Отгонтэнгэр Их Сургууль Канад улсын судалгааны №1 коллеж, Ниагара Коллежтой урт хугацааны харилцан ойлголцох санамж бичиг байгууллаа
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 100% онлайнаар явагдаж тус үйл ажиллагаанд сургуулиудын удирдлага, төлөөлөгчдөөс гадна Канад Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд хатагтай Катрин Ивкоф оролцон, хоёр орны цаашдын боловсролын солилцоо, үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийллээ. Мөн тэрээр хэлэхдээ хэдий Канад болон Монгол улс газар нутгийн хувьд алслагдан оршдог ч хоорондын үйл ажиллагаа тогтвортой сайжирсаар ирснийг дурдаж, дэлхий даяар тархсан цар тахлын үед хамтын ажиллагаа эхлүүлэн, цаашид хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх гэж буй талуудад амжилт хүслээ.
Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар цаашид сургууль хоорондын заасан хөтөлбөрүүдэд сурагч болон багш ажилчид солилцох, давхар зэрэг олгох 3+1, 2+2, 1+1 зэрэг хөтөлбөрүүд хэрэгжүүлэх олон боломж нээгдэж байгаа юм. Давуу талуудаас дурдахад давхар зэргийн хөтөлбөрт хамрагдсан Отгонтэнгэр Их Сургуулийн оюутнуудад үүсэх бас нэгэн давуу тал нь Ниагара Коллежийн зүгээс $2000 тэтгэлэг, Отгонтэнгэр Их сургуулийн зүгээс оюутнуудын Канад дахь сургалтад зориулж оюутан бүрд сургалтын төлбөрийн 15%-н тэтгэлэг тус тус олгогдохоор тусгагдсан байна. Үүнээс гадна хамтын ажиллагааг эхлүүлснийг тэмдэглэж Ниагара Коллежийн зүгээс Отгонтэнгэр Их Сургуулийн 10 оюутныг өөрсдийн зуны Англи хэлний бэлтгэлийн онлайн хөтөлбөрт 100% тэтгэлэгтэй хамруулахаар болсон байна.
Ниагара Коллежийг товч танилцуулахад тус сургууль нь дэлхийн 110 гаруй орноос элсэлт авдаг Канад улсын топ глобал коллежуудын нэг бөгөөд нийт 130 гаруй хөтөлбөрүүдийг санал болгодог. Канад улсад 3, олон улсад 3 салбар сургуулиудтай, инновацилог хөтөлбөрүүдээрээ танигдсан сургууль юм.
Холбоо барих:
Отгонтэнгэр Их Сургууль: info@otgontenger.edu.mn
Ниагара Коллежийн Төв Ази дахь төлөөлөгч: ubat@niagaracollege.ca
https://international.niagaracollege.ca/