АШУҮИС-д 7 орны 200 гаруй олон улсын ОЮУТАН суралцаж байна
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль 2021 оноос эхлэн Англи хэл дээр “Хүний их эмч” бэлтгэх 2+4 сургалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.
Тэгвэл тус сургуулийн хамт олон Хүний их эмч бэлтгэх англи хэл дээрх сургалтын хөтөлбөрийн чанарыг сайжруулах зорилгоор “Хүний их эмч бэлтгэх Англи хэл дээрх сургалтын чанар ба багшийн хөгжил” семинарыг өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Семинарыг нээж Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн Ерөнхий захирал Н.Хүрэлбаатар үг хэлж, Олон улсын боловсролын хамтын ажиллагааны холбооны ерөнхийлөгч И Жон Юүл, АНУ-ын Нью Токио Анагаах Ухааны Коллежийн захирал Кристиан Хонг, Гуанжугийн Шинжлэх ухаан, технологийн сургуулийн захирал Пак Ригил зэрэг олон улсад нэр хүндтэй их сургуулиуд болон коллежуудын хүндэт төлөөлөгч нар оролцлоо.
Хоёр өдөр үргэлжлэх “Хүний их эмч бэлтгэх Англи хэл дээрх сургалтын чанар ба багшийн хөгжил” семинарт Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн 100 гаруй багш, арга зүйчүдээс гадна Олон улсын боловсролын хамтын ажиллагааны холбоо, Америкийн нэгдсэн улсын Нью Токио Медикал Коллеж, Гуанжугийн Шинжлэх ухаан технологийн сургуулийн эрдэмтэн судлаач нарын төлөөлөл оролцож, харилцан туршлага солилцож, зөвлөмж боловсруулж хэрэгжүүлэх юм.
Англи хэлээр “Хүний их эмч” бэлтгэх сургалтын хөтөлбөрт Монгол оюутнуудаас гадна АНУ, БНСУ, Лаос, Орос Япон, Канад, Малайз зэрэг 7 орны 100 гаруй оюутан суралцаж байгаа юм. Эдгээр оюутнуудад монгол багш нараас гадна гадаадын доктор профессорууд хичээл заадаг байна.
Энэ талаар АШУҮИС-ийн захирал, АУ-ны доктор, профессор Н.Хүрэлбаатар:
Монгол Улсад анх удаа анагаахын төрөлжсөн нарийн мэргэжлийн чиглэлээр Англи хэл дээр хүний их эмч бэлтгэх сургалтыг явуулж, олон улсын эмч нарыг Монголд сургаж байна.
Энэ хүрээнд 2021 оноос эхлэн гадны оюутнуудыг сургаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар долоон орны 200 гаруй оюутнууд сурч байна. Үүнээс "Англи хэл дээр хүний их эмч бэлтгэх" хөтөлбөрт 100 оюутан хамрагдан суралцаж байна. Энэ жил мөн 20 гаруй оюутныг шинээр элсүүлэхээр төлөвлөж байна.
Эдгээр оюутнуудын хувьд төгсөөд өөрийнхөө эх оронд буюу АНУ, БНСУ, Японд очиж ажиллана. Ингэснээр АШУҮИС-ийн сургалтын хөтөлбөр олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байгаагаас гадна Монгол Улсын боловсролын салбарын түвшинг үнэлүүлж байгаа юм.
Манай сургууль 2022 онд дэлхийн шилдэг их сургуулиудын нэг болох зорилтын хүрээнд гадаадын магадлан итгэмжлэлд хүний их эмч,сувилагч болон нийгмийн эрүүл мэнд, судлаач бэлтгэх 3 хөтөлбөрөө амжилттай магадлан итгэмжлүүлсэн. Өөрөөр хэлбэл, АШУҮИС-д явагдаж байгаа дээрх 3 хөтөлбөрийг олон улсад хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг.
Цаашид нүүр ам судлал, эм зүй, жүдо бариа засал хөтөлбөрүүдийг гадаадад магадлан итгэмжлүүлэхээр ажиллаж байна.
АШУҮИС-ийн хувьд боловсон хүчин бодлогод түлхүү анхаарч ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн сургалтад хамрагдаж байгаа багш нар бүгд англи хэл дээр хичээл ордог гэдгээр давуу талтай юм.
Бид боловсон хүчнийг чадавхжуулах, сургалтын бааз өргөжүүлэх тал дээр дэвшил гаргаж, олон улсын жишигт нийцсэн их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлж байна. Энэ хүрээнд өнөөдөр 5 эмнэлэг, эрдэм шинжилгээ, судалгааны 5 хүрээлэнтэй болсон. Мөн 12 салбар сургууль, хөдөө орон нутагт 3 салбар, лицей сургууль болон ажилчдад зориулсан 2 цэцэрлэг гээд цогцоор нь хөгжүүлэн ажиллаж байна.
Энэ жил гадаадын болон дотоодын оюутнууд зуны эмнэлзүйн дадлага БНСУ-д хийсэн бөгөөд цаашид бид сургалтын хөтөлбөрөө илүү өргөжүүлэн эмнэлзүйн дадлага АНУ-д хийлгэхээр төлөвлөн ажиллаж байна" гэдгийг онцлов.
Олон улсын боловсролын хамтын ажиллагааны холбооны ерөнхийлөгч И Жон Юүл: Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн хэрэгжүүлж байгаа Англи хэл дээр “Хүний их эмч” бэлтгэх 2+4 хөтөлбөр гадаадын болон Монгол оюутнуудын олон улсын эмнэлгүүдэд ажиллах суурийг тавьж өгч байгаараа давуу талтай.
Олон улсын цөм хөтөлбөрийг бэлтгэхэд багш нарын үүрэг оролцоо чухал байдаг учраас Англи хэл дээр “Хүний их эмч” бэлтгэдэг багш нарыг чадваржуулах семинарыг зохион байгуулж байна. Англи хэл дээр “Хүний их эмч” бэлтгэх хөтөлбөр урт хугацаанд хэрэгжих учраас бид хамтын ажиллагааны хүрээнд олон улсын оюутнуудыг сонгон шалгаруулалтаар шалгаруулж Монгол улсын Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуульд суралцуулж байгаа.