ЭЕШ-ын хоёр дахь удаагийн бүртгэл өнөөдөр 15:00 цагт улсын хэмжээнд эхэлнэ
Хоёр дахь удаагийн ЭЕШ-ын бүртгэл улс орон даяар өнөөдөр 15.00 цагт эхэлнэ.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/47 тоот тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон “Оюутан элсүүлэх журам”-ын дагуу Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулахаар тусгагдсан. ЭЕШ-ын бүртгэл 11 дүгээр сарын 21-ний 18.00 цагт хаагдана.
Энэ хугацаанд шалгуулагчид Eyesh.eec.mn цахим хаягаар бүртгүүлж шалгалт өгөх газраа өөрөө сонгох юм. Шалгалтын хураамж хичээл тус бүр 5,800 төгрөг байна.
ЭЕШ болон МХБШ-ийн батламж хуудсыг цахим хэлбэрт шилжүүлсэн бөгөөд БҮТ-ийн www.eec.mn сайт болон E-mongolia портал сайт, ТҮЦ машинаас шалгуулагч өөрөө хэвлэж авах боломжтой.
Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ.
Үүнд:
-Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг,
-Бүртгэлийн хуудас /Өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан Eyesh.eec.mn цахим хуудсанд нэвтрэн орж шалгуулагчийн булангаас авах. Бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авчирна/,
-Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан Eyesh.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/,
-Бүрэн дунд боловсролын гэрчилгээ,
Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл /ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас ...гэх мэт/ авч орохыг хориглоно.









