“2024 оноос 3-4 дүгээр ангид англи хэлний хичээл заана“
Боловсролын багц хуульд бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь Англи хэл байна хэмээн заасан бөгөөд ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн өмчит бүх ЕБС-ийн 5-6 ангид Pearson English англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ.
Энэ талаар "Pearson" компанийн Монгол дахь төлөөлөгчийн газраас тодруулахад "Улсын бүх ЕБС-ийн 5-6 дугаар ангид энэ оны есдүгээр сарын 1-нээс Pearson English англи хэлний хөтөлбөрийг нэвтрүүлнэ.
Ирэх жилээс буюу 2024-2025 оны хичээлийн жилд 3-4 дүгээр ангид, 2025-2026 онд улсын хэмжээнд ЕБС-ийн бүх ангид Pearson English англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм" гэв.
Англи хэлний багш нар хүрэлцээтэй эсэх тухайд "Одоо англи хэлний хичээл зааж байгаа багш нарыг сургана. 2023 оны 1-6 дугаар сард Pearson English хөтөлбөрийг төрийн өмчит 38 сургууль дээр туршиж байх үед эдгээр сургуулийн багш нарыг гадаад мэргэжилтнүүд ирж сургасан. Орон нутгийн сургуулийн багш нар ч энэ сургалтад хамрагдсан.
Pearson English хөтөлбөр нь багшид зориулсан гарын авлагатай учир энэ дагуу хичээлээ заана. Наймдугаар сард дижитал платформоо хэрхэн ашиглах талаар багш нарт сургалт орно. Сурагчийн гүйцэтгэсэн даалгаврыг автоматаар засах хувилбартай" хэмээн тайлбарлалаа.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Английн "Pearson" компаниас англи хэлний хөтөлбөрийн платформыг авч туршилтаар 50 сургуульд нэвтрүүлж байна. Ирэх жил 5-6 дугаар ангид мөн англи хэлний шилдэг платформыг нэвтрүүлнэ. Цаашид гуравдугаар ангиас англи хэл заадаг болно" хэмээн мэдээлж байсан юм.
Эх сурвалж: IKON.MN
|