Азийн физикийн олимпиадын хүрэл медальт Л.Дөлгөөнийг 3 сая төгрөгөөр урамшууллаа
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан 23 дахь удаагийн Азийн Физикийн олимпиадаас хүрэл медаль хүртсэн 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн, физикийн багш Ж.Хатанбаатар болон олимпиадын хорооны багш нарыг хүлээн авч баяр хүргэлээ.
Азийн физикийн олимпиадад амжилттай оролцсон сурагч Л.Дөлгөөнийг 3 сая төгрөгөөр урамшуулсан бол 11 дүгээр сургуулийн физикийн багш Ж.Хатанбаатарт зөөврийн компьютер гардуулав. “Энэхүү медалийг төрийн өмчийн сургуулийн сурагч хүртэж байгаа нь хот хөдөөгийн, төрийн болон хувийн сургуулийн сургалтын чанар, сургалтын хэрэглэгдэхүүн, тогтолцооны ялгааг хурдан арилгах бүрэн боломжтойг харуулж байна” гэж сайд онцлов.
23 дахь удаагийн Азийн Физикийн олимпиадад зохион байгуулагч орны хувиар 16 сурагчтай хоёр баг бүрдүүлэн өрсөлдсөн. Үндэсний багийг МУИС-ийн багш Д.Улам-Оргих тэргүүтэй 4 багш дасгалжуулсан.
Уулзалтын үеэр олимпиадын бодлого боловсруулалт, бага ангиас нь эхлэн сурагчдыг байгалийн ухааны хичээлд дур сонирхолтой болгох, ментор багш бэлтгэх гээд олон сэдвээр санал солилцлоо.