ЭЕШ: Өнгөрсөн онтой харьцуулахад 800 оноо авсан шалгуулагчдын тоо буурчээ
Элсэлтийн Ерөнхий шалгалтын үр дүнг Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр мэдээллээ.
Боловсролын Үнэлгээний төвийн дарга Л.Ганбат “2023 оны ЭЕШ-ыг 47 шалгалтын байранд 2460 орчим коммисын гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулсан. Шалгалтад 34 462 шалгуулагч бүртгүүлснээс 31 874 нь хамрагдаж, шалгалтын ирц 92.6 хувьтай байв. Энэ жилийн тухайд хамгийн олон буюу 21 810 шалгуулагч математикийн хичээлээр шалгалт өгсөн. Харин хамгийн цөөн буюу 787 шалгуулагч Орос хэлний хичээлээр ЭЕШ өгсөн байна. Өмнөх жилтэй харьцуулахад найман хичээлийн шалгалтын дүн буурсан үзүүлэлттэй гарсан.
Элсэлтийн Ерөнхий шалгалтад хамрагдсан хүүхдүүдийн дүн, мэдээлэл Блокчейн системд бүртгэлтэй байгаа. Түүнчлэн их дээд сургуулиудад тус системд нэвтрэх эрхийг нь өгсөн бөгөөд эрхээр нэвтэрч, элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой. Маргаашаас их дээд сургуулийн элсэлт эхэлнэ.
Өнгөрсөн онд улсын хэмжээнд 800 оноо авсан 208 шалгуулагч байсан бол энэ жил 158 суралцагч хамгийн өндөр оноо авсан байна.
Хичээлээр нь ангилан авч үзвэл:
- Математикийн хичээл: 30
- Монгол хэл: 14
- Нийгмийн ухаан: 20
- Англи хэл: 33
- Орос хэл: 30
- Газарзүй: 1
- Физик: 11
- Хими: 9
- Биологи: 9
- Түүх: 1
Өнгөрсөн онд улсын хэмжээнд 1155 шалгуулагч дүн оноогоо дүйцүүлэх хүсэлт өгч байсан бол энэ жил 2020 болж өссөн байна. Энэ нь сурагчдын дундах олон улсын шалгалтыг өгөх сонирхол нэмэгдсэнтэй холбоотой.
"Энэ жил ЭЕШ-ын журам зөрчсөн тохиолдол гараагүй. Бүх хүүхэд бичиг баримтаа сайтар бүрдүүлээд, цагтаа ирсэн"
Мөн тэрээр "ЭЕШ-д шалгуулагчид, эцэг эхчүүд, багш нарын хандах хандлага нь өөрчлөгдөж байна. Энэ жил ЭЕШ-ын журмыг зөрчсөн буюу шалгалтын дүн оноогоо хүчингүйд тооцуулсан, шалгалтын байранд хориглох зүйлсийг авч орсон тохиолдол гараагүй. Улсын хэмжээнд нэг л тохиолдол гарсан.
Түүнчлэн шалгалтад хоцорч ирсэн хүүхэд маш цөөн байсан. Бүх хүүхэд бичиг баримтаа сайтар бүрдүүлээд цагтаа ирсэн” гэв.