Боловсролын зээлийн сангийн жагсаалтыг задлахдаа хүний эрхийг НОЦТОЙ ЗӨРЧЛӨӨ

2023 оны 3 сарын 27

Arslan.mn

Өнгөрсөн долоо хоногт дуулиан болсон нэг сэдэв бий. Боловсролын зээлийн сангаас төлбөрөө гаргуулж гадаадад сурсан хүмүүсийн мэдээлэл задрав. Эхлээд хэдэн хүний нэр ус, зураг сэлтийг, үр хүүхдийнхтэй нь зарлаж нийтээрээ балбав. Ер нь бол сангийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан бол хариуцлага ярих ёстой. ЖДҮ шиг өнгөрөөгөөд байж хэрхэвч болохгүй. Түүнтэй л адил, Боловсролын зээлийн сангийн шаардлагыг хангаагүй улстөрч, бизнесмэн, улс төрд нөлөө бүхий этгээдүүд, хууль хяналтын байгууллагын удирдлагуудын ах дүү, үр хүүхдүүдэд санхүүжилт олгож болохгүй.

Хэрвээ хууль бусаар санхүүжилт авсан бол буцааж төлүүлэх нь зүй ёсны хэрэг. Олон нийт ч үүнийг шаардах ёстой. Тэр байтугай, зөвхөн энэ сангийн ч биш бүх сангийн санхүүг шалгах цаг нь болсон юм. Гэтэл дээрх “акц”-ны зорилго бүтсэн үү, яасан, сүүлдээ Боловсролын зээлийн санд хандаж, тэндээс зээл авсан бүх хүнийг зарлав. Хамгийн гол нь уг сангаас зээл авсан 1900 гаруй хүний регистрийн дугаартай мэдээллийг тараачихсан байгаа юм. Үүнээс болоод өөрийн мэдлэг чадвараар шаардлагаа хангаад тус сангийн зээлд хамрагдсан бусад хүн хохирчихож байгаа юм. Тэр мэдээлэл хэн нэгэн Дорж, Дондогийн гар дээрээс гарч ирээгүй байна. Хариуцсан яамнаас гарсан байх юм. Энэ үйлдэл нь хамгийн түрүүнд Үндсэн хуулийн “...Хүний эрх, эрх чөлөө” хэмээх хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 7-д заасан “...Сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно” гэснийг, дээрх зүйлийн 17-д заасан “...Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” гэснийг зөрчсөн байна. Бас Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчжээ. Уг хуулийн 4.1.11-т “...”хүний хувийн мэдээлэл” гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хэлнэ” гэж заасан. Мөн 6.2-т “...Төрийн байгууллага дараах тохиолдолд мэдээллийг ашиглана” гээд 6.2.1-т “...мэдээллийн эзний зөвшөөрлөөр”, 6.2.2-т “...хуульд заасан үндэслэлээр”, 6.2.3-т “...мэдээллийн эзний амь нас, бие махбод, эрх, эрх чөлөө, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах”, 6.2.4-т “...бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх”, 6.2.5-т “...хүнийг тодорхойлох боломжгүй болгож түүх, эрдэм шинжилгээ, урлаг, утга зохиолын бүтээл туурвих, статистикийн мэдээлэл бэлтгэх” гэж заасан. Эдгээрийг шууд зөрчсөн. Өөр зүйл, заалтууд ч байна. Тэгэхээр дээрх 1900 гаруй хүн эрх нь зөрчигдсөн гэж үзвэл энэ хуулийн 28 дугаар зүйлд заасанчлан ХЭҮК, бас Захиргааны хэргийн шүүхэд хандах хэрэгтэй. Түүнчлэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 9.3-т “...Энэ хуулийн 9.2.1, 9.2.2-т зааснаас бусад хүн, хуулийн этгээдэд хамаарах хязгаарлалттай мэдээллийг хуульд заасан үндэслэл, журам, эсхүл мэдээллийн эзний зөвшөөрлөөр танилцах, ашиглах, эсхүл гуравдагч этгээдэд дамжуулна” гэх мэт хэд хэдэн зүйл, заалтыг зөрчжээ.

Гэтэл хувь хүний нууцыг иргэний үнэмлэх, регистрийн дугаараар олж авах боломжтой гэдэг. Тиймээс иргэний регистрийн дугаараа онц шаардлагагүй бол бусдад хэлж өгөхгүй байх, олон хүний дунд хэлэхээс зайлсхийхийг холбогдох цагдаа, бусад холбогдох байгууллагуудаас анхааруулсаар байгаа юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645673
0 эможи

keyboard_arrow_up