МОХ: Оюутнууд халамж хүслээ гэнэ. Үнэх хэрэгтээ оюутнууд сурахынхаа хажуугаар хөдөлмөр эрхлэх боломж нь алга байна
Монголын Оюутны Холбоо (МОХ)-ноос Боловсролын сангийн зээл, оюутны эрүүл мэндийн даатгал зэрэг оюутанд тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийлээ.
Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Г.Анударь “Нийтийн тээврийн асуудлын хувьд 2022 оны байдлаар нийт суралцаж буй оюутнуудын 20 хүрэхгүй хувь нь Улаанбаатар смарт картыг авч ашигладаг. Оюутнууд сурч төлбөрөө төлөх үү, өдрийн хоол, автобусандаа суух уу, ном сурах бичгээ авах уу гэдэг асуудал үүсдэг тул нийтийн тээврээр зорчих эрхийг нь сард 44 удаа болгож өгөөч. Энэ хүсэлтийг удаа дараа тавьсан боловч шийдвэр гараагүй.
Ажлын байр их байна гэж ярьдаг. Оюутнууд сурахынхаа хажуугаар хөдөлмөр эрхэлье гээд ажил хайгаад, хийгээд явдаг. Очоод уулзахаар бүтэн цагаар ажиллах шаардлага тавьдаг. Тухайн оюутан бүтэн цагаар ажиллаж боломжгүй гэхээр цалинг нь олгодоггүй байх жишээтэй. Сүүлийн үед CU, G25 зэрэг гаднын компаниуд орж ирээд арай дээр болсон ч нийтээр нь харвал ихэнх нь бүтэн цагаар ажиллахыг шаарддаг.
Нийт оюутны 13,500 буюу 9 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаж шимтгэлээ төлсөн байна. Өмнө нь оюутны эрүүл мэндийн даатгалын асуудлыг улсаас даадаг байж байгаад оюутан өөрөө төлдөг болсон. Сүүлийн дөрвөн жил оюутнууд даатгалдаа хамрагдаагүй өр үүсчихсэн асуудал байна. Оюутнууд халамж хүслээ, бэлэнчлэх сэтгэлгээтэй байна гэдэг. Үнэн хэрэгтээ хөдөлмөр эрхлэлтийн хэмжээ бодит нөхцөл нь алга байна" гэв.