МҮИС нь 100 орчим хөтөлбөрийн ЗӨВШӨӨРӨЛ АВСАН Ч 200 хөтөлбөрөөр элсэлт авчээ
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан 13 их, дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалсан талаараа мэдээлсэн. Мөн төрийн өмчит найман их сургуульд нэр бүхий их, дээд сургуулиудыг нэгтгэсэн.
Тэгвэл, Л.Энх-Амгалан сайд нэмэлт мэдээлэл өгөх үеэрээ МҮИС буюу Монголын Үндэсний Их сургуулийн талаарх сэдвийг дахин хөндлөө.
Тэрбээр "Нэр давхардуулан ашиглаж буй асуудлаар нь би шүүхэд гомдол гаргасан, энэ бол оюуны хулгай. Шүүхээс эвлэрэх санал тавьсан. Би эвлэрэхгүй. Есдүгээр сарын 15-нөөс өмнө шуух хурал болохгүй хойшилсоор байвал шүүгч болон маргааны талаар баримт дэлгэнэ" гэсэн юм.
Мөн МҮИС нь БШУЯ-гаас 100 орчим хөтөлбөрийн зөвшөөрөл авсан ч 200 хөтөлбөрөөр элсэлт авчээ. Иймд 40 гаруй хөтөлбөрийг нь цуцалсан талаар БШУЯ-ны Дээд боловсролын газрын дарга Х.Тамир мэдээллээ.