Биеийн халуун 37 ба түүнээс дээш хэм байвал тусгаарлах өрөөнд оруулна
Элсэлтийн ерөнхий шалгалт наймдугаар сарын 19-22-нд болно. Иймд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ЭЕШ-ын бэлтгэл ажилд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийсэн байна.
Энэ удаагийн ЭЕШ цар тахлаас үүдэн хойшлогдсон учир шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудаст дахин хандан суудлын хуваариа шинээр хэвлэж авахыг мэдэгдэж байна.
Шалгалт өгөх хүүхдүүдээс вакцинд хамрагдсаныг нотлох гэрчилгээ, өвчлөөд эдгэсэн магадалгаа, шинжилгээний хариу шаардахгүй. Бүртгүүлсэн бүх хүүхэд шалгалт өгөх боломжтой бөгөөд шалгуулагчдаас зөвхөн иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх гэсэн 4 төрлийн бичиг баримт шаардах юм байна.
НМХГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, "Шалгалтын төвүүдэд хяналт шалгалт хийхэд нэр бүхий сургуулиуд анги танхимд цэвэрлэгээ хийж, мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэсэн байна.
Шалгалтын төвийн нэг ангид 10-15 шалгуулагч хоорондоо 1.5-2 метр зайтай суух боломжийг бүрдүүлэн ширээг байрлуулсан. Сэжигтэй тохиолдол илэрвэл тусгаарлах өрөөнд оруулж, шалгалтыг үргэлжлүүлэх боломжийг хангаж, хаягжуулсан байна.
Мөн шалгуулагчдыг анги танхимуудад орох, гарах үед бөөгнөрөл үүсгэхгүй байх тал дээр зохицуулалт, зураглал хийж бэлэн байдлыг хангуулсан.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалтын явцад шалгалтын төв болох 41 сургуульд зөвлөн туслах чиглэлийн үйлчилгээ үзүүлсэн.
Шалгалтын байрны орох хэсэгт спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах, халдваргүйжүүлэх бодисын нөөцийг бэлтгэх, шалгуулагчийн биеийн халууныг үзэж, амны хаалтаа зүүсэн эсэхийг шалгаж нэвтрүүлэх, шалгалтыг зохион байгуулан ажиллаж буй багш, ажилтнуудыг халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах, нэг удаагийн хувцас хэрэглэл ө зэрэг зөвлөмжийг өгсөн.
Мөн шалгалт өгөх хүүхдийн биеийн халуун 37 ба түүнээс дээш хэм байвал тусгаарлах өрөөнд оруулан, ЭЕШ өгөх боломжийг олгох нь зөв" гэлээ.
ЭЕШ-ын үеэр коронавирусний халдвараар өвчилж, эмнэлэгт хэвтэж байгаа, эсвэл гэртээ тусгаарлагдсан хүүхдүүд 9 дүгээр сарын 2-5-нд шалгалт өгнө. Энэ тохиолдолд хүүхдүүдээс эмчийн магадалгаа шаардана. Өөрөөр хэлбэл, коронавирусний улмаас хамрагдаж чадаагүй хүүхдэд зориулсан шалгалтыг дахин зохион байгуулна. Ингэснээр бүх хүүхэд их, дээд сургуульд элсэх боломж бүрдэх аж.