшгүй хэрэгтэй энгийн зүйлсийг зааж сургадаг. Өнөөдөр замын хөдөлгөөнөөс болгоомжлох, гарцаар хэрхэн гарах, автобусанд зөв сууж зорчих гэх мэт хичээл оржээ. Бас нэг авууштай зүйл нь хүүхдийн эрхийг дээдлэхээс гадна хүүхдийг жаахан гэлгүй маш их хүндэлж харьцдаг. Орой болгон таны хүүхэд өдөр цэцэрлэгтээ юу хийж ямар хичээл сонсож хэдэн удаа бие зассан нь хүртэл эцэг эх багш хоорондын харилцах дэвтэрт нь эсвэл хаалттай группэд нь зурагтай нь хамт орно. Хоолны цэсийг хоногоор нь бэлдээд урьдчилаад эцэг эх рүү нь явуулна. Анх цэцэрлэгт бүртгүүлэхэд нь л таны хүүхэд ямар нэгэн хүнснээс харшилдаг эсэхийг маш сайн тэмдэглэж авна. Асуудал гараад хүүхэд бэртвэл бэртсэн газрын зургийг явуулж заавал залгаж яагаад бэртсэн талаар тайлагнаад уучлал хүснэ. Нэмэлтээр биеийн тамир, хөгжим, англи хэл зэргийг заавал заадаг. Манай хүүхэд гуравхан настай хэр нь төгөлдөр хуур сайн тоглодог.
Мөн цэцэрлэг нь 09:00-17:00 цаг хүртэл хичээллэдэг. Цэцэрлэгийнх нь автобус өглөө авч, орой гэрт хүргэж өгдөг. Үндсэн төлбөр нь 375 мянган вон. Үүн дээр дуу хөгжим, биеийн тамир, англи хэлний нэмэлт төлбөр 58 мянган вон төлдөг. Харин илүү цаг нь 17:00-19:00 цагийн хооронд 2000 вон, 19:00 цагаас хойш 3200 вон байдаг” гэсэн юм.
Солонгост хувийн цэцэрлэгийн багш хүүхдийн харьцаа нь 0 насны анги нэг багшид гурван хүүхэд, нэг насны анги нэг багшид таван хүүхэд, хоёр насны анги нэг багшид долоон хүүхэд, гурван насны анги нэг багшид 15 хүүхэд, 4-5 насны анги нэг багшид 20 хүүхэд оногддог байна. Мөн цэцэрлэгт 11 өдрөөс дээш явбал хөнгөлөлт эдэлдэг байна. Тухайлбал, 6-10 өдөр явбал 50 хувь, 1-5өдөр явбал 25 хувийн төлбөрийн хөнгөлөлт эдэлдэг ажээ.
Хятад хүүхдүүд цэцэрлэгээ тараад заавал дугуйланд хамрагддаг
Хятадад 3-5 насны хүүхдийг цэцэрлэгт хамруулдаг. Хотхон бүр улсын болон хувийн цэцэрлэгтэй. Ажлын таван өдөр өглөө 08:00-17:00 цаг хүртэл хичээллэдэг. Улсын болон хувийн цэцэрлэг аль аль нь тодорхой хэмжээний төлбөртэй. Тодруулбал, наснаасаа хамаарч 4-8 мянган юанийн төлбөр төлдөг ажээ. Энэ тухай Хятад улсад амьдарч буй Монгол Улсын иргэн Б.Оюунсүрэн “Бид Бээжинд амьдардаг. Хүү маань дөрвөн настай. Бээжингийн улсын цэцэрлэгт явдаг. Таван мянган юанийн төлбөртэй. Анги нь 30 хүүхэдтэй. Хоёр багштай. Багш нар нь эцэг эхтэй харилцаа холбоо сайтай.
Тодруулбал, тухайн өдөр болсон бүх үйл явдлыг багш нь ангийнх нь групп чатад бичдэг. Мөн хүүхдээ авах үед өдөр идсэн хоолыг нь үзүүлэн хэлбэрээр харуулдаг. Манай хүүхэд ангийнхаа ганц гадаад сурагч нь. Гэхдээ гадаад гэж ялгаварлан гадуурхдаггүй. Харин ч илүү найрсаг ханддаг. Цэцэрлэгийнх нь хөтөлбөрт нь таеквондо, хөгжим, дуу, бүжиг, музейн үзвэр багтдаг. Хөгжим гэхэд гитар, төгөлдөр хуур заадаг.
Долоо хоногт нэг удаа музей үздэг. Харин хичээлийн болон ахуйн хэрэгслийг эцэг эх нь бэлдэж өгдөг. Хятадад хүүхдийг багаас нь бие даах чадварт сургадгаараа онцлог. Монголчуудын хувьд хүүхдээ их эрхлүүлдэг. Манай хүүхдийг багш нь эрх, бас дураараа байна гэдэг. Тиймээс биеэ даах тал дээр анхаарах хэрэгтэй гэсэн” гэв. Хятадын сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд хүнсний ногоо тариалахыг заадаг. Тиймээс боловсролын байгууллагууд нь хүнсний ногооны талбайтай байх стандартыг мөрдүүлдэг юм байна. Тэр ч байтугай заримдаа тэдгээрийг чанаж болгож өгдөг. Мөн цэцэрлэгийн сурагчид тараад ямар нэг нэмэлт сургалтад заавал хамрагдна. Ингэхдээ гадаад хэл, математик эсвэл спортын дугуйланд хамрагдна. Чөлөөт цаг буюу зүгээр байх цагийг хүүхдэд олгодоггүй ажээ.
Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин