Сурагчдаас хууль бус төлбөр, хураамж авахыг хориглож, санхүүгийн дарамт үүсгэхгүй байхыг зөвлөлөө

2023 оны 4 сарын 14

Боловсролын Ерөнхий Газраас сургуулийн удирдлагууд болон багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагч нарт зориулсан зөвлөмж гаргажээ.

Энэ хичээлийн жилийн сүүлийн улирал, хариуцлагатай сарууд үргэлжилж байгаатай холбоотойгоор дараах зөвлөмжийг хүргэж байна.

СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУДАД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ

-Сургалтын болон хичээлээс гадуурх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй нэмэлт ажил зохион байгуулахаас татгалзаарай.

-Багш нарыг батлагдсан сургалтын төлөвлөгөөний цаг, хичээл, сургалтаас бусад үйл ажиллагаанд хамруулж, нэмэлт ачаалал бүү үүсгээрэй.

-Хичээлийн судалгаа, ээлжит хичээлийн хэлэлцүүлэг хийж, багш нар аа сонсдог сайн жишиг тогтоогоорой.

-Хууль бус төлбөр, хураамжийг хориглож, эцэг эх, асран хамгаалагчид санхүүгийн дарамт, ачаалал үүсгэхгүй байхад анхаараарай.

-Эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог спорт, урлагийн наадмаар хязгаарладаг, үүний оролцоогоор хүүхдийг үнэлдэг уламжлалт арга хандлагыг өөрчлөөрэй.

-Хүүхдийн сурч хөгжих эрүүл, аюулгүй таатай орчин бүрдүүлээрэй.

БАГШ, АЖИЛТАНД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ

-Хүүхдийг бусадтай харьцуулахгүй байж, тэдний хөгжлийн ахиц дэвшлийг үнэлж, урамшуулаарай.

-Аливаа уралдаан, тэмцээнийг зохион байгуулахдаа хүүхдийг эрэмбэлж, байр эзлүүлэн медаль, өргөмжлөл өгөх зэргээр ялгаатай байдал үүсгэдэг уламжлалт арга хандлагаас татгалзаарай.

-Гэрийн даалгавар, бие даалтыг агуулга нөхөх, хоцрогдол арилгах арга хэлбэр гэж үзэж хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчид ачаалал бүү үүсгээрэй.

-Хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлог, чадвар, ялгаатай байдалд тохирсон даалгавар өгөөрэй.

-Сурлагын ялгаатай байдал, амьдралын боломж нөхцөлөөс нь шалтгаалан хүүхдийг алагчлах, ялгаатай байдал үүсэхээс сэргийлээрэй.

-Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд хүүхдийн эрүүл мэнд, сурлага, хүмүүжил, хичээл сургалтын үеийн цаг ашиглалтын талаарх мэдээллийг тогтмол хүргэж, зөвлөн тусалж, хамтран ажиллаарай.

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДАД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ

-Хүүхдийнхээ сургууль болон багштай холбогдож хүүхдийнхээ талаар асууж тодруулаарай /хэзээ ямар шалгалт яаж өгөх гэх мэт/

-Хүүхэдтэйгээ цаг гаргаж ярилцаарай. /шалгалтдаа хэр санаа зовж байгааг асууж айдсыг нь багасгаж ярилцах/

-Сурах таатай орчныг нь бүрдүүлээрэй. /хичээлээ хий гэж үглэж, шахахаас илүүтэй үр дүнтэй хичээллэхэд нь туслах/

-Чадсан, сайн хийсэн зүйлийг нь анзаарч хараад урамшуулаарай

-Хүүхэд хичээл хийж байх үед дэргэд нь зурагт үзэж, гар утсаа оролдолгүй өөрийн зөв үйлдлээр дэмжээрэй.

ХҮҮХДЭД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ

-Төлөвлөгөөтэй хичээллэж цагаа үр дүнтэй ашиглаарай. /Ямар хичээлийг хэзээ, хэрхэн, хаана давтах вэ? гэдгээ төлөвлөн гаргаж өдөр бүрд, тэнцүү ачаалалтайгаар хуваарилаарай.Ингэснээр хэт их ачаалал авалгүйгээр, үр дүнтэйгээр хичээллэж болох юм./

-Хичээл давтахад тохиромжтой орчныг сонгоорой. /Орондоо, буйдан, зөөлөн сандал зэрэгт сунаж хэвтээд хичээл давтах нь анхаарал төвлөрүүлэхэд саад болдог./

-Суралцах тохиромжтой аргыг сонгоорой. /Сэдвээ цээжлэхээс илүүтэй уялдаа холбоог нь олох, үр дүнг нь тооцох, гол санааг нь ойлгоход анхаараарай./

-Сайн унтаж амраарай /Энэ нь таны тархийг цэнэглэж, сурсан зүйлээ санахад тань тусална. Ингэхдээ өдөр бүр тогтсон нэг цагт унтах, босохыг хичээгээрэй./

-Бусдаас тусламж хүсээрэй /Хэрвээ чамд тусламж хэрэгтэй бол эцэг эх, асран хамгаалагч, багш, сэтгэл зүйч, нийгмийн ажилтандаа хандаарай/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646159
0 эможи

keyboard_arrow_up