Отгонтэнгэр их сургууль ЕБС-иудын боловсролын сэтгэл зүйч, сурагчдад чиглэсэн “СЭТГЭЛЭЭ НЭЭ” АЯНЫГ хэрэгжүүлнэ
Отгонтэнгэр их сургууль, Нийслэлийн БЗД-ийн Боловсролын хэлтэс хамтран ЕБС-иудын Боловсролын сэтгэл зүйч, сурагчдад чиглэсэн “Сэтгэлээ нээ” аяныг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.
Монгол улсын Алсын хараа 2050 бодлогын баримт бичигт ЕБС-иудад сэтгэл зүйч ажиллуулах, сурагч болон багшид сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, суралцагчдад мэргэжлээ сонгох, ирээдүйгээ төлөвлөхөд нь зөвлөн туслах гэж заасан байдаг. Тус бодлогын баримт бичгийн хүрээнд Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан А/494, А/761-р тоот тушаал, БШУ-ны сайдын 2021 оны 7-р сарын 22-ны өдрийн “ЕБС-д сэтгэл зүйч ажиллуулах бэлтгэл ажлыг хангах” тухай А/266-р тушаалууд хэрэгжиж байгаа.
Үүнтэй уялдуулж Отгонтэнгэр их сургуулийн Сэтгэл зүйн төвөөс БЗД-ийн ЕБС-ийн Боловсролын сэтгэл зүйч нарт мэргэжил, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх, суралцагчдын сэтгэл зүйн тулгамдсан асуудал, хямрал бэрхшээлийг даван туулах, өөрийгөө таньж мэдэх, сэтгэл хөдлөлөө удирдах, бусадтай харилцах чиглэлээр сургалт зохион байгуулж, ментор оюутнуудыг ажиллуулах зэрэг тодорхой ажлуудыг хийхээр санамж бичгийн хүрээнд төлөвлөөд байна.
Манай улсад ЕБС-иудад Боловсролын сэтгэл зүйч ажиллаж эхэлж буй энэ үед төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд сургуульд ажиллаж буй сэтгэл зүйчдэд мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүд дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллах хэрэгцээ шаардлагыг ханган ажиллаж буй нэг томоохон ажил юм.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд хүүхдийн нийгэм-сэтгэл зүйн асуудал, эрсдэлийг илрүүлэх 2020 онд хийгдсэн судалгааны үр дүнд нийт сурагчдын талаас илүү хувь буюу 67.8% нь ганцаардаж, амьд харилцаа дутагдсан, мөн сурагчдын 84.2% нь дарамтлуулж, шоовдорлуулсан тохиолдолд хэнд хандахаа мэддэггүй үр дүнгийн тоон үзүүлэлт гарсан байна.